Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ны ТУЗ хууль зөрчин цалин авч байжээ

Г.Номин, iKon.mn
2015 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай тус байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн танилцуулгыг сонсов. Тус ажлын хэсгийн ахлагч Д.Хаянхярваа гишүүн шалгалтын үр дүнгийн талаар уншиж сонсгосон.

Шалгалтын дүн

  • Стратегийн чухал ач холбогдол бүхий орд газарт түшиглэн төрийн өмчийн оролцоот ХК байгуулж, үйл ажиллагааг нь үр ашигтай удирдан зохион байгуулах, түүний өгөөжөөс ард иргэдэд хишиг хувь хүртээх чиглэлээр батлагдсан УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газар өнөөдрийг хүртэл бүрэн хангаж ажиллаагүй байна. 
     
  • Монгол Улсын Компанийн тухай хуулиар компанийг байгуулахад үүсгэн байгуулагч, эрх бүхий этгээдүүдийн зүгээс зайлшгүй шийдвэрлэсэн байх ёстой асуудлууд, гаргах шийдвэрүүдийн талаар нарийвчлан заасан байдаг боловч эдгээр асуудлуудтай холбоотой хуулийн заалтуудыг хэрэгжүүлэлгүй орхигдуулж  компанийг байгуулахдаа зөвхөн улсын бүртгэлд бүртгүүлж, дүрмийг батлах ажлаар дуусгавар болгосон байна. 
     
  • Хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг бүрдүүлэх, түүнийг санхүүгийн тайлан балансад бүртгэх ажил өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байгаагаас үүдэн төр, иргэдийн хувьцааны эзэмшил компанийн тайлан балансад бүртгэгдээгүй байна.

Мөн Засгийн газрын 2013 оны 409 дүгээр тогтоолоор компанийн хувьцаа эзэмших иргэдийн бүртгэлтэй холбоотой алдаа, зөрүүг арилгаж, иргэдийн хувьцааны эзэмшлийн бүртгэлийг 2014 оны нэгдүгээр улиралд багтаан дуусгах үүрэг даалгавар өгөгджээ.

Гэвч Засгийн газрын зүгээс тогтоолын  хэрэгжилтийг хангуулах талаар огт санаачлага гаргаагүй хандаж ирснээс хувьцаа эзэмшигчдийн бүртгэл өнөөдрийг хүртэл бүрэн хийгдэж дуусаагүй байна. Энэ нөхцөл байдал үүсэхэд дараах хүчин зүйл сөрөг нөлөө үзүүлжээ. Үүнд:

  1. "Таван толгой"-н ордын тусгай зөвшөөрлийг үнэлж компанийн тайлан балансад тусгах ажил хийгдээгүй;
     
  2. Аж ахуйн нэгж байгууллагуудын зүгээс тус компанийн хувьцааг худалдан авсан мөнгөн хөрөнгийг компанийн дансанд шилжүүлэлгүй “Хүний хөгжил сан”-д шилжүүлсэн нь хувьцааны бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид нийцүүлэх боломжгүй болгосон;
     
  3. Иргэдийн хувьцааг эргүүлэн худалдан авах Засгийн газрын зүгээс гаргасан шийдвэрийн дагуу хүсэлт гаргасан боловч мөнгөн хэлбэрээр хишиг хувь хүртэж чадаагүй иргэдийн хувьцааны бүртгэлийг хэрхэх талаарх эцсийн шийдвэрийг гаргаагүй орхигдуулсан зэрэг болно. 

“Эрдэнэс Таван толгой” ХК-д хийсэн шалгалтын ажлын явцад хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн ажиллах тал дээр дараах зөрчил дутагдлууд илэрлээ. Үүнд: 
 

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Төрийн өмчийн хороонд чиглэл болгосон хууль тогтоомжийн заалтыг тус тус зөрчин ТУЗ-ийн дарга 6.0 сая төгрөгийн, гишүүд нь 1.8 сая төгрөгийн цалин, урамшуулал авч иржээ.

Улмаар зөвхөн 2014 оны хагас жилийн байдлаар ТУЗ-ын гишүүдийн цалин, шагнал урамшуулал, бусад зардалд 170.8 сая төгрөг, томилолтын зардал 25.8 сая төгрөг, бичиг хэрэгт 346.9 мянган төгрөг, бусад зардалд 3.0 сая төгрөг нийт 199.9 сая төгрөгийн зарцуулсан байна.

Түүнчлэн ТУЗ-ын дарга, гишүүнээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болон Хууль эрх зүйн газрын дарга нар Засгийн газрын шийдвэрээ зөрчин ажиллаж байна.

  • “Эрдэнэс-Таван Толгой” ХК болон “TTJVCO” ХХК-ийн /Австралийн “Мак Махон холдинг”-ийн охин компани/ хооронд 2011 оны 10 сарын 13-ны өдөр 5 жилийн хугацаатай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-гээр гүйцэтгэгч талын хүлээсэн үүргийн үндсэн тоног төхөөрөмжийн санхүүжилтийн биелэлт 18%, техникийн бэлэн байдал 30-60%, ажилчдын сургалт дадлагажуулалт 27%, үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт 60%, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үзүүлэлт хангалтгүй, 1 м3 уулын цулын ажлын өртөг нь Цанхийн баруун уурхайн өртөгөөс дунджаар 2 дахин илүү буюу 2014 онд ойролцоогоор 100.0 орчим тэрбум төгрөгийн боломжит алдагдал хүлээх нөхцөл үүссэн зэрэг нь Австралийн “Мак Махон холдинг” компанитай байгуулсан гэрээг хянан шалгах шаардлагатай байна.
     
  • “Чалко” компанитай нэмэлт гэрээ хийсний үр дүнд 2014 оны 3-р улиралд индексийн дагуу тогтох үнэ 45.49 доллар болохоор байгаа бөгөөд энэ нь өнөөдрийн Цанхийн баруун уурхайгаас нийлүүлж буй нүүрсний үнээс дунджаар 10 орчим доллараар доогуур байна. Улмаар цаашид Хятадын зах зээлд нийлүүлэх “Чалко” компанийн нүүрс (Тавантолгойгоос авах нүүрс)-ний үнийн уналт нь зах зээлд үнэ унагах үр дагаварыг үүсгэх нөхцлийг бүрдүүлэх боломжтой гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэж байна.