Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Гацууртын ордыг олборлох эсэх эцсийн шийдвэрийг хэн гаргах вэ?

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

“Ноён уулын эргэн тойронд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд боллоо. Тус хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн тамгын газраас зохион байгуулсан бөгөөд Уул уурхайн сайд Р.Жигжид, Татварын ерөнхий газрын төлөөлөл, Шинжлэх ухааны академи, “Сентерра Голд” компанийн удирдлагууд, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүд оролцсон. 

Хэлэлцүүлгээр Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Ноён уулыг тойрсон асуудлаар төрийн төлөөлөл болон эрдэмтэд, иргэд үгээ хэлж санал бодлоо солилцсон юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Ноён уулын орчимд ашигт малтмал олборлохтой холбоотойгоор өөр өөр байр суурь баримталж байгаа талуудыг хэлэлцүүлэгтээ урьсан. 

Тэрбээр “Энэ хэлэлцүүлгийг зохион байгуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэг болгосон. Энэ хэлэлцүүлэг маш үр дүнтэй боллоо гэж би бодож байна. Гацууртын ордыг олборлоход шаардлагатай бүх судалгааг хийгээгүй, нутгийн ард иргэдээс зөвшөөрөл аваагүй юм байна гэдгийг ойлголоо.

Уул уурхайн яам олборлолт хийх зөвшөөрөл өгсөн, ард түмний өмнө хариуцлага хүлээх ёстой хүмүүс. Нөгөө талаасаа хөрөнгө оруулагчид буяны байгууллага биш, ашиг олох гэж байгаа. Гэхдээ шударга хариуцлагатай, ил тод уул уурхайг эрхэлбэл монголчууд гадны хүмүүсийг ад үзээд байдаг улс биш. Харилцан ашигтай байвал за гэвэл ёо үгүй байж чадна. Өмнө хийж байсан алдаа оноотой зүйл байгааг бид бүгд мэднэ. Цаашдаа монголын төр алдаагаа давтахгүй, эрдэмтэн, мэргэд мэргэжлийн хүмүүсийнхээ санаа бодлыг сонсоод ажлаа явуулдаг болох хэрэгтэй” гэлээ.


Р.Жигжид: Уул, уурхайн яам Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж байгаа

/Уул, уурхайн сайд Р.Жигжид/ 

“Бид төр засгийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Өнөөдөр олон нийтийн анхааралд өртөөд байгаа Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулан, ашиглахтай холбоотой асуудлаар талуудыг байлцан хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаад баяртай байна.

Манай яам Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ үйл ажиллагааг явуулж байгаа. 2007 онд гаргасан УИХ-ын тогтоолын дагуу үүргээ биелүүлж байна. Засгийн газар эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр багагүй ажил хийж байгаа. Ялангуяа энэ салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох тал дээр сүүлийн хоёр жилийн туршид олон ажил хийж гүйцэтгэсэн.

Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлоготой болсон. Түүнтэй уялдуулаад Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Эдийн засаг хүнд байгаа энэ үед бид нөөц бололцоогоо зөв ашиглах, эрдэс баялгаа эдийн засгийн эргэлтэд оновчтой оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ чиглэлээр манай яам хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зарчмаар ажиллаж байна. 


н.Оргодол: Гацууртын уурхайн талбайд түүхэн олдвор булш бунхан тогтоогдоогүй

/“Сентерра Голд” компанийн Боловсруулах үйлдвэрлэл эрхэлсэн захирал н.Оргодол/ 

Ноён уул уурхайгаас 4.6 км-т байрладаг. Манай зүгээс археологийн судалгааг хоёр үе шаттай хийсэн. Гацууртын уурхайн талбай болон орон нутгийн замын дагуу эртний түүхэн олдвор булш бунхан тогтоогдоогүй. Ноён уул уул уурхайн олборлолтод өртөхгүй хол зайтай байгаа.

Энэ төслийг хэрэгжүүлэхэд 535 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Баяжуулах үйлдвэр есөн жилийн хугацаанд 42 тонн алт, 3.7 тонн мөнгө үйлдвэрлэнэ. Уурхай өдөр шөнө, өвөл, зунгүй ажиллана. Жилдээ нэг сая 750 мянган тонн хүдэр боловсруулна.

Ил уурхай, хүдрийн овоолго, засварын цех, боловсруулах үйлдвэр болон бусад барилга байгууламжаас бүрдэнэ. Исэлтгүй хүдэр, анхдагч хүдэр бий. 80 гаруй хувь нь анхдагч хүдэр учраас боловсруулахад хүнд гэж үздэг.

Тус ордыг ашигласнаар 1,000 гаруй ажлын байр бий болно. Дотоодын 20 гаруй компанитай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж ажиллана. 


н.Эрдэнэ-Очир: Ноён уулын орчимд 230 булш бий

/Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийн шинжлэх ухааны ажилтан н.Эрдэнэ-Очир/ 

Манай археологийн төв Монгол Улсад археологийн судалгааг дагнан  явуулдаг үндсэн байгууллага. Ноён уул Хэнтийн нурууны үргэлжлэл олон бэсрэг уулсаас бүрдсэн. Хоёр аймаг, гурван сумын нутгийг дамнан оршиж байгаа том нуруу.

