Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын иргэдээ! Эерэг өөрчлөлтийн төлөө нэгдэцгээе!

ikon.mn
2014 оны 11 сарын 5
iKon.MN

Төрөлх хотоороо овоглосон JCI Улаанбаатар салбар байгууллагын гишүүд, дэмжигчдийн санаачлагаар “Хотын Шийдэл” форум 2014.11.14-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. 

”Нэг асуудал, нэг туршлага, нэг шийдэл” уриан доор зохион байгуулж буй “Хотын Шийдэл” форумын хүрээнд  хотын автозамын түгжрэлийн асуудлын шийдлийг олон талаас нь авч хэлэлцэж,  хотын иргэдээ энэ асуудлыг шийдэх Эерэг Өөрчлөлтийн төлөө нэгдэх сэдэл өгнө гэдэгт бүрнээ итгэж байна.

 

Төслийн зорилго: 

“Хотын шийдэл” форум нь жил бүр нийслэл хотод тулгамдаад байгаа суурь асуудлуудаас НЭГИЙГ шийдвэрлэхэд байгууллага, хувь хүмүүсийн оролцох оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэгээр нөлөөлөх, залуучуудыг уриалж идэвхжүүлэх, хоорондын сүлжээг ашиглах, засгийн газар, олон нийт, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, гадны улс орнуудын туршлагыг судлан нутагшуулах боломжийг бүрдүүлж бодит ажил хэрэг болгох зорилготойгоор жил дарааллан хэрэгжүүлэх төсөл юм.

Нэг асуудал, нэг туршлага, нэг шийдэл

Хотын иргэдээ! Эерэг өөрчлөлтийн төлөө нэгдэцгээе!

Энэ удаад олон нийт, бизнесийн байгууллагуудын анхаарлыг ХОТЫН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД хандуулахыг зорьж буй бөгөөд

  • Хотоос хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, Үр дүн;
  • Түгжрэлтэй тэмцсэн Дэлхийн хотуудын амжилттай туршлагууд, Санал санаачилга;
  • Мэргэжлийн хүмүүсийн судалгаа, шийдлийн нээлттэй хэлэлцүүлгийн индэр болно.

Төслийн ач холбогдол:

Хотын түгжрэлтэй дан ганц хот биш хотын иргэн бүр өөрийн ойлголт, оролцоог дээшлүүлэх замаар форумаас тодорхойлогдох тэргүүн ээлжинд авч хэрэгжүүлж болохуйц арга хэмжээнүүдийг дэмжин, хамтран хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд төслийн ач холбогдол оршино.

Хамрах хүрээ:

JCI Монгол байгууллагын салбарууд, Улаанбаатар хот, МҮХАТ, Зам Тээврийн Яам, Замын Цагдаагийн Газар, Хөрөнгө оруулагчид, Бизнес эрхлэгчид, Нийтийн тээвэр, такси үйлчилгээ, Азийн хөгжлийн банк, иргэд, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд.

JCI Монгол байгууллагын оролцоо:

JCI Монгол байгууллага 2014 онд “Unite to impact”  уриан дор үйл ажиллагаа явуулж дэлхий нийтээрээ өргөн сүлжээгээр холбогдож хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. JCI Монгол байгууллагын салбарууд ч мөн энэ удаад хотын түгжрэлийг бууруулах арга зам, шийдлүүдийг эрэлхийлж тодорхойлоход хуваарилаж авсан салбаруудаа оролцуулж, салбар тус бүрээсээ мөн тодорхой хэмжээний судалгаа хийж асуудал, туршлага, шийдэл дэвшүүлэн оролцох юм.


 

Хотын Асуудлаа Хамтдаа Шийдэцгээе (цуврал нийтлэл)

Нийтлэл бичсэн: Г.Бат-Эрдэнэ  

Хотын иргэдийн зорчил хөдөлгөөн - Мобилити

Хүмүүс хэрхэн нэг цэгээс нөгөө цэгт хүрэх вэ гэдэг нь аливаа хот суурин газрын их чухал асуудал юм.

Харин уг нөхцөл боломж нь ямар тээврийн хэрэгслийн сонголттойгоор хэрхэн хангагдсан эсэхийг мобилити гэх бөгөөд үүнийг чөлөөтэй зорчих боломж гэж орчуулж болох юм. Жишээ нь хүн өглөө гэрээсээ гараад ажилдаа явахдаа ямар тээврийн хэрэгслээр, хэр их хугацаанд, ямар зардлаар хүрэх боломжууд байгааг хэлж байгаа юм. Байж болох зорчих хэлбэрүүд нь хувийн автомашин, такси, нийтийн тээвэр (автобус), унадаг дугуй мөн алхах гэх мэт. Хүмүүс эдгээр хэлбэрүүдээс зарцуулах хугацаа, үнэ өртөгөөс хамаарч өөрсдийн сонголтоо хийж зорчдог. Аливаа хот өөрийн оршин суугчиддаа эдгээр үйлчилгээг яаж хүргэж үйлчилж чадаж байгааг үүгээр хэмжиж боломжтой.

Энэ нь яагаад чухал гэж?

Хэрэв мобилити муу бол тухайн хот түгжрэлээс салдаггүй. Учир нь хүн бүр хамгийн богино хугацаанд тав тухтай зорчихыг эрмэлздэг. Уг нөхцөл бололцоог олон хүн нэгэн зэрэг зорчиж болохуйц тээврийн хэрэгсэл, дэд бүтцийг хүмүүстээ үзүүлж чадахгүй бол хүн бүр өөрийн хувийн автомашинтай болдог бичигдээгүй байгалийн хууль байна.

Хот дотор чөлөөтэй зорчих боломж бололцоо сайн байх тусам энэ нь хотын эдийн засагт шууд эерэг нөлөөтэй. Гэхдээ хязгаарлагдмал нөөц бололцоог зөвхөн хамгийн зөв, чухал дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулснаар уг чанар бий болдог.

Дийлэнх хөгжиж буй эсвэл буурай хөгжилтэй улс орнууд замын түгжрэл, удаашралыг шийдэхийн тулд зөвхөн автомашинд зориулсан дэд бүтэц, зам өргөсгөж нэмж барьдаг. Энэ нь харамсалтай нь буруу бөгөөд асуудлыг шийдэж чаддаггүй нь дэлхий даяар батлагдаад байгаа. Гэсэн хэдий ч олон улс орон энэ алдааг өнөөдрийг хүртэл гаргасаар байдаг. Асуудлын гол шалтгаан, үндэс суурийг нь тогтоосноор түгжрэл гэх асуудал шийдэгдэх боломжтой. Эс бөгөөс авто замын түгжрэл багасдаггүй.

Мобилити нь юугаар хэмжигддэг вэ?

Дараах зүйлсээр хэмжиж болох юм. Үүнд:

  1. Автомашин бус хүн төвтэй хөгжүүлсэн дэд бүтэц – Энэ нь зам барьснаар түгжрэл багасдаггүй, бүр нэмэгдүүлдэг учраас бусад төрлийн зорчих боломжуудыг хөгжүүлж зогчигчийн өнцгөөс харсан үйлчилгээ байх ёстой. Жишээ нь: Явган хүний замын сайн сүлжээ, дугуйн зам, цагаар явдаг нийтийн тээвэр гэх мэт.
  2. Олон төрлийн тээврийн хэрэгслүүд өөр хоорондоо холбогдсон хотын тээврийн нэгдсэн сүлжээ бий эсэхБагтаамж ихтэй тээврийн хэрэгсэл нь эдийн засгийн хувьд хамгийн хэмнэлттэй байдаг. Тээврийн хэрэгслийн буудлуудруу явган хүн, унадаг дугуй, такси зэргээр шууд очиж дамжин суух боломжтой байх ёстой. Өөрөөр хэлбэл багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгслийн буудал нь орчин тойрныхоо орон сууцны хороолол эсвэл ажлын байр зэрэгтэй явган хүний зам, дугуйн замаар холбогдсон байх ёстой. Рэйлбусын буудлууд ч мөн адил яваган хүн яваад оччих зам байх хэрэгтэй. Тэгснээр хот нь хүндээ зориулсан үйлчилгээг үзүүлдэг хот болно.
  3. Байгаль орчинд ээлтэй – 100 хүн нэгэн зэрэг ажилдаа явах шаардлагатай гэж бодъё. Тэдгээр хүмүүс нэг орон сууцны хороололд амьдардаг, мөн бүгд хотын төвд ажилтай байдаг. Өглөө бүр тэдгээр бүх хүмүүст ажилдаа явах нийтийн тээврийн хэрэгсэлийг нь цагийн хуваарийн дагуу явуулж өгөхгүй бол 100 хүн бүр өөрийн хувийн 100 ширхэг автомашинаа унаж ажилдаа явна. Үүнээс түгжрэл үүсдэг. Үүнийг ногоон хөгжил, байгаль орчин талаас нь харвал 100 автомашины хэрэглэх бензин, түлшийг зөвхөн нэг нийтийн тээврийн хэрэгсэлд хэрэглэж хэмнэж болж байна. Бензин, түлш нь байгалийн шавхагдах нөөц учраас хэмнэлт зайлшгүй шаардлагатай. Мөн агаарын бохирдолыг орхигдуулж болохгүй юм.
  4. Эдийн засагт хэмтэлттэй, эерэг үр өгөөжтэй – Дээр дурдсанчлан багтаамж ихтэй нийтийн тээвэр нь эдийн засагт хэмнэлттэй, эерэг үр өгөөжтэй байдаг. Харин уг багтаамжийг нь бүрэн ашиглахын тулд бүх буудлууд дээр нь хүмүүс очиж болох холболтуудыг хийж өгөх хэрэгтэй байдаг.
  5. Нийгэмд тустай – Ухаалагаар төлөвлөсөн тээврийн нэгдсэн сүлжээ нь эдийн засагт шууд эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд эдийн засаг хөгжсөнөөр бусад нийгмийн асуудлууд нь шууд бусаар шийдэгдэх үндэс суурь болж өгнө гэж үздэг. Мөн хотын тээврийн нэгдсэн сүлжээгээр үйлчлүүлэхэд ямар ч орлоготой хүн чөлөөтэй зорчих боломжоор хангаж хязгаарлагдмал өрхийн орлоготой хүн тасалбар худалдаж авах боломжтой байх ёстой.

Хөгжиж буй улс орнуудын давтдаг алдаа болох дан ганц автомашинд зориулсан зам, дэд бүтэц барихаас илүү хотын тээврийн нэгдсэн сүлжээ бүхий хүнд зориулсан үйлчилгээ гэсэн өнцгөөс харж аливаа хот өөрийн иргэддээ хүссэн газарлуугаа чөлөөтэй зорчих боломжоор хангадаг байх нь зүй ёсны хэрэг юм.

Үргэлжлэл бий...