Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

13-ын шинэ замын хашлагыг сольсон ч явган хүний замыг "там" болгожээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2014 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

- Өдрийн сурвалжлага -

Нэгийг хийх гээд нөгөөг эвддэг хоёр бүтэлгүй “нөхөр”-тэй хүүхэлдэйн киног хүн бүр мэдэх байх. Шатсан гэрлийн шилээ солихын тулд ширээ, сандлынхаа хөлийг хөрөөдөж шат хийх энүүнхэнд хөглөдөг хоёр. 

Яг энэ хүүхэлдэйн кинонд гардаг шиг нэгэн ажил бидний нэрлэж заншсанаар 13-ын шинэ зам буюу ЮНЕСКО-Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжинд өрнөж байна. Энэхүү ажлын талаар “Зүгээр байсан замын хашлагыг авч хаяад ахин шинээр тавьж байна. Бас л нэг даргын шахааны бизнес байх” гэх хардлага ч цахим ертөнцөд өрнөж байсан.

Бас л нэг даргын шахааны бизнес байх.

Хашлагыг нь засч байгаа замын хажууд “Шинэ үе” дунд сургууль байрладаг. Хуучин хашлагыг авч, явган хүний замын өнгөлгөөний хавтангуудыг хуулаад зам дээр нь хөглөрүүлж орхисноос болж хүүхдүүд бүдэрч унах, овоолсон хавтангуудыг тойрохын тулд  автомашины замаар алхах зэрэг бэрхшээл тулгарч байгаа.

Сургуулийн ойролцоох замын хоёр тал хотын төвийн явган хүний зам гэхээсээ гэр хорооллын гудамж шиг шороо, чулуунд дарагдсан явахад төвөгтэй болсон байв. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохын үлгэрээр замын хашлагыг сольсон ч явган хүний замыг там болгожээ.   

Хичээл эхлэх, тарах үеэр энэ орчмын замын хөдөлгөөн ачаалалтай болдог. Ихэвчлэн бага ангийн хүүхдээ хөтөлсөн эмээ, өвөө нар явган хүний замаар зорчдог. Гэтэл цемэнт, шороо овоолсон замаар бүдэрч, эсвэл авто машины замаар машинтай уралдан алхсаар нэлээд хэд хоногийг өнгөрөөжээ. Зээгээ сургуульд нь хүргээд буцаж явсан нэгэн эмээ “Энэ ухаж, сэндийлсэн шороотой замаар хөгшин хүн, хүүхэд хоёр явах хэцүү юм. Бүрэнхий үед бол бүүр хэцүү, бүдчээд. Энэ хавьд явган хүний гарцтай ч гэрэл дохио байдаггүй. Хурдтай явж байгаа машинд шүргүүлчих гээд хэцүү.” хэмээсэн. 

Хурдтай явж байгаа машинд шүргүүлчих гээд хэцүү.

Энэхүү замыг 2008 онд тавьсан бөгөөд хашлагыг нь ч мөн тэр үед тавьсан байна. Харин хашлага нь усанд элэгдсээр зарим газраараа гараар хүрэх төдийд бутарч унахаар болсон гэдгийг замын ажилд туслан гүйцэтгэгчээр оролцож буй “Алтай рөүд” компанийн ажилтан ярьсан юм. 

Шинээр тавьж буй хашлага нь өмнөхөөсөө арай зузаан, урт болохоор явган хүний замын өнгөлгөөний хавтанг хуулаад, буцааж тавихдаа хэмжээг нь багасгаж огтолж тавихаас өөр аргагүй болоод байгаа гэдгийг дээрх ажилтан учирлаж байсан.  Хэдийгээр ийн учирлаж байгаа ч нэгийг бүтээх гээд нөгөөг эвдэж байгаагаа анхаараасай. Замын хашлага солих ажил дууссаны дараа явган хүний зам нь эвдэрхий хэвээрээ үлдэх вий. Нөгөө хүүхэлдэйн кино шиг.     

Замын хашлагын баталгаат хугацаа гурван жил байдаг бөгөөд уг замынх аль хэдийнэ дууссан гэдгийг Нийслэлийн авто замын газрын ашиглалтын мэргэжилтэн Т.Эрдэнэчимэг онцолсон. Хашлага нь бутарч, үйрч унах нь замын эвдрэлд ихээхэн нөлөөлдөг байна.  

Хашлага нь бутарч, үйрч унах нь замын эвдрэлд ихээхэн нөлөөлдөг. 

Шинээр тавьсан хашлаганы урт нь нэг метр бөгөөд замын хоёр талаар нийт 2400 ширхэг хашлага тавьсан байна. 

Нэг ширхэг хашлаганы үнэ 15-16 мянган төгрөг бөгөөд нийт 79 сая төгрөг төсөвлөжээ. Мөн Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл /НҮУБН/ ажлаа хугацаанд нь дуусгахын тулд туслан гүйцэтгэгчтэй хамтарч байгаа юм байна.   

Уг замын ажил өнгөрсөн сарын 20-ны үед эхэлсэн бөгөөд ирэх даваа гарагт хүлээн авахаар ажлыг яаравчлуулж байгаа аж.

Нэгийг бүтээх гэж нөгөөг нь эвдэж хүүхэд, хөгшдийг бүдрээсэн бүтээн байгуулалтын ажилд холбогдох байгууллагынхан анхаарал тавина гэдэгт найдъя.