 

Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газар Сүжигт, Зурамт, Хужирт гэсэн гурван аманд оршдог. Сүжигтийн ам нь төв аймгийн бор нуур суманд бий.  Хужирт, Зурамтын ам Төв аймгийн Батсүмэр аймгийн нутагт оршдог.

Анх 1912 онд Хүннүгийн булш илэрсэн байдаг. 1924-1925 онд аялагч П.К.Козлов хэд хэдэн булш малтан, судалсан. Дараа нь Оросын судлаачид малтсан. 1950,1960-аад оны үед манай ууган археологич Наваан, Доржсүрэн нар судалсан.

2006-2012 оны хооронд Монгол, Оросын хамтарсан төсөл ажиллаж дөрвөн язгууртны булшийг шинжлэх ухааны өнөөгийн түвшинд судалсан. Энэ гурван аманд нийт 230 булш, дурсгал бий.

2012 онд Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэн эдгээр дурсгалуудын хилийн бүсийг тогтоож, улсын хамгаалалтад авсан. 2014 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр өргөн барьсан. Ноён уулын хувьд хатуу хөрстэй. Гацууртын ордтой хамгийн ойр Сүжигтийн амны дурсгал байгаа. Үүнээс баруун хойд зүгт 5.8 км-т “Сентерра Голд” компанийн хайгуулын зах бий. Олборлолтын цэг хүртэл 11 км. 


Х.Бээжин: Дэлхийн хүн төрөлхтний өмнө ногоон терроризм хийх аюултай

/“Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Х.Бээжин/ 

2005 оны арванхоёрдугаар сард сумын иргэдийн хурлаар Ноён уул орчмын 31,500 га газрыг тусгай хамгаалалтад авсан. Сумын иргэдийн хурлын энэ шийдвэрийг Ерөнхийлөгч, УИХ-ын хэн нь ч өөрчлөх эрх байхгүй. Хамгаалалтдаа авчихсан байхад 2005 оноос хойш хайгуул хийсэн.

2009 онд авсан Ноён уулын зураг маш их модтой байгаа. 2014 онд авсан зурган дээр нь мод нь байхгүй болсон. Урт нэртэй хууль гарснаас хойш ямар их хууль зөрчсөнийг үүнээс харж болно.

Гацууртаас есөн сая тонн ширхэг чулуулаг байгаль дээр гарах юм байна. Энэ нь сульфаттай чулуу. Сульфаттай чулууг ил гаргаж тавьсан тохиолдолд  бороо ороод урсаад Гацууртын гол руу орвол дамжаад Хараа, Ерөө гол руу орно. Ерөө гол бол Байгаль нуурын 67 хувийг усаар тэтгэдэг.

Байгаль нуур бол дэлхийн цэвэр усны 20, ОХУ-ын цэвэр усны 90 хувийг хангадаг нуур. Тэгэхээр энэ хор ууршаад тийшээ орвол дэлхийн хүн төрөлхтний өмнө ногоон терроризм хийх аюултай. Тиймээс энэ үйл ажиллагаагаа болих хэрэгтэй. 


Б.Лхагважав: Хуулийн дагуу Ноён уулыг ухуулах, үгүй шийдвэрийг УИХ-аас гаргах ёстой

/Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав/ 

 

Өнөөдрийн энэ маргаан өмчийн харилцаатай холбоотой. Манай улс төрийн өмч байна гэдгийг үндсэн хуулиндаа зааж өгсөн. Мөн хувийн буюу нийтийн өмчийг хүлээн зөвшөөрсөн.

1996 онд төр болон орон нутгийн өмчийн хууль баталсан. Энэ хуульд төрийн өмчийг олон нийтийн хамааралтай, төрийн өөрийн өмч гэж хоёр хуваасан. Энэ хуулийн хоёрдугаар зүйлд төрийн нийтийн хамааралтай төрийн нийтийн хамааралтай өмчид газар, газрын хэвлийн баялаг, ой мод дагалдах баялаг, ус дагалдах баялаг, археологийн зүйлс, хөшөө дурсгал, ургамал амьтан ордог.

Төрийн нийтийн хамааралтай өмчийг эзэмших, ашиглах эрх нь зөвхөн УИХ-д бий гэж заасан. Үүнтэй холбоотой харилцааг энэ хууль зохицуулахгүй гэсэн заалттай. 1996 оноос хойш төрийн нийтийн хамааралтай өмчийн хууль гаргаагүй. Энэ нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа хэрэг.

Өмчийн эрх зүйн талаасаа гол суурь хуулиа өнөөдөр хүртэл гаргаагүй байгаа учраас уул уурхайн баялаг, ашиглаж, эзэмшихэд  яах уу, мал аж ахуй, газрын хөрс ашиглаж байгаа нь яах уу гэдэг нь тодорхой бус. Тиймээс бид нэн яаралтай энэ хуулийг баталж гаргамаар байна. Энэ өмчийг УИХ эзэмших ашиглах эрхтэй  гэж хуульд заасан учраас энэ хэлэлцүүлэг өмчийн эзэн нь байхгүй хооронд ярьж байгаа яриа болоод байна.