Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Археологийн хүрээлэнгийн судлаачид 93 дурсгалыг авран хамгаалжээ

Г.Номин, iKon.mn
2015 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс 2014 онд хийсэн хээрийн судалгааны талаар мэдээллээ. Бие даасан үндэсний хээрийн судалгаа болон гадаадын судалгааны байгууллагуудтай хамтарсан судалгаа, авран хамгаалах судалгааны ажлын хүрээнд дараах чиглэлээр судалгаа хийжээ. 

  • Чулуун зэвсгийн үе
  • Хүрэл ба түрүү төмрийн үе 
  • Хүннүгийн үе
  • Дундад зууны үе

Үндэсний хээрийн шинжилгээ нь “Монголын чулуун зэвсгийн судалгаа”, “Монголын хүрэл ба түрүү төмрийн үеийн археологийн судалгааны тулгамдсан асуудлууд ба шинэлэг шийдлүүд”, “Хүннүгийн археологийн судалгаа” сэдэвт ажлын хүрээнд Булган, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь, Баянхонгор, Баян-Өлгий, Ховд, Увс, болон Завхан аймгийн нутагт явагджээ.

Мөн тус хүрээлэнгээс зарим дурсгалыг газар дээр нь очиж шалгах, сэргээн засварлалтын өмнөх бэлтгэл ажлыг хангах зорилготой үндэсний хээрийн шинжилгээний хоёр анги ажилласан байна.

Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Худгийн халзан хэмээх Жужаны үед холбогдох дурсгалт газар, Архангай, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Булган аймгийн нутагт орших зарим дурсгалт газарт хайгуул судалгаа, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дахь Хэрлэн Барс хотын туурийн суваргыг сэргээн засахтай холбогдуулан хэсэгчилсэн малтлагыг хийсэн юм. Эдгээр хээрийн шинжилгээний хугацааг нэгтгэн үзвэл нийт 61 өдрийн судалгаа болжээ.
  • Хамтарсан судалгааг ОХУ (1), ХБНГУ (2), ХБНГУ-Израил (1), БНСУ (3), Япон (6), Франц (2), АНУ (3), Монако (1) улсын судалгааны байгууллагуудтай хамтран явуулж нийт 19 судалгааны анги зохион байгуулсан нь Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай зэрэг 14 аймгийн, давхардсан тоогоор 35 сумын нутагт судалгаа хийжээ. Нийт хамтарсан судалгааны ангийн ажилласан хугацааг нэгтгэн тооцвол энэ онд 420 гаруй өдрийн хээрийн судалгааг гүйцэтгэжээ. 
Хүрээлэнгийн судлаачид 2014 онд нийт 65 удаагийн авран хамгаалах хайгуул судалгаа хийсний үр дүнд 40 талбайгаас 1361 тооны археологийн дурсгал шинээр илрүүлэн олж баримтжуулснаас гадна уул уурхайн болон усан цахилгаан станцын талбай, өндөр хүчдэл дамжуулах шугам, хатуу хучилттай замын трассын дагууд таван газарт малтлага судалгаа гүйцэтгэж нийт 93 дурсгалыг авран хамгаалсан байна.

Энэ оны хээрийн судалгааны үр дүнд соёлын өвийн дурсгалын мэдээллийн санг чамгүй нэмэгдүүлсний зэрэгцээ эх орны археологийн судалгааг шинэ эх хэрэглэгдэхүүнээр баяжуулжээ.

ШУА-ийн Археологийн хүрээлэн “МОНГОЛЫН АРХЕОЛОГИ–2014” эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 30-нд зохион байгуулах гэж байна. Эрдэм шинжилгээний бага хурал 13.00 цагт ШУА-ийн Нэгдсэн I байрны хурлын зааланд /Офицеруудын ордон/ болно.