Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР ЮУГ ЯАРАЛТАЙ ХИЙЖ БОЛОХГҮЙ ВЭ?

ikon.mn
2014 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

“Шинэ Засгийн Газар юуг яаралтай хийх вэ?” гэх Баабарын нийтлэлийг уншиж үзлээ.  Би түүний адилаар эдийн засагч биш, гэхдээ хуульч.  Хуульч гэж тодоруулсны шалтгаан нь маш энгийн. 

Ром Герман болон Англи Саксоны эрх зүйн системийн ялгаа бол нэг нь тэнцвэрт, тэгш байдлыг харин нөгөө нь туйлын шударга, үнэнийг илүүтэйгээр чухалчлан авч үздэгт. Хөгжлийн явцад дээрх онцлогууд уусаж шүүхийн тогтолцооны үндсэн зарчим болсон.  Тиймээс хуульч хүний гол онцлог бол асуудлыг тэнцвэр болон туйлийн үнэний байр сууринаас харж маргаан үүсгэх чадвар юм.  Тиймээс л нийтлэлийн зарим нэг асуудалтай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэх гэсэн юм. 

Нийтлэлчийн гол санаа нь хоёрдох хувьчлалыг хийх бөгөөд үүний эрүүл мэнд, боловсрол, улсын үйлдвэрлэлийн хувьчлал гэсэн шатлалаар болон зарим салбарын үнийг чөлөөлөх аргачлалаар хийх нь хямралыг даван туулах гол гарц гэжээ. 

Мал, орон сууц болон газар хувьчилсан нь эдийн засгийн уналтад байсан  Монгол Улсыг аварсан нь үнэн.  

Мал, орон сууц болон газар хувьчилсан нь эдийн засгийн уналтад байсан  Монгол Улсыг аварсан нь үнэн.  Гэхдээ энэ хувьчлалын гол онцлог нь иргэн бүр, айл өрх бүр тодорхой хэмжээгээр өөрийн гэсэн хөрөнгөтэй болж байсанд юм.  Айл бүр газартай, малтай, орон сууцтай болж байсан нь жинхэнэ нийт иргэддээ наалдсан хувьчлал болсон юм.  

Хувьчлал бүхэн оновчтой байгаагүй.  Үүний тод жишээ бол улсын үйлдвэрийн газрууд.  Улсын татаасаар ажиллаж байсан тэдгээр аж ахуйг хувьд шилжүүлэх нь ашигтай ажиллах гол гарц гэж тэр үед дүгнэж байсан.  Түүх хэрхэн яаж иргэснийг бид маш сайн санаж байгаа.  Ашиг байхгүй бол ямар ч бизнес байхгүй зарчмаар бүгд алга болсон.

Үүний үр дүнд мянга мянган ажилчид хохирсон болохоос өнөөдөр төрөөс төрсөн тэрбумтангууд биш юм.

Өөр нэг жишээ бол Улаанбаатар хотын төв орчмын газрын хувьчлал.  Агаар, ус, хөрсний бохирдол, замын түгжрэл зэрэг өнөөдөр Улаанбаатарт нүүрлэж байгаа бүхий л асуудал хувьчлалыг эмх замбараагүй хийсний үр дүн.  Хувийн газар дээрээ лууван, лаагаа хэнээс ч асуулгүй идсэнээс нийтийн эрх өнөөдөр зөрчигдөж их хотын гол айдас бас асуудал болсон. 

Улаанбаатарт нүүрлэж байгаа бүхий л асуудал хувьчлалыг эмх замбараагүй хийсний үр дүн.

Дээрх хувьчлалуудын гол ялгаа нь хувьчлал иргэддээ хүрч чадсан эсэх болон хувьд шилжсэний дараа нийгмийн үүргээ уландаа гишигдэгт л байгаа юм. 

Хоёрдох хувьчлалын гол бай бол төсвийн ачааллыг хөнгөлөх үүднээс нийгмийн салбарын хувьчлалыг хийх болон ашиггүй ажиллаж байгаа улсын үйлдвэрүүдийг хувьд шилжүүлэх юм. 

