Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Нарантуяа: Буудлага бол сэтгэлзүйн спорт

Зууны мэдээ
2014 оны 10 сарын 30
Зууны мэдээ
Зураг зураг
ОУХМ Ч.Нарантуяа

"Инчеон-2014" Азийн зуны спортын XVII наадмаас урт бууны 50 метрийн дасгалд алтан медаль хүртсэн ОУХМ Ч.Нарантуяатай ярилцлаа.

Тэрээр оюутны универсиадын хоёр мөнгө, Гран при тэмцээний хоёр алт, Азийн аваргын хоёр хүрэл медаль, УАШТ-ий 50 гаруй медаль зэрэг чамгүй амжилттай тамирчин юм.

-Юуны өмнө танд баяр хүргэе. Таныг хүлээж суухдаа тамирчин хүн аварга боллоо гээд амжилтдаа ханадаггүй. Үргэлжлүүлээд л дараагийн тэмцээний бэлтгэлдээ ордог юм байна гэдгийг ойлгож суулаа?

-Би Инчеоны наадмаас ирээд сайн амарч чадаагүй. Буудлагын спортын дотоодын тэмцээнд үргэлжлүүлэн оролцож байна. Саяхан зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч Д .Нарантулга агсны нэрэмжит тэмцээнд оролцож, гурван төрөлд буудчихаад байна. Мөн
цаана нь хоёр тэмцээн үлдэж байгаа ер нь амрах завгүй л тэмцээнд оролцож байна даа. Ирэх онд олимпийн эрхийн тэмцээнүүд эхэлнэ. Ирэх жил болох Дэлхийн цомд амжилт гаргахыг зорьж, олимпийн эрхээ авах бодолтой байгаа.

-Бэлтгэлийн ачаалал хэр байдаг вэ?

-Тэмцээн уралдаан дөхсөн үед бэлтгэлийн цаг бага байдаг. Бэлтгэлийн үед долоо хоногийн зургаан өдрийг бэлтгэлд зарцуулдаг. Ням гарагт гэртээ амарч, гэр бүлийнхэндээ цаг гаргадаг.

-Таны амралтын нэг өдөр хэрхэн өнгөрдгийг сонирхож болох уу?

-Би амралтын өдрөө бусдын адил гэртээ амрахыг хүсдэггүй. Амралтынхаа цагийг аль болох гэр бүлдээ зарцуулах дуртай. Гэр орны ажил, хоол хийх, хүүгийнхээ хичээлийг давтуулах зэргээр гэр бүлдээ цаг зарцуулах нь сайхан амралт болдог.

-Амжилтын цаана сайн хань, гэр бүлийн халамж байдаг гэдэг. Гэр бүлээ танилцуулахгүй юу?

- Миний аавыг Б.Чулуунбадрах гэдэг. Өмнөговь аймгийн тамгын газарