Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Зэсийн үнэ буурч алт, нүүрсний үнэ өсөхгүй

www.mandal.mn
2014 оны 11 сарын 18
PURPLEBOOK

1. МОНГОЛ УЛСЫН МАКРО ЭРСДЭЛ

Нүүрсний үнийн тасралтгүй уналтаас шалтгаалсан нүүрсний экспортын зогсонги байдал, Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 60 хувийн бууралтаас хамаарсан валютын нөөцийн хомсдох эрсдэл, Төгрөгийн хэт нийлүүлэлтээс үүссэн мөнгөний урсгалын тэнцвэргүй байдал, Ханшийн өндөр хэлбэлзлээс улбаатай бизнесийн байгууллагын хүндэвтэр байдал, Эргэн төлөлтийн эрсдэлийг тооцоолоогүй улсын өрийн дарамт, Уул уурхай дагасан банкны системийн зээлийн чанаргүйдэл зэрэг нь Монгол Улсын макро эрсдэлийг ноцтой хэмжээнд хүргэж, эдийн засгийн эрүүл мэндийн байдлыг муутган, эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлсээр байна...

 

1.1 Уул уурхайн түүхий эдийн үнэ ханшийн эрсдэл

Алт, зэс, нүүрсний үнэ ханшийн уналт сэргэх төлөвгүй, харин ч уналт үргэлжлэх эрсдэл өндөр байна.

Алтны үнэ өсөхгүй. Хөгжингүй орнуудын инфляцийн түвшин доогуур, АНУ-ын эдийн засаг сэргэж байгаатай холбоотойгоор Холбооны нөөцийн банкнаас сар бүр мөнгөний нийлүүлэлтээ бууруулах болсноор алтны эрэлт буурч байгаа ба цаашид ч үргэлжлэх магадлал өндөр байна. Иймд алтны үнэ өнөөгийн түвшнээс төдийлөн өсөхөөргүй байна. 

Зэсийн үнэ буурна. 2013 онд зэсийн “хэрэглээ” 11.2 хувиар өссөн шалтгааныг Хятад улсын зэсийн сертификатжуулсан агуулахад хадгалах болсонтой холбож тайлбарладаг. Дээрх агуулахууд дахь зэсийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаггүй ба зөвхөн түүнийг агуулсан агуулахуудын сертификатыг арилжаалах санхүүгийн гүйлгээнд л барьцаа байдлаар ашигладаг. Зэсийн зах зээл 2013 онд 387 мянган тоннын илүүдэлтэй байсан бол 2014 онд 418, 2015 онд 344 мянган тоннын илүүдэлтэй байх прогноз байна. 

2014 оны 3 дугаар сард Хятадын томоохон төрийн өмчит үйлдвэр болон орон нутгийн засгийн газар хугацаат өр, төлбөрөө төлөөгүйн улмаас банк хоорондын захын хүү огцом өсч, санхүүгийн салбарт хэсэг хугацааны тогтворгүй байдал бий болсон. Үүний улмаас сертификатжуулсан агуулахууд дахь зэсийн нөөцийг шууд зах зээлд зэс хэлбэрээр нийлүүлж магадгүй гэсэн айдас хөрөнгө оруулагчдын дунд бий болсон тул зэсийн үнэ огцом буурч, 6645$/тн-д хүрсэн. 

Цаашид Хятадын эрх баригчид сүүдрийн банкны сектортойгоо тэмцэж, зээлийн өсөлтийг бууруулах арга хэмжээ авч байгаа нь дээрх агуулахууд дахь зэсийн нөөцөд шууд нөлөөтэй юм. Иймд 2014 онд зэсийн үнэ сэргэхгүй 6800$/тн, 2015 онд 7000$/тн байхаар таамаглагдаж байна. 

Нүүрсний үнэ төдийлөн өсөхгүй. Хэдийгээр Хятадын нүүрсний импорт 2014-2015 онд ялимгүй өсөх боловч нөгөө талаас Австралийн нүүрсний шинэ ордууд ашиглалтад орж, нүүрсний экспорт ихээхэн нэмэгдэж байгаа нь нүүрсний зах зээлд өрсөлдөх чадвараа алдаад буй Монгол улсын нүүрсний экспортод сөргөөр нөлөөлөхөөр байна. 2013 онд Австралийн уул уурхайн салбар нийт 188 сая тонн эрчим хүчний нүүрс, 170 сая тонн металлургийн нүүрсийг голчлон БНХАУ руу экспортолсон байна. Харин Хятад улс 2013 онд 250 сая тонн эрчим хүчний нүүрс, 93 сая тонн металлургийн нүүрс импортолжээ. 2014-2015 онд Хятадын нүүрсний хэрэглээ ялимгүй нэмэгдэж, 262-269 сая тонн эрчим хүчний нүүрс, 101-104 сая тонн металлургийн нүүрс импортолно хэмээн Австралийн эрчим хүч ба уул уурхайн холбооноос тооцсон байна. 