Нийгмийн салбарын хувьчлал нь төсөвт ямар хөнгөлөлт болох талаар нийтлэлч маш тодорхой баримтаар хэлжээ.  Улсын төсвийн гуравны нэгийг нийгмийн салбарын зардал эзэлдэг гэнэ.  Энэ тоог нийтлэлч маань зөвхөн их хэмжээ гэдэг талаас нь л хархыг хүссэнээс,  чухал  гэдэг талыг шууд орхигдуулсан нь буруу юм.  Төр иргэдийн өмнө хүлээдэг хамгийн гол үүрэг бол нийтлэг эрх, боломжийг хамгаалах, хангах байдаг.  Энэ нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх болон сурч, хөдөлмөрлөх давуу боломж юм.  

Харин хувийн хэвшил төртэй адил нийтлэг үүрэг хүлээдэггүй бөгөөд зөвхөн ашигтай бизнесийг гол зорилгоо болгодог.  Тиймээс нийгмийн салбарын хувьчлал нь иргэдэд наалдацтай гэхээсээ илүүтэйгээр хувийн бизнес эрхлэгчдэд ашигтай байж чадах уу? үгүй юу? гэдэг асуудал руу чиглэдэг.  

Эдгээр салбарууд нь хувьд шилжсэнээр л ашигтай,  хүртээмжтэй, чанартай ажиллаад эхэлнэ гэж шууд дүгнэж болохгүй.  Бага цалингаар чадваргүй ажилчдыг ажиллуулж, шинэ дэвшилтэд технологиос илүүтэйгээр зардлаа хэмнэн хуучинтайгаа зууралдах нь хөгжиж байгаа орнуудын бизнес эрхлэгчдэд байдаг нийтлэг жишиг. 

Ашиггүй ажиллаж байгаа улсын үйлдвэрүүдийг хувьчилах эсвэл үнэ чөлөөлөх нь нийтлэлчийн дараагийн чухал асуудал юм.  

Бидний асуулт бол чухам ямар улсын үйлдвэрүүдийг ярьж байна гэдэг чухал юм.  Монгол Шуудан - Холбоо, Цахилгаан - Эрчим Хүч, Төмөр Зам, Иргэний Нисэх, болон бусад улсын мэдлийн газруудыг гэж ойлгож болох уу?. 

Эдгээр байгууллагуудын нийтлэг төрх бол Монгол Улсад ганцхан,  муугаар хэлбэл монопол хэлбэртэй оршдог.  Худалдан авагч чөлөөтэй сонголт хийж чадахгүй байгаа бидний эдийн засгийн тогтолцоог чөлөөт зах зээл гэж сохроор дүгнэж болохгүй.  Хэрэв эдгээр байгууллагууд хувьд шилжвэл тэд үнэ, үйлчилгээний нөхцөлөө өөрсдөө тогтооно.  Харин тэдний нөхцөл бидэнд таалагдахгүй бол бид яах вэ? Бидэнд өөр ямар сонголт байгаа вэ? 

Боловсрол эрүүл мэндийн салбар хувьд шилжсэнээр төсөв амрах юм байна.  Улсын ашиггүй ажиллаж байгаа үйлдвэрүүдийг хувьд шилжүүлснээр төр алдагдлаасаа гарч болох юм байна.

 Харин бид үүнийг хийснээр юуг алдаж болох вэ?  Иргэд боловсрол, эрүүл мэнддээ их хэмжээгээр мөнгө төлөх болно, тэдгээр илүү тоотой төрийн албан хаагчид ажилгүй болно,  эрчим хүч, бараа бүтээгдэхүүний үнэ өснө, хамгийн гол нь энэ бүхний эцэст иргэд гудамжинд гарч жагсах, улмаар нийгэм эмх замбараагүй байдал руу шилжих аюултай.  Зарим хүмүүс нэг нам төр барих, нэг засаг удаан ажиллах, төрийн гурван өндөрлөг нь нэг улс төрийн хүчнээс сонгогдохыг л төр тогтвортой ажиллах үндэс гэж сүүлийн үед их эндүүрэх болсон байна.  

Мөнгөтэй, өмчтэй, ажилтай, эрүүл аюулгүй байдлын баталгаатай  дундаж анги нийгмийн олонх байгаа тэр цагт л тогтвортой, тусгаар, хүчтэй батлан хамгаалагч төр оршдог юм.  Харин бид ямар үнээр юунаас гарах гэж байгаагаа сайн тооцох хэрэгтэй. 

