Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг Монгол хүнд ногдох архины хэрэглээ жилд 50 орчим литр байна

www.mandal.mn
2014 оны 11 сарын 20
PURPLEBOOK
Зураг зураг

СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЭРСДЭЛ

/Нийгмийн эрсдэл/

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь иргэдийн хувьд эрсдэлд өртөх, эрсдэлтэй үйлдлүүдийг хийлгэх гол шалтгаан болдог. Манай улсын хувьд хатуулгийн түвшин өндөртэй архи нь согтууруулах ундааны хэрэглээнд голлох байр суурийг эзэлж байгаа ба нийгэмд архи хэтрүүлэн хэрэглэх байдал ихэссэн нь анхаарвал зохих асуудал мөн. 

Дэлхийн төвшинд 15-59 насны эрчүүдийн нас баралтыг ихэсгэж байдаг хамгийн гол хүчин зүйл бол согтууруулах ундаа юм.  Согтууруулах ундаанаас улбаалан жилдээ дундажаар 3.3 сая хүн нас барж байна. Задалж харуулбал нийт эрэгтэйчүүдийн 7.6% нь, харин нийт эмэгтэйчүүдийн 4.0% нь архинаас болж нас барсаар байна.

Манай улсын хувьд 2012 оны байдлаар эрэгтэйчүүдийн 39.7%, эмэгтэйчүүдийн 15.15% нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг дадалтай байгааг Архигүй Монголын төлөө үндэсний сүлжээнээс мэдээллэсэн ажээ.

Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн тухайд тусгай зөвшөөрөлтэй 106 ААН байгаа ба спиртийн 11, архины 66, дарсны 10, шар айрагны 19 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Улсын хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрийн тоо 2004 онтой харьцуулахад 3 дахин буурсан хэдий ч согтууруулах ундааны нийт үйлдвэрлэлийн хэмжээ буураагүй байна. Дотоодын үйлдвэрлэлийн зэрэгцээ гадаадын улс орнуудаас сүүлийн таван жилд нийтдээ 75.6 сая литр согтууруулах ундаа импортоор оруулж, зах зээлд нийлүүлжээ. Үйлдвэрлэл, импортоос гадна согтууруулах ундаа худалдаалах төвүүд олноор нэмэгдсэн. Улаанбаатар хотод гэхэд архи зарах лицензтэй 4034 ресторан, 579 кафе, 568 караоке, 941 бар болон пабууд байна. Ийнхүү нийт 6000 гаруй согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд байгаа ба нэг Монгол хүнд ногдох архины хэрэглээ нь жилдээ 50 орчим литр байгаа юм. Харин дэлхийд дундажаар нэг хүнд 10 литр архи оногддог байна.

Согтууруулах ундааг хэрэглэснээр богино болон урт хугацааны олон тооны нөлөөлөл гардаг.  Богино хугацааны хувьд дараах нөлөөллүүд хүний биед бий болдог байна.  

Согтууруулах ундааны хэмжээ Нөлөөлөл
1-3 хундага Зүрхний цохилт хурдсах ба биеийн дулаан нэмэгдэнэ. Илүү нийтэч, яриа болно.
4-6 хундага Тархинд нөлөөлж, шийдвэр гаргах чадвар муудна. Толгой хөнгөрч хариу үйлдэл удаашрана.
8-9 хундага Хэл яриа ээдэрч, нэг шөнийн дотор элэг архины хорыг гадагшлуулах боломжгүй болж шартана.
10-12 хундага Архины хэмжээ биеийг ихээр хордуулна. Биеэс хэтэрсэн согтууруулах ундаа нь тухайн хүнийг бөөлжүүлж, хэвийн бус болгоно.
12-с дээш Бүрэн ухаангүй болгоно. Үхлийн аюултай.