Харин Австрали улсын хувьд 2014-2016 онд хэд хэдэн нүүрсний уурхай шинээр ашиглалтад орж 2014 онд 195 сая тонн эрчим хүчний нүүрс, 182 сая тонн металлургийн нүүрс олборлож экспортолно хэмээн тус улсын эрчим хүч, энергийн холбооноос мэдээлж байна. 

 

2. МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ЭРСДЭЛ

Энэ удаад бид нийгмийн орчинд хүн ардын эрүүл мэнд, эд хөрөнгөд томоохон эрсдэлийг бий болгож буй хүчин зүйлсийг дахин авч үзлээ. Эрсдэлийн хүчин зүйлс өндөр түвшинд хэвээр байгаа нь манай улсын хувьд  санаа зовоосон, шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудлуудын нэг юм.

Нийгмийн дэд бүтцийг сайжруулах, нийгмийн эрсдэлийн институцийг бэхжүүлж, уялдаа холбоог нь дээшлүүлэх зайлшгүй чиглэлээр дорвитой алхмууд хийгдэх шаардлага байсаар байна. Улаанбаатар хотын хувьд эрсдэлд өртөх магадлал ихээр байгаа энэ цаг үед хотын шууд удирдлаганд ажиллах эрсдэлийн удирдлагын алба, нэгжүүдийг байгуулах шаардлагатай гэж бид үзэж байна. Улаанбаатар хотын зүгээс эрсдэлийг таньж, хэмжиж, удирдахад зайлшгүй нэгдсэн мэдээллийн баазыг үүсгэх хэрэгтэй ба нийгмийн эрсдэлийн байгуулалтууд болох Цагдаа, Эмнэлэг, Онцгой Байдлын газар, Мэргэжлийн Хяналтын газар, Нутгийн өөрөө удирдах байгууллагууд нь өөр хоорондоо үйл ажиллагааны уялдаа холбоотой ажиллах хэрэгцээ өндөр байна. Түүнчлэн аливаа эрсдэлд бэлтгэлтэй байх, эрсдэлээс хамгаалах соёлыг нийгмийн түвшинд таниулан хөгжүүлэх чиглэлээр төрийн зүгээс анхаарах хэрэгтэй ба хувийн секторт эрсдэлийн талаарх бодитой мэдээлэл тогтмол хүргэж байх хэрэгцээ их байна. 

2.1 Зам тээврийн хөдөлгөөний эрсдэл

Зам тээврийн эрсдэл нь Монгол улсын хувьд хамгийн ноцтой, сэтгэл зовоосон, иргэдийн амь насанд халтай асуудал билээ. Тээврийн хэрэгслийн тоон өсөлттэй шууд хамаарсан байдлаар зам тээврийн эрсдэл өсөн нэмэгдэж байгаа хэдий ч жолооч нарын хариуцлага, соёлжилт, техникийн бүрэн бус байдал, стандарт бүрэн хэвшээгүй байдал нь эрсдэлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна. 

Дэлхийд жилд 1.3 сая орчим хүн зөвхөн зам тээврийн ослоос үүдэн нас бардаг. Мөн 20-50 сая орчим хүн аминд халгүй бэртэл авдаг гэсэн статистик бий. Мөн зам тээврийн осол нь дэлхийн хамгийн элбэг тохиолддог үхлийн шалтгааны 8-т жагсах ба жилдээ 520 орчим тэрбум ам.долларын хохирол гардаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын таамаглаж буйгаар 2030 гэхэд зам тээврийн осол нь хамгийн элбэг тохиолддог үхлийн шалтгааны 5-т жагсахаар байна.

Манай оронд сүүлийн 15 жилийн байдлаар Зам тээврийн ослын улмаас 5041 хүний амь нас хохирч 11020 хүн насан туршийн тахир дутуу болсон. Жилд дундажаар 500 гаруй хүн зөвхөн зам тээврийн ослын улмаас нас барж байгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцолсон. Зөвхөн өдөрт 100 гаруй зам тээврийн ослын дуудлага замын цагдаагийн газарт бүртгэгдсэн байгаа нь анхаарах асуудал мөн. 

Зам тээврийн осол гарах магадлал замын ачаалал өндөртэй цагуудад ихээр тохиолддог. Тухайлбал 19:00 цагаас зам дээр осол гарах нь ихэсдэг бол харин өглөө хамгийн бага осол гардаг байна. 2013 оны байдлаар хамгийн оргил цаг буюу 20:00 цагийн орчимд 1270 зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Зам тээврийн осол гарахад орчны байдал өндөр нөлөөтэй байдаг. Харин Монголын хувьд дийлэнхи осол цаг агаарын таатай нөхцөл байдалд гардаг байна. Замын ангилалын хувьд 77.5% нь ердийн зам дээр, 49.6% нь үзэгдэх орчин чөлөөтэй, 66.6% нь асфальтан зам дээр гарсан байна.   

