Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

З.Энхболд: А.Бакей дарга яагаад хурлаа хийхгүй байгаа юм бэ?

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж, гишүүдийн саналыг авсан юм.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: 28 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах санал өргөн бариад 10 гаруй хонож байна. Хуулийн хугацаа дуусаад байхад энэ асуудал яагаад хэлэлцэгдэхгүй байгаа юм гэсэн асуултыг тавьж байлаа. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо ч хуралдсангүй гэсэн юм.
 

УИХ-ын дарга З.Энхболд: Байнгын хороо хуралаа хийхгүй байгаа нь чуулганы асуудал биш. А.Бакей дарга яагаад хурлаа хийхгүй байгаа юм бэ?
 

Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга А.Бакей: Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар Шударга ёс эвслээс завсарлага авсан нь өчигдөр дууссан нь үнэн. Байнгын хороо өнөөдөр хуралдая. АН-ын бүлэг завсарлага авбал авна биз гэв.

УИХ-ын дарга гишүүдийн хэлж буй санал хэлэлцэх асуудалтай хамаагүй учир хэлэлцэх асуудалдаа оръё гэснээр эхний асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдэхээр ярилцаж эхэллээ.



Өнөөдөр хэлэлцэх асуудлууд:

1.Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2014.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;


2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох тухай, хэлэлцэх эсэх/;


3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын гишүүн 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн татварыг 1 хувь болгох тухай, хэлэлцэх эсэх/;


4.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, иргэний агаарын хөлөг, түүний сэлбэгийг татвараас чөлөөлөх тухай, хэлэлцэх эсэх/ асуудлыг шийдэх юм.