Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

БҮХ НИЙТИЙН санал асуулга Бямба гарагийн өглөө 10.00 цагаас эхэлнэ

Б.Ану
2015 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр МҮОНТ-д өгсөн ярилцлагын үеэр БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА явуулах талаар ярьсан билээ. 

Тэрбээр "Бидэнд хоёр зам байна. Нэгт, Том төслүүдээ явуулах. Хоёрт, Хэрэглээгээ танах. Бид аль замаар явах вэ? Бүх нийтээр хэлэлцүүлэг явуулъя. 

1515-1111 дугаарт бүх операторын хэрэглэгч аль замаар явахыг мессэж бичээрэй. Бямба гарагаас эхлээд саналаа өгч, иргэд хэлэлцүүлэгт орох боломжтой болно. Санал асуулга дууссаны дараа ирэх Лхагва гарагт би дараагийн үгээ хэлнэ. Надад хоёр хувилбар хоёулаа бэлэн байна" гэсэн билээ. 

Тэгвэл өнөөдөр Засгийн газраас дараах зарыг албан ёсоор тараагаад байна. 

Энэхүү  ажлыг зохион байгуулах журам, техникийн нөхцлийн талаар Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газрын дарга Ц.Жадамбаа мэдээлэл хийлээ. Санал авах ажилд хяналт тавих ажлын хэсгийг байгуулсан бөгөөд хяналтын ажлын хэсэг нь харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудаар дамжуулан өгөх саналын үйл ажиллагаанд энэ сарын  31-нээс хоёрдугаар сарын 03-ны өдрүүдэд хяналт тавьж, ажлын тайланг саналын дүнгийн хамт хоёрдугаар сарын 04-ний өдөрт багтаан Засгийн Газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэх аж. 

Үүрэн холбооны сүлжээ эрхлэгчид иргэдийн саналыг 1515- 1111 тусгай дугаараар хүлээн авахын тулд санал асуулгын тестийг өөрийн сүлжээн дэх бүх хэрэглэгчдэд мессежээр илгээнэ. 

Саналын хариуг “1” эсвэл “2” гэсэн тэмдэгтээр хүлээн авах бөгөөд өөр хариулт ирсэн тохиолдолд саналыг хүчингүйд тооцно. 

Нэг дугаараас санал асуулгад зөвхөн нэг санал өгөх эрхтэй. 1515-1111 дугаарт мессеж илгээхэд үнэгүй бөгөөд таны гар утас нэгжгүй байсан ч мессеж явах боломжтой гэж  Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газрын дарга Ц.Жадамбаа хэллээ. 

Харин санал асуулга эхлэхээс 7 хоног буюу түүнээс бага хугацааны өмнө шинээр авсан дугаараас болон гадаадын үүрэн холбооны операторын хэрэглэгч санал өгөх боломжгүй аж. 

Олон нийтийн сүлжээгээр Ч.Сайханбилэгийг зоригтойгоор өөрийнхөө шийдлийг хэрэгжүүлж чадахгүй байна гэж шүүмжлэх хүн байгаа ч үнэхээр нэг удаадаа ард түмнээсээ асуух нь буруу зүйл биш юм гэж үзэх хүн ч цөөнгүй байна.

Харин нэг хэсэг нь Ерөнхий сайдын дэвшүүлээд буй хоёр асуултанд нь шүүмжлэл хэлээд буй. Тухайлбал, энэ хоёр арга замыг хоёуланг нь хослуулах бодлого барьж байж бид эдийн засгийн хүндрэлээс гарах ёстой гэж үзэх хүн ч цөөнгүй байгаа юм.