Уншиж байна ...

ПАРИС 2024: Боксын олимпын эрхийн тэмцээнд манай 12 тамирчин хүч сорино

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Монголын боксын холбоо

Тайланд улсад боксын “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох сүүлийн тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 2-нд болно. Тэмцээнд манай улсаас шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, О.Батхүү, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор эрэгтэй долоо, эмэгтэй таван тамирчин өрсөлдөхөөр өнөөдөр Тайландыг зорьжээ.

Одоогоор манай улс боксоос ганц эрх аваад буй юм. Тодруулбал эмэгтэйчүүдийн 50 кг-д О.Есүгэн эрх авсан билээ. Харин олимпын эрх олгох эхний тэмцээн Италид болоход манай боксчид оролцоогүй. Тус тэмцээнд эхний дөрөвт орсон бол эрхээ авах байсан бол энэ удаагийн тэмцээнд шигшээд үлдэж байж Парисыг зорих эрхтэй болно.

Сонирхуулахад Э.Цэндбаатар "Probox TV"-д ээлжит тулаанаа маргааш хийхээр болжээ. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Пуэрто Рикогийн Алберто Меркадо. А.Меркадо мэргэжлийн бокст 24 тулаан хийж 17-д нь ялалт байгуулсан нэгэн. Гэхдээ сүүлийн таван тулааныхаа ердөө нэгт нь ялсан бол Э.Цэндбаатар одоогоор ес дараалан хожоод буй билээ. 

Э.Цэндбаатар энэ тулааныхаа дараа Тайландыг зорьж шигшээ багтаа нэгдэхээр болжээ. 

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэй: 

  • 51 кг: Г.Ган-Эрдэнэ
  • 57 кг: Х.Энх-Амар
  • 63.5 кг: Э.Цэндбаатар
  • 71 кг: О.Бямба-Эрдэнэ
  • 80 кг: Г.Далай
  • 92 кг: Н.Отгонболд
  • +92 кг: Х.Бекнур

Эмэгтэй:

  • 54 кг: М.Энхжаргал
  • 57 кг: Т.Болортуул
  • 60 кг: М.Намуун
  • 66 кг: Г.Бадмаараг
  • 75 кг: Э.Эрдэнэтуяа