Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ.
Тэрбээр хурлын эхэнд "Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг давах, тогтворжуулахад чиглэсэн бодлого, хөтөлбөр боловсруулж байна. Үүний хүрээнд төрийн байгууллагуудын бүтэц бүрэлдэхүүн, зохион байгуулалтыг оновчтой болгох шат дараатай алхмууд хийнэ.
Төрийн үйлчилгээг төр бизнесийн түншлэлийн зарчмаар явуулах бодлогын шинэтгэлийг ирэх онд хийнэ.
Яам, агентлагууд дахь чиг үүргийн давхардлыг арилгаж, удирдлагын шат дамжлагыг цөөрүүлж эхлээд байгаа.
Төрийн үйлчилгээний ажилтнуудыг төрийн албан хаагчийн ангиллаас гаргах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг төр-бизнесийн түншлэлийн зарчмаар явуулах бодлогын шинэтгэлийг ирэх онд хийнэ.
Төрийн албанд хийх эдгээр шинэтгэлд төсөв зардал хэмнэх зарчмыг тууштай баримтална" гэж онцоллоо.
Орон нутгийн хөгжлийн сан болон Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн 2013 оны зарцуулалтад Үндэсний Аудитын газраас хийсэн аудитын тайланг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон.
Түүнчлэн, 5 саяас дээш дүнтэй хийсэн зарлага, гүйлгээ бүрээ ил тод мэдээлэх үүргийг төрийн байгууллагуудад хүлээлгэсэн.
Шилэн дансны тухай хууль ирэх оны эхнээс мөрдөгдөхтэй холбогдуулан албан хаагчиддаа мэдээлэл өгч сургаж дадлагажуулахыг аймаг, сумдын удирдлагуудад анхааруулсан юм.
Мөн орон нутагт тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаарх аймгийн Засаг дарга нарын асуултад хариулт, мэдээлэл өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.