Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад үсэг хэрэглэвэл татвар ноогдуулна

Б.Ууган, iKon.mn
2014 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Думын гишүүд Оросын үйлдвэрлэгчид бараа, үйлчилгээний сурталчилгаанд гадаад үг, үсэг хэрэглэвэл нэмэлт татвар ноогдуулах санал гаргажээ.

Энэ санаачлагийг Төрийн Думын гурван ч фракц дэмжсэн учир хуулийн төслийг удахгүй хэлэлцэх бололтой.

Оросын коммунист нам, Оросын Либерал демократ нам болон “Нэгдсэн Орос” намын фракцууд орос хэлийг хамгаалах, түүнээс гадна хэрэглэгчдийг эх орны болон гадаадын үйлдвэрийн бүтээгдэхүүний дундаас сонголт хийхдээ алдаа гаргахаас нь хамгаалах зорилготой хуулийн бичиг баримтыг боловсруулсан байна.

Оросын зах зээлд зориулан Оросын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлээд, харин сурталчилгаандаа латин үсэг ашигладаг Оросын компаниуд шинэ хуулийн дагуу татвар төлөхөөр болж байгаа юм.

Шинэ хууль батлагдвал төсвийг ихээхэн нэмэгдүүлнэ, учир нь компанийн хэмжээ, орлогоос нь хамаарч татвар төлөлтийн хэмжээ гарах тул татварын орлого өндөр байх болно хэмээн хуулийн төсөл санаачлагчид мэдэгджээ.

Харин энэ хуулиар хийжүүлсэн ундаа, түргэн хоолны үйлчилгээ эрхэлдэг олон улсын томоохон концернүүд энэ нэмэлт татварт хамаарахгүй юм байна.

Харин Оросын газрын тосны томоохон компани болох Лукойл нэрэндээ гадаад үг үсэг ашигласан байдаг тул хууль батлагдвал нэмэлт татвар төлөхөөр болно. Түүнчлэн нэрнийхээ эхний үсгийг латинаар бичдэг Газпром ч энэ хуулийн дагуу чамгүй мөнгө төлөх бололтой.

Энэ хуулийн төслийг хууль санаачлагчид эх хэлээ хамгаалахад ихээхэн нэмэр болно гэж үзсэн бол  бизнес хүрээллийнхэн таагүйгээр хүлээн авчээ. Ямартай ч хуулийн төсөл санаачлагчид он дуусахаас өмнөхөн төслөө хэлэлцүүлэгт өргөн барих гэнэ.