Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны горимд өөрчлөлт орлоо

О.Оюун-Эрдэнэ, iKon.mn
2015 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Монголын Хөрөнгийн Бирж

Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар 2013, 2014 онуудын үнэт цаасны зах зээлийн арилжааны хэмжээ, хөрвөх чадвар хангалтгүй байгааг хэлэлцсэн байна.

Мөн “Монголын хөрөнгийн бирж” ХК, “ҮЦТТТХТ” ХХК, МҮЦАЭХ-ны төлөөл бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн үнэт цаасны арилжааг идэвхжүүлэх, түүний хөрвөх чадварыг сайжруулах суурь нөхцлийг бүрдүүлэх үүднээс үнэт цаасны арилжааны төлбөр, тооцоог 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн “Т+1” горим буюу Хөрөнгийн бирж дээр арилжаа хийгдсэн өдрөөс хойш дараагийн ажлын өдөрт багтаан гүйцэтгэж байхаар шийдвэрлэлээ.

Тогтоолын заалтаар:

  • Үнэт цаасны арилжааны төлбөр тооцооны гүйцэтгэлийг баталгаажуулах,
     
  • Төлбөр, тооцооны эрсдэл үүсгэхгүй байх зорилгоор арилжааны банк дахь үнэт цаас худалдах,
     
  • Худалдан авах харилцагчийн тусгай дансанд үнэт цаасны төлбөрийг 100 хувь урьдчилан байршуулсны дараа захиалгыг Хөрөнгийн биржийн арилжааны системд оруулж байх,
     
  • Брокер, дилерийн компани үнэт цаасны төлбөр гүйцэтгэх нэгээс дээш тооны банкыг сонгох нөхцлийг хангах,
     
  • Төлбөрийн баталгааны сан болон барьцаа хөрөнгийн санд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг чөлөөлөхийг холбогдох байгууллагуудад тус тус үүрэг болгов. 
Энэхүү тогтоол батлагдсанаар үнэт цаасны зах зээлийн хөрвөх чадварыг өсгөх, арилжааны хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой бөгөөд цаашид төлбөр, тооцооны бие даасан бүтцийг бий болгож, кастодианы үйл ажиллагааг зах зээлд бүрэн нэвтрүүлснээр уг төлбөр тооцооны горимыг "Т+3" хүртэл хугацаагаар сунгах боломжтой аж.