Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Украйны тухай АРВАН НАЙМАН баримт

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн жил гаруй хугацаанд Украйн улс дэлхий дахинд сөрөг дүр зургаар төсөөлөгдөх болсон  билээ. Тэгвэл энэ оронд сайн сайхан зүйлс зөндөө байдаг. Тэдгээрээс арван наймыг нь хүргэж байна.

  • Украйн бол Европ тивд хамгийн том нутагтай улс

Европ тив дэх хамгийн том газар нутагтай улс бол Украйн. 603,628 хавтгай дөрвөлжин км талбай нь Техасын нутаг дэвсгэрээс бага зэрэг жижиг ч Европын бүх улсуудаас том гэнэ.

  • Украйн дэлхийд анх Үндсэн хуультай болсон

1710 онд Украйны гетман Филип Орлик “Запорожийн дайчдын эрх чөлөөний тунхаг” хэмээх хуулийг санаачилж байв. Тухайн үедээ энэ нь дэвшилтэт үзэгдэл байсан ба засгийн газрын нийгмийн өмнө хүлээх үүргийг зохицуулж байсан байна. Зарим судлаачид энэ хуулийг дэлхийн анхны үндсэн хууль гэдэг. АНУ-ын Үндсэн хууль 1787 онд батлагдаж байсан бол Франц, Польшууд 1791 онд үндсэн хуулиа баталж байжээ.

  • Украйнд Европ тивийн төв цэг бий

Европын газарзүйн төв цэг Украйны Закарпатский мужид байдаг. 1887 онд түүнийг Австри-Унгарын эрдэмтэд тодорхойлж байжээ.

  • Summertime дуу нь Украйны бүүвэйн дуунаас эхтэй

Жорж Гершвиний зохиосон Summertime дуу нь дэлхийд танигдсан бүтээл. Түүнийг Украйны уламжлалт бүүвэйн дуу болох “Ой ходить син коло вiкон” дууны хувилбар гэж үздэг. Энэ дууг Украйны үндэсний найрал дуучид дуулдаг юм байна.

Үүнд гайхаад байх зүйлгүй, Гершвиний эцэг эх Одессоос гаралтай хүмүүс гэнэ.

  • Киевт дэлхийн хамгийн гүний метроны зогсоол бий

Метроны зогсоол Арсенальная нь 105 метрын газрын гүнд оршдог. 1960 онд байгуулагдсан энэ зогсоол нь Украйны парламентын байрны хашаатай зэрэгцэж байдаг гэнэ.

  • Украйн бол дэлхийн тэргүүлэгч үр тарианы экспортлогч

Нарийвчлан хэлбэл Украйн бол дэлхийд гуравт орох үр тарианы экспортлогч орон.

  • Киевт дэлхийд гуравт орох том Макдональдсын салбар бий

Уг түргэн хоолны салбар нь Киевийн төмөр замын вокзалд байрладаг гэнэ.

  • Украйн улс өөрийн санаачилгаар цөмийн зэвсгээсээ салсан

Украйн улс тусгаар тогтнож байх үед цөмийн зэвсгийн хэмжээ нь дэлхийд гуравт орохоор том байжээ. АНУ болон ОХУ-ын дараа орохоор. Харин украйнчууд түүнийг ОХУ-д шилжүүлснээр газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хангах баталгааг том гүрнүүдээс авсан юм.

  • Дэлхийд алдартай O Sole Mio дуу Одессд зохиогдсон

Хүмүүс энэ дууг Неаполийнх гэдэг. Учир нь анх энэ дууг Неаполийн урлагийн наадам дээр дуулж байж. Үнэндээ энэ дууг 1898 оны дөрөвдүгээр сард Эдуардо ди Капуа  Одесс хотноо зохиосон гэдэг. Дараа нь тэр дууны зохиогчийн эрхээ Bideri бичлэгийн компанид 25 лирээр зарсан ажээ.

  • Киевт дэлхийн хамгийн богинохон төв зам байдаг

Дэлхийн аль ч улсын нийслэлд Киевийнх шиг өргөн мөртлөө богинохон төв зам байдаггүй байх. Түүний урт нь ердөө 1.2 километр.

  • Украйнд Дорнод Европын анхны Их сургууль нээгдэж байсан

1576 онд Острожскийн академи нэртэй Дорнод Европын анхны их сургууль байгуулагдаж байв.

  • Украйнчууд боловсролын түвшнээр дэлхийд дөрөвт ордог

Украйнчуудын 99.4 хувь нь 15 насандаа уншиж бичиж сурсан байдаг. Украйнчуудын 70 хувь нь дундаас дээш боловсролтой. Украйнд 150 их дээд сургууль бий. 70 мянган эртэмтэн, 80 эрдэм шинжилгээний хүрээлэнтэй. Виталий болон Владимир Кличко нар хүртэл докторын зэрэгтэй.

  • Украйнчууд дэлхийн хамгийн хүнд онгоц зохион бүтээсэн

АН-225 Мрiя бол Киевийн инженерүүдийн бүтээл. Уг онгоцыг сансрын хөлөг болон пуужингийн хурдасгууруудыг тээвэрлэхэд зориулж бүтээжээ.

  • Украйн бол эртний соёл иргэншлийн өлгий

Дэлхийн хамгийн эртний соёл иргэншлүүдийн нэг Трипольскийн соёл иргэншил Украйны газар нутагт үүссэн. МЭӨ 5500-2750 онуудад Украйнд оршиж байсан неолитикийн археологийн соёл хамгийн өндөр хөгжилтэй нь байжээ.

  • Украйн хэл бол дэлхийн хамгийн сайхан хэл

1934 онд Парист болсон хэлний уралдааны шүүгчид ингэж шийдсэн юм. Тэгэхэд Украйн хэлийг дэлхийн хамгийн сайхан, сонсголонтой гурван хэлний нэгээр тодруулсан гэдэг. Нөгөө хоёр нь Франц болон Перс хэлүүд байв.

  • Киев бол дэлхийн хамгийн сайхан хот

Оросын алдарт зохиолч Михайл Булгаков нэгэнтээ ингэж хэлсэн байдаг. Тэр Киевийг дэлхийн хамгийн сайхан хот гэдэг байв.

  • Украйнд дэлхийн хамгийн том манганы хүдрийн орд бий

Украйны газрын хэвлийд дэлхийн бүх ашигт малтмалын таван хувь оршдог.

  • Украйнд дэлхийн хамгийн эртний homosapiens-ын буурь олдсон

Межирич тосгоны доорх малтлагаас 15 мянган жилийн өмнөх эртний хүний буурь олдож байжээ.

 

Эх сурвалж: lifter.com.ua