Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Сайханбилэг сайдын анхны зангарга

Д.Энхтүвшин
2014 оны 11 сарын 28
MorninigNews.mn
Зураг зураг

Шинэхэн Ерөнхий сайдын гаргасан эхний шийдвэрүүд алдаа, оноог араасаа чирсээр аажуухан урагшилж л байна санж.

АТГ-ын дэд дарга Б.Хурцыг гэрлийн хурдаар ТЕГ-ын дарга болгоотохсон чинь өөрийнх нь намын эсэргүү гишүүдээс эхлээд, эрх баригчдын өө сэвийг хэзээ ямагт харуулдан суудаг сөрөг хүчнийхэнд сайхан далим болж, эхний ажлаасаа халагдаагүй хүнийг дараагийн ажилд дур мэдэн томилж, хууль зөрчсөн гээд гөвүүлж эхэлсэн.

Тун удалгүй дээрх томилгооны талаар Ч.Сайханбилэг сайдын зөвлөхөөр томилогдоод удаагүй байгаа Ц.Мөнхтөр дарга “Хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх бол УИХ-аар асуудлыг оруулж, хэлэлцүүлэн батлуулдаг ч АТГ-ын дэд даргыг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилохдоо өөртэй нь санал солилцсон. Тухайн хүн өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр хуулийн дагуу болдог юм байна.

Үүнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Ерөнхий сайд бүтэц хүлээхгүйгээр томилгоо хийж болно. Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой” хэмээн залруулаад авсан. Тэгсэн ч Б.Хурцын асуудлыг заавал УИХ-ын байнгын хороогоор оруулах учиртайг хожуухан мэдэрснээр Хууль зүйн байнгын хороо яаралтай хуралдаж АТГ-ын дэд дарга Б.Хурцын лхагва гарагт гаргасан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг 91,7 хувийн саналаар дэмжив.

Монгол Улсын хөрөнгийн зах зээл дээр 18 тэрбум хувьцаа эргэлдэж байдаг.

Ингээд тус байнгын хорооноос АТГ-ын дэд дарга Б.Хурцыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх дүгнэлт гарч, үдээс хойшхи чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон юм. Уржигдар болсон Засгийн газрын хуралдаанаар ТЕГ-аас гадна ЦЕГ, ШШГЕГ шинэхэн даргатай болсон бол Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаад “Одоо чи замаа бод” хэмээн мэдэгдсэн билээ.

Хамгийн гол нь танхим нь хэзээ бүрэлдэх нь тодорхойгүй байгаа ч шинэхэн Ерөнхий сайд маань алдаа, оноотой томилгооноос гадна цагаан захтнуудын хуйвалдааны үүр уурхай болж, улсын төсөвт төвлөрөх учиртай хөрөнгө мөнгийг хамгийн ихээр хулгайлан шамшигдуулдаг Төрийн өмчийн компаниудтай холбоотой хоёр ч асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргасан нь хамгийн эхний, хамгийн зөв шийдвэр боллоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төрийн өмчийн компаниудын ТУЗ-д төрийн албан хаагчид ялангуяа яам, агентлагын дарга нар багтдаг бичигдээгүй хуульд цэг тавихаар болсон нь үндсэн цалингаасаа гадна зүгээр сууж байгаад өчнөөн мөнгө тоншдог цагаан захтнуудад томоохон цохилт болов.

Төрийн өмчийн компаниудтай холбоотой хоёр ч асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргасан нь хамгийн эхний, хамгийн зөв шийдвэр боллоо.

Өнөөдөр Монгол Улсын хөрөнгийн зах зээл дээр 18 тэрбум хувьцаа эргэлдэж байдаг аж. Үүнийх нь 16 тэрбум нь төрийн эзэмшилд байдаг нь нийт хувьцааны 85 хувь нь ажээ. Гэтэл Төрийн мэдлийн компаниуд нь хувьцаат компани гэсэн мөртлөө хувьцаагаа ердөө ч гаргадаггүй, төрийн эзэмшлийнх гээд байлгаад байдаг.

Харин төрийн мэдлийнх гээд хав дарсан нөгөө хувьцаа, ногдол ашгаас хамгийн ихээр чимээгүйхэн, нэг ёсны сайтар халхлагдсан хулгайн аргаар завшигчид нь өөр хэн ч биш ТУЗ-ийн гишүүн нэртэй хурган дарга нар байсныг Ч.Сайханбилэг сайд хамгийн сайн мэддэгийн хувьд дээрх шийдвэрийг гаргав. Монгол Улсад Төрийн өмчийн оролцоотой болон хамтарсан 57 компани байдаг гэнэ.

Эдгээр компанийн ТУЗ-ыг Төрийн өмчийн хорооноос томилдог. Ингэхдээ төрийн захиргааны байгууллага, яам, агентлагийн дарга болон томоохон албан тушаалтан, мэргэжилтнүүд, төрийн албан хаагчдыг хамруулдаг нэг ёсны эрх мэдэлтнүүдийн шагналын албан тушаал байв. Төрийн өмчийн 57 компанийн ТУЗ-д хурган дарга сэтэртэй 470 гаруй нөхөр харъяалагдаж сар, улирал бүр үр дүнгийн шагнал, цалин урамшуулал нэрээр сая саяар нь халааслаж байжээ. 

Дээрх 470 нөхрийн 170 гаруй төрийн захиргааны албан хаагчид буюу яам, агентлаг, газрын дарга нар байж. ТУЗ-ын гишүүд өөрийн компанид давуу эрх олгох, төрийн захиргааны ажилтнууд учраас төрийн зүгээс дарамт шахалт үзүүлэх, давхар ажил хашдаг учраас аль нэгийг нь орхигдуулдаг гээд олон сөрөг тал байж.

Учир иймд шинэхэн Ерөнхий сайдын зүгээс яам, агентлагын дарга нарыг ТУЗ-д байхыг хориглох шийдвэр гаргав. Харин салбараа сайн мэддэг мэргэжилтнүүдийг ТУЗ-д оруулж байх үүрэг өгсөн байна. Түүнчлэн төрийн өмчийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал хүсэлтийг хэлэлцжээ.

Төрийн өмчийн компаниуд үр ашиггүй ажилладаг, хууль бус үйл явц өрнөдөг, хувьчлалтай холбоотой олон асуудал гарсаар байгаа. Шинэ хуулиар төрийн болон орон нутгийн өмчийг нэгтгэхээр хуулийн төсөлд тусгагдсан. Үүнтэй холбоотой дагаж мөрдөх журмыг хэлэлцэхийг Засгийн газрын зүгээс анхааруулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн өмчийн хороог татан буулгаж, Сангийн яаманд нэгтгэх учраас маш сайн судалгаа тооцоотой ажиллахыг Ч.Сайханбилэг сайд албатууддаа зөвлөжээ. Ямартай ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хамгийн анхны, хамгийн зөв шийдвэр нь энэ байлаа гэх хүмүүс олширч байгаа юм.

Зураг