Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Шийлэгдамба: Дутуу баригдсан барилгын гүйцэтгэгчтэй хийсэн гэрээг цуцлах ёстой

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Эрүүл Мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамба өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга байгууламжийн ажлын явцтай газар дээр нь очиж, танилцлаа.

Энэхүү ажлын бүрэлдэхүүнд ЭМСЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Оюунханд, Санхүү эдийн засгийн хэлтсийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Баярсайхан, Хууль эрхзүйн албаны дарга Н.Бат-Эрдэнэ, Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Оюунсүрэн, Нийтийн биеийн тамир, спортын бодлого бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Бакытжан, Санхүү эдийн засгийн хэлтсийн Барилгын хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Баянжаргал, Барилгын хөгжлийн төвийн холбогдох хяналтын инженерүүд болон бусад албаны хүмүүс багтсан юм.

Хан-Уул дүүрэгт баригдаж байсан 300 ортой төрөх эмнэлгийн барилга 

300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлын явц 68 хувьтай зогсчээ

Ажлын хэсгийнхэн эхлээд Хан-Уул дүүрэгт баригдаж байсан 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцсан. 

2010 онд эхэлсэн энэхүү барилгын гүйцэтгэгчээр “Нийслэл Өргөө” ХХК ажилласан аж. Хэдийгээр гэрээний үнийн дүнгийн 95,1 хувийг авсан боловч гүйцэтгэл 68 хувьтай байна. 2013 оны наймдугаар сараас барилгын угсралтын ажилд нэмэгдэл санхүүжилт шаардлагатай гэсэн шалтгаанаар барилгын ажил зогсоосон байна. 

Геронтологийн үндэсний төвийн 60 ортой эмнэлгийн барилга

Геронтологийн үндэсний төвийн 60 ортой барилгын гүйцэтгэл 48 хувьтай зогсчээ

Тус барилгын урд талд байрлах Геронтологийн үндэсний төвийн 60 ортой барилга барихаар 2011 онд шав тавьсан байна. Мөн л санхүүжилтынхаа 91 хувийг авсан ч барилгын ажил 48 хувьтай явагдаад л зогссон аж.

Энэхүү барилгын гүйцэтгэгчээр “Арвис интернэйшнл” ХХК ажилласан бөгөөд тэд барилгын гүйцэтгэл зогссон шалтгаанаа дэд бүтцийг шийдэж өгөөгүйтэй холбоотой хэмээн тайлбарлаж байжээ. 

Чингэлтэй дүүргийн Спорт цогцолбор

Чингэлтэй дүүрэгт баригдаж байгаа Спортын цогцолборын барилгын гүйцэтгэл 15 хувьтай зогсчээ

Ажлын хэсгийнхэний дараагийн очсон газар бол Чингэлтэй дүүрэгт баригдаж байгаа 1000 хүний суудалтай Спорт цогцолбор юм. Энэхүү барилгын гүйцэтгэгчээр мөн л “Нийслэл Өргөө” ХХК ажиллахаар гэрээ хийжээ. Уг нь 2015 оны намар барилгаа дуусгаж, хүлээлгэн өгнө гэсэн гэрээ хийсэн боловч өнөөдрийн байдлаар гүйцэтгэл нь 15 хувьтай байна

Эдгээр барилгатай танилцсаны дараа Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнөөдрийн ажлыг дүгнэж хэлэхдээ “Бид газар дээр нь ирж бодит байдлыг харж байна. Гэхдээ нөхцөл байдал ямар байгаа талаар маш тодорхой мэдээлэлтэй байгаа. Тэгэхээр бүх гүйцэтгэгчтэй хийсэн гэрээг цуцлах ёстой. Тэгээд эдгээр гүйцэтгэгч дээр Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газрын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой.

Харин дараагийн ээлжинд эдгээр барилгыг цааш нь үргэлжлүүлж, гүйцэтгэх ажлыг яаралтай зохион байгуулах хэрэгтэй. Тухайлбал Чингэлтэй дүүргийн Спорт цогцолборын барилгыг 2015 онд дуусгахаар гэрээ хийж 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авчихаад хийсэн ажил нь 500-800 сая төгрөгийн хооронд хийгдсэн гэсэн Аудитын дүгнэлт гарсан байгаа. 

Нөгөө нэг анхаарал татсан асуудал бол гүйцэтгэгч компаниуд энэ үйл ажиллагаа эрчимжээд ирэхээр өмч хөрөнгийг үрэгдүүлж, шамшигдуулах асуудал гарч байгаа. Тийм учраас эдгээр объектууд дээр харуул хамгаалалтыг чангатгах ёстой. 

Гэрээг цуцлах шаардлагатай хууль хяналтын байгууллагуудын асуудлыг цааш нь эрчимжүүлж тавих ёстой. Төрийн өмчөөр баригдаж байгаа Эрүүл мэнд, спортын салбарт ашиглалтад орох ёстой обеъктуудын ажлыг шуурхайлах тал дээр захиалагч талын хувьд ч, хяналт тавих ёстой байгууллагын хувьд ч тэр маш хариуцлагатай хандах шаардлагатай байна. Бид эргээд гүйцэтгэлийн явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, ард иргэдэд мэдээлэх болно” хэмээн хэлсэн юм.