Цаг агаар
Таатай үед 93.60%
Цастай 1.90%
Үүлэрхэг 3.70%
Манантай 0.30%
Шуургатай 0.50%
Замын ангилал
Ердийн 77.50%
Тууш 13.50%
Хорооллын 6.50%

Зам тээврийн ослоор нас барж буй хүмүүсийн 27% нь дугуйтай болон явган зорчигч иргэд байгаа нь жолоочдын хариуцлагын асуудал зөвхөн өөрт бус бусдад хамааралтай болох нь харагдаж байна.

Улсын хэмжээнд 2012-2013 онд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1218 бүртгэгдсэний дотор Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 234 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд нийт 37 хүүхэд амь насаа алдаж, 197 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авчээ. Урьд онтой харьцуулахад нас барсан хүүхэд 14 хувиар буурч, гэмтсэн хүүхдийн тоо 14 буюу 7.7 хувиар өсчээ. Гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийн 81 хувь буюу 30 хүүхэд орон нутгийн замд гарсан ослоос болж амь насаа алдсан байхад нийслэлд 7 хүүхэд амь насаа алджээ.

Жолоочдын хариуцлагагүй байдал, нийгмийн төлөвшил, хотжилт нийт масст бүрэн бүрэлдэж амжаагүй зэргээс гадна жолооны хүрдний байрлал ихээхэн эрсдэл дагуулдаг байна. Олон улсад баруун гар талын хөдөлгөөнийн дүрэмтэй тохиолдолд зүүн гар талдаа жолоочийн суудал байх жишиг бий. Нийт дэлхийн улс орны 66% нь баруун гар талын хөдөлгөөнтэй байдаг ба үүнд Монгол улс багтдаг. Аюулгүй байдлын үүднээс  цөөнгүй улс орон жолооны хүрд нь буруу талдаа байрласан автомашин худалдаалахыг хориглосон байдаг юм. Австралид энэ заалт орчин үеийн автомашинд хамаарах бөгөөд зүүн гар талдаа жолооны хүрдтэй автомашин оруулж ирэх бол түүнийгээ баруун гар талдаа жолооны  хүрдтэй болгон хувиргах шаардлагатай  болдог байна.

Зам тээврийн ослын шалтгаан

Гэтэл нийслэлд хөдөлгөөнд оролцож буй авто машинуудын 77 орчим хувь нь буруу (баруун) талдаа жолоочийн суудалтай байгаа нь зам тээврийн ослын эрсдэлийг ихэсгэж байна.

Үүнээс гадна замын чанар хангалтгүй байдал нь манай улсын хувьд томоохон эрсдэлийн хүчин зүйл болдог. Манайд тавигдсан ихэнхи  замууд дээр хамгийн дээд тал нь 44 тонн жинтэй тээврийн хэрэгсэл явах стандарт байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд уул уурхай, барилгын салбарын хөгжилтэй холбоотойгоор 100, 60, 50 тоннын жинтэй тээврийн хэрэгсэл зорчих болсноор замуудыг ихээр эвдэх болсон. Хэдий чанаргүй хийгдэж байгаа ч хүний хүчин зүйлээс үүдэн замууд эвдэрч эргээд хүний аминд хүрэх эрсдэл дагуулж байгаа юм. 

Манай улсын зам тээврийн хэрэгслийн ослын 94 хувь нь жолоочийн буруутай үйлдэл, 5 хувь нь явган зорчигчоос шалтгаалж байна. Жолоочийн буруутай үйлдэл дотроо анхаарал болгоомжгүй, зай тохируулаагүйгээс үүдсэн эрсдэл нь 35 хувийг эзэлж байна.

График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Зам тээврийн ослын эрсдэл хэдий санамсаргүй боловч бидэнд бууруулах боломж байгаа юм. Жишээлбэл соёлын түвшин өндөртэй улсуудад ослоос үүдсэн нас баралт тун бага байна. Харин буурай, соёлжоогүй орнуудад тус үзүүлэлт нь тун өндөр байгаа нь тус эрсдэлийг бууруулж болох баталгаа болж байна. Гэтэл манай улсын хувьд хамгаалалтын бүсээ зүүхгүй явах, согтуурсан үедээ жолоо барих зэрэг нь хэвийн үзэгдэл болсон байна.

 

ЭРСДЛИЙН УДИРДЛАГЫН ФОРУМ

2014.11.27-нд ТУУШИН зочид буудлын хурлын зааланд болно.

Бүртгүүлэх