Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

ХМТ Sony-гийн халдлагад Умард Солонгосыг буруутгалаа

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 12 сарын 20
IKON.MN
Зураг зураг

Холбооны Мөрдөх Товчоо Sony компаний сүлжээг хакердсан хэрэгт Умард Солонгос буруутай болохыг өчигдөр албан ёсоор зарлалаа.

Тэдний мэдэгдэлд дурдсанаар:

  • Энэ хэрэгт ашигласан програм нь өмнө нь ХМТ-ны илрүүлж байсан Умард Солонгосын мэргэжилтнүүдийн боловсруулсан код, алгоритм, дата устгах арга зэрэгтэй ижил төстэй байгаа.
  • Халдлага үйлдэхэд ашигласан дэд бүтэц, тухайлбал IP хаяг нь урьд нь Умард Солонгосоос гаралтай кибер халдлагатай холбогдож байсан тухай мэдээлэл ХМТ-д олдсон.
  • Халдлагад ашигласан програмын багаж хэрэгсэл нь өнгөрсөн оны гуравдугаар сард Өмнөд Солонгосын банк, мэдээллийн сүлжээ рүү халдахад ашиглагдсантай ижил байв. Уг халдлагыг тухайн үед Умард Солонгос зохион байгуулсныг тогтоож байсан.

Гэвч ХМТ-ныхон энэ халдлагын талаар олон зүйлийг мэдэж чадаагүй байгаагаа мөн хүлээн зөвшөөрчээ.

Бас энэхүү халдлага нь Хятадын хакеруудтай хамтарч хийгдсэн, эсвэл Хятадын серверүүдийг мөрөө буруулах зорилгоор ашигласан байж магадгүй гэжээ.


Обама Sony-г шүүмжлэв

 

Өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчид ерөнхийлөгч Барак Обамагаас киног гаргахыг зогсоосон нь хэр зөв байсан тухай асуухад:

Обама “Би тэдэнд тулгарсан асуудалд харамсаж байгаа ч тэднийг алдаа хийлээ гэж үзэж байна” гэлээ.

“Sony уг нь эхлээд надтай ярилцах байсан юм. Би тэдэнд иймэрхүү гэмт халдлагад өртсөний дараа ийм буруу үлгэр дууриал болох зүйл хийхгүй байхыг зөвлөх байлаа” гэжээ.


АНУ, Умард Солонгосыг Террорист улсуудын жагсаалтад оруулж болзошгүй боллоо

 

Wall Street Journal-д мэдээлснээр АНУ­-ын засаг захиргаа Умард Солонгосыг терроризмыг дэмждэг орнуудын хар жагсаалтад буцаан оруулах талаар судалж байгаа гэжээ.

Энэхүү хар жагсаалтад Умард Солонгос нь 2008 оныг хүртэл 20 орчим жил орж байсан юм.

Гэвч Жорж Бушийн засаг захиргаа Умардтай хийх цөмийн хэлэлцээрийг урагшлуулахын тулд хасч байжээ.

Хэрвээ жагсаалтад Умард Солонгос орвол Иран, Судан, Сири зэрэг орнуудтай нэг бүлэгт орох юм.


Sony Entertainment-ын CEO Майкл Линтоны мэдэгдэл

 

Өчигдөр орой Sony Entertainment-ын CEO Майкл Линтон CNN сувгаар Фарид Закариад ярилцлага өглөө.

Түүний хэлснээр Sony нь хакеруудад бууж өгсөн явдал болоогүй гэнэ.

Кино театрууд тэдэн дээр нэг нэгээрээ ирж киног гаргах боломжгүй гэдгээ мэдэгдсэн ажээ.

Харин энэ нь Sony-гийн санаа байгаагүй гэлээ. Нэгэнт гол кинотеатрын сүлжээнүүд татгалзсан учраас нээлтийг болиулахаас өөр арга байгаагүй гэнэ.

Майкл Линтон “Бид бууж өгөөгүй. Ерөнхийлөгч, хэвлэл мэдээлэл, олон нийт яг юу болсон талаар буруу ойлголттой байна” гэлээ.