Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путины 2014 оны хэвлэлийн бага хурлын ТОЙМ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины жил бүр сэтгүүлчдийн асуултад хариулдаг хэвлэлийн бага хурал 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Энэ удаа Оросын болон гадаадын нийлээд 1,259 сэтгүүлчид оролцлоо. Хурал гурван цаг үргэлжилсэн байна.

 

ОХУ-ын эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлын талаар

 

  • Оросын ДНБ-ий өсөлт өнгөрсөн 10 сарын хугацаанд 0.06-0.07 хувь орчим өсөлттэй байлаа.
  • Үйлдвэрлэлийн өсөлт 1.7 хувь байсан бол орон даяар ажилгүйдлийн түвшин нэлээд доогуур байсныг онцлов.
  • Шинэ төрөлт нэмэгдэж, нас баралтын тоо буурсан нь хүн ам зүйн нөхцөл байдал эерэг хандлагатай болсныг харуулж байна.
  • Мөн 2014 онд батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлснийг дурдсан ч тодорхой тоо баримт дэлгээгүй байна.
  • Хэдийгээр эдийн засагт үзүүлж байгаа гадаад хүчин зүйлсийн нөлөө байгаа ч Оросын эдийн засгийг төрөлжүүлэх талаар засгийн газар төдийлөн их зүйл хийж чадаагүйг хүлээн зөвшөөрлөө.

 

Эдийн засгийн хямралын талаар

 

  • Төв Банк болон засгийн газар одоо үргэлжилж байгаа валютын хямралын үед зөв бодлого барьж ажиллаж байгааг Путин онцлов.
  • Хэдийгээр газрын тосны үнэ унаж байгаа ч Оросын эдийн засаг өсөлт үзүүлэх болно гэлээ. Хамгийн муу тохиолдолд хоёр жил орчим хугацаанд энэ өсөлт хойшилж магадгүй. Гэхдээ “өсөлт бол гарцаагүй” гэж Путин мэдэгдэв.
  • Ямар ч тохиолдолд засгийн газар нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх болно гэлээ.
  • Путины хэлснээр түүний засгийн газарт 419 тэрбум долларын нөөц байгаа бөгөөд түүнийгээ үрэх төлөвлөгөө байхгүй гэлээ. Уг нөөц нь Оросын эдийн засгийг дэмжих болон эдийн засгийг төрөлжүүлэхэд зарцуулагдах гэнэ.
  • Төв Банк эдийн засгийн нөхцөл байдлыг бүрэн хянаж байгааг онцоллоо. Гэвч Төв Банк дангаараа бүгдийг үүрэх ёсгүй гэдгийг ч цохон тэмдэглэв.

 

ОХУ-ын Барууныхантай харилцах харилцааны талаар

 