Өнөөдөр хувьчлал хийснээр мөнгийг ширээн дээр гаргаж тавьж болох байх харин тун удалгүй тэр ширээг хөмрөх аюултай байдал руу хөтөлж ч болох аюултай. 

Сайн хувьчлал байна.  Үүний жишээгээр Англи,  Америкт 1980 -аад оны дундуур болсон явдлыг харьцуулах дуртай.  Эдгээр орнуудад хувьчлал хийснээр эдийн засаг сайжраад, төр ухаалаг ажиллаад ирсэн мэт үлгэр шиг жишээ татдаг.  Үнэн байдал бол Дэлхийн  II Дайны дараа уналтад орсон эдийн засгаа аврахын тулд төр бүх л үүргийг өөртөө хүлээж, улсын санхүүжилттэй бизнесийг өрөгжүүлж хямралыг даван туулсан.  Харин нэгэнт эдийн засгийн бааз нь сайн бүрэлдсэн, хүчтэй болсон тул хувьчлалыг хийж, нийт иргэдээ баялагтай болгосон юм. 

Харин Монгол Улс өнөөгийн ийм хүнд нөхцөл байдалд хоёр дахь хувьчлал хийх нь хэр оновчтой байх бол?  Эдийн засаг, хүн амын амьдрал хүнд байгаа энэ нөхцөлд хувьчлал хийх нь дараагийн илүү том нийгмийг хамарсан хурцадмал байдалруу түлхэхгүй гэх баталгаа байхгүй.  

Иргэд гудамжинд жагсаад ирвэл ямар ч хөрөнгө оруулагчид Монголыг дахин сонирхохгүй. 

Иргэд гудамжинд жагсаад ирвэл ямар ч хөрөнгө оруулагчид Монголыг дахин сонирхохгүй.  Сонирхсон нь хууль бусаар мөнгө угаагчид, бизнес улс төрийн бүлэглэлүүдтэй үгсэн тохирогчид л байх болов уу? 

Хамгийн эмэгнэлтэй нь энэ тогтворгүй нөхцөл байдлаас гудамжинд жагссан тэр иргэд л хамгийн ихээр хохирол хүлээдэг бөгөөд харин хувьчлалын ашгийг хүртэгчид улам л баяжсаар дуусдаг юм.  Ер нь эдийн засаг хямрахад төрийн хүчтэй оролцоо зайлшгүй чухал байдгийг өнгөрсөн дэлхийн нийтийн түүх өнөөдрийн АНУ-ын Засгийн газрын бодлого тод харуулж байна.  

АНУ-ын Засгийн Газрын  “Эрүүл Мэндийн Хямд Даатгалын Тогтолцоо, Сэргээгдэх Эрчим Хүчний Эх Үүсвэр, хувийн бизнесийг хөнгөлттэй зээлээр дэмжих” зэрэг бодлогууд хүнд байгаа эдийн засгийг босгож байна.  Харин бид эдийн засаг,  улс төрийн энэ хүнд нөхцөлд төр түүний бодлогыг дайсан гэж харж болохгүй. 

Эцэст нь би ингэж төгсгөмөөр байна.  Профессор Томас Пикети хэлэхдээ хөгжиж байгаа орнуудын хамгийн гол алдаа нь хувьчлалыг чөлөөт зах зээл, ардчилал гэж буруу ойлгож хүлээж авдагт юм. Үүнээсээ болж өөрийнхөө бүх зүйлийг хувьчлал нэрийн доор дотоодын болон гадны хөрөнгөтэн, зөвхөн ашиг горлигч нарт зардаг.  Энэ нь тухайн нийгмийг байнгын тэмцэлрүү, тогтворгүй байдалруу хөтөлдөг бөгөөд тэр улсыг хөгжлийн замаас нэг мөр холдуулдаг нь өнөөдрийн Африкын орнуудын жишээ юм гэжээ. 

Өнөөдөр авдартаа байгаа атга гурилаараа боорцог хийж болно.  Боорцог өнхөрөөд явсны дараа бидний дайсан бид өөрсдөө болох аюултай тул богино харж урт шийдвэр гаргахгүй гэж найдаж байна. 

Д.Баяр

(http://bayareview.blogspot.com/p/blog-page_25.html)