Урт хугацаанд  архины хэрэглээ нь зүрхний титэм судасны өвчин, тархины цус харвалт, хөгшрөлт, чихрийн шижин, элэг, нойр булчирхай, ходоод, улаан хоолойн эмгэг,  осол гэмтэл, ургийн гаж хөгжил, оюуны хомсдолтой хүүхэд төрөх шалтгаан болно. Өөртөө итгэлгүй болох, ганцаардах, сэтгэл гутрал, мэдрэлийн системийн өөрчлөлтүүд, нойргүйдэл, тэнэгрэл, дэмийрэлд хүргэнэ. Үүнээс нийтлэг тохиолддог 12 өвчлөлийг дурьдвал:

  1. Цус багадалт
  2. Хорт хавдар
  3. Зүрх судасны өвчлөл
  4. Элэгний цирроз
  5. Сэтгэлийн дарамт
  6. Тулай өвчин
  7. Эпилепси өвчин
  8. Гипертони
  9. Сэтгэцийн өвчин
  10. Халдварт өвчин
  11. Мэдрэлийн өвчин
  12. Нойр булчирхайн үрэвсэл

Эрүүл мэнд төдийгүй архи хэрэглэсэн хүний гэр бүлд айдас, хүчирхийлэл, архинаас үүдсэн гэмт хэрэг, осол гэмтэл зэрэг нийгмийг хамарсан  сөрөг нөлөө үзүүлдэг. Гэр бүлийн сөргөөлдөөний 87%, гэр бүл салалтын 58.3%, хүн амины ба хүчингийн гэмт хэргийн 90%, оюуны хомсдолтой хүүхдүүдийн эцэг, эхийн 58.4% нь архи хэтрүүлэн хэрэглэгчид, цагдаагийн байгуулагад бүртгэгдсэн хүүхдийн 80%, хараа хяналтгүй хүүхдийн 86% нь архи, тамхи хэрэглэдэг, тэнүүчлэх, PC донтох өвчтэй хүүхдийн эцэг, эхийн 86% нь архины хамааралтай байна.

Согтуугаар үйлдэгдсэн 3 хэргийн 1 нь гэр, орон сууцанд үйлдэгдсэн, ослын шалтгааны дотор согтуугаар тээврийн хэрэгсэл  жолоодох нь  хөдөөд 27.1% байгаа нь хотоос 4 дахин их байна.  Сүүлийн 5 жилийн дунджаар жилд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 26159 зөрчил илрүүлж байсан бол 2012-2013 онд 63000 гаруй зөрчил илрүүлж байсан тоо баримт байдаг.

Эдийн засгийн хувьд  авч үзвэл АНУ-д жилд дундажаар 223.5 тэрбум ам.долларын зардал зөвхөн согтууруулах ундааг хэтрүүлэх хэрэглэсэн хүмүүстэй холбоотойгоор гарсан ажээ. Үүнээс 72.2% нь ажил цалгардалт, 11% нь эмчилгээнд, 9.4% нь гэмт хэрэгтэй холбоотойгоор, үлдсэн 7.5% нь бусад шалтгаанаас үүдэн гарсан зардлууд юм. Энэ нь дундажаар 1 нэгж согтууруулах ундааг худалдан авах зардал тус бүрд нэмээд 1.90 ам.долларыг түүний хор уршгаас нь болж нэмж төлдөг гэсэн үг юм.

Ийнхүү зөвхөн эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөөнөөс гадна эдийн засгийг хордуулдаг болохыг АНУ-н Атлантагын эмгэг судлалын төвөөс тогтоосон нь согтууруулах ундааны эрсдлийг бууруулах шаардлагыг улам бүр өсгөж байгааг анхаарах хэрэгтэй.

Гэтэл манай улсын хувьд согтууруулах ундааны хор уршгийн талаар хийгдэж буй судалгаа хангалтгүй, архи үйлдвэрлэгч компаниуд нь согтууруулах ундааны талаар эерэг мэдээлэл өгч, эрсдлийн төвшинг жил ирэх тутам нэмэгдүүлсээр байгаа юм.

 

ЭРСДЛИЙН УДИРДЛАГЫН ФОРУМ

2014.11.27-нд ТУУШИН зочид буудлын хурлын зааланд болно.

Бүртгүүлэх