  • Берлиний хана нуран унаад 25 жил болсон ч шинэ хана босч эхэлсэн. Энэ бол НАТО-гийн шинээр босгож байгаа үл үзэгдэгч хана.
  • Хүйтэн дайн дууссаны дараа Барууныхан ялагч мэт аашилж эхэлсэн. Өөрсдийгөө эзэнт гүрэн мэт, бусад улсыг хараат орон мэтээр аашилж эхэлснийг дурдлаа.
  • Украйнд дайтаж байгаа Оросууд бол хөлсний хүмүүс биш, тэдэнд хэн ч мөнгө төлөөгүй. Харин энэ бол Киевийн зүгээс зохион байгуулж байгаа залхаан цээрлүүлэх ажиллагаа юм.
  • Путин одоогийн эдийн засгийн нөхцөл байдал бол Крымийг авсны төлөө Оросын төлөх төлөөс биш юм гэлээ.
  • Украйнд нэгдмэл улс төрийн орон зай бий болгохын тулд дипломат арга замыг сонгох ёстой.
  • Путин: “Барууныхан баавгайг гинжлэхийг оролдож байна”
  • Оросын өмнө тулгараад байгаа асуудлуудын 25-30 орчим хувь нь хориг арга хэмжээтэй холбоотой. Өсөлт бий болгохын тулд эдийн засгийн бүтцээ шинэчлэх ёстой. Үүний төлөө Орос улс ажиллах болно, хэрвээ ингэж чадахгүй бол Орос орон Тэдди баавгай болно.
  • Зүүн Украйны асуудлыг зохицуулахад дипломат шийдэл олох хэрэгтэй.
  • Украйны хямралыг зохицуулахын тулд Минскийн гэрээг хэрэгжүүлэх ёстой. Харин Украйны цэрэг уг гэрээг биелүүлэхгүй буюу заагдсан бүс нутгаас гарахгүй байгааг хэллээ.
  • Путин “Хэрвээ Украйн газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хадгалахыг хүсвэл нутагтаа амьдарч байгаа хүн бүрийг хүндлэх ёстой” гэв.
  • Европт Оросоос хямдхан хий нийлүүлэх этгээд олдохгүй. Одоо бол Орос улс байгалийн хийн хоолойгоор дамжуулан Туркийн эдийн засгийг дэмжих болно.
  • Ходорковский ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийн талаар асуултад Путин “Ходорковский аль улсын ерөнхийлөгч болох гэсэн юм бол?” гэж хариуллаа.
  • Чечений БНУ-ын ерөнхийлөгч Рамзан Кадыров терроризмийн сэжигтнүүдийн гэр орны шатаана гэж мэдэгдсэн талаар асуултад хариуллаа. Путин энэ талаар шалгах болно гэв. Гэхдээ Израйлчууд хэрхэн өөрсдийнх нь эсрэг тэмцэгчдийн гэр орныг нураадгийг санууллаа. Мөн АНУ хэрхэн есөн сарын 11-ний хэргээс хойш “эрүү шүүлт” хэрэглэдэг болсныг дурдав. Путин “Америкт эрүүдэн шүүх явдал хуульчлагдсан байдаг гэдэгт та итгэх үү?” гэлээ.
  • Орос оронд өнгөт хувьсгал болохгүй. Учир нь ард түмэн засгийн газраа дэмждэг.
  • Орост “ордны хуйвалдаан” болохгүй. Орост ордон байхгүй, харин Кремль бий.
  • Европт явуулж байгаа Оросын цэргийн ажиллагааны талаар: Орос улс мөргөлдөөнийг хүсэхгүй, харин эрх ашигаа хүчтэй хамгаалах болно. Энэ нь Вашингтонд айдас төрүүлж байгаа байх.
  • АНУ цөмийн зэвсэгтэй стратегийн нислэгүүдийг үргэлжлүүлсээр байгаа бол ОХУ 90-ээд оноос эхлээд зогсоосон. Харин одоо Орос дахин ийм нислэгийг үйлдэж эхлээд байна.
  • Орост цөөн тооны гадаад дахь цэргийн бааз байдаг бол Америкчуудад дэлхийн хаа сайгүй байгаа. Пентагоны зэвсэглэлийн зардал Москвагийнхаас хэд дахин их. Энэ тооноос харахад хэн нь зөрчилдөөнийг хурцатгаж байгааг харж болно. Гэтэл хэн ч Оросын ашиг сонирхлыг хүндэтгэхийг хүсэхгүй байна.
  • Украйны хямралаас болж Барууныхан Орост эдийн засгийн хориг тавьсан нь Дэлхийн Худалдааны Байгууллагын дүрмийг зөрчсөн хууль бус явдал.
  • Гаалийн Холбооны хүрээн дэх хамтын ажиллагаа эерэг үр дүн үзүүлээд эхэлсэн. Бараа эргэлт 50 дахин өсч цаашид ч үргэлжлэн өсөх хандлагатай байна.
  • Хятад улс бол Оросын хамгийн том худалдааны түнш. Орос, Хятад улсууд маш олон нийтлэг сонирхолтой бөгөөд дэлхий нийтийн тогтвортой байдлын төлөө хамтдаа ихийг хийх боломжтой. Хоёр улс цөмийн эрчим хүч, сансар судлал болон нисэх хүчний чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.
  • Путины Орос дахь өндөр нэр хүнд, саяхан Оросын “Оны хүнд” өргөмжлөгдсөн талаар ийм байх нь түүнийг ганцаардуулдаг эсэхийг асуухад: Путин “Би хэзээ ч уйтгарлаж байгаагүй” гэлээ.
  • Газрын тосны үнийн уналт нь Оросын эсрэг АНУ болон Саудын Арабын хуйвалдаан биш биз гэсэн асуултад: Тийм хуйвалдаан байж ч магадгүй, байхгүй ч байж магадгүй. Гэхдээ АНУ-ын занарын хийн ашиглалт хэрхэн газрын тосны үнэнд нөлөөлөх вэ гэдгээс бусад асуудлаар АНУ болон ОПЕК-ын гишүүд нэгдмэл ашиг сонирхолтой байгаа нь гарцаагүй үнэн гэлээ.
  • Ираны цөмийн асуудлаар олон улсын ажлын хэсэг шийдэлд хүрэхэд тун ойрхон байгаа. Орос цөмийн цахилгаан станц байгуулж өгөх амлалтандаа хүрч үүргээ гүйцэтгэсэн. Москва ба Тегераны хороондын хамтын ажиллагаа үргэлжлэх болно.
  • Путин Тегеранд ойрын үед айлчлах магадлал өндөр байгааг мэдэгдлээ.
  • Дахин ерөнхийлөгчид нэр дэвших эсэх талаар: 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд хэн өрсөлдөхийг хэлэхэд эрт байна.
  • Эрчим хүчний үнийн уналтаар бий болсон шинэ орчинд Оросын эдийн засаг дасан зохицох болно.
  • Хэдийгээр өнөөдөр тулгарсан бэрхшээлүүд олон байгаа ч Орос орон эдийн засгийн хувьд ч, олон улсын тавцан дээр ч хүчтэй тоглогч хэвээр байх болно.

Эх сурвалж: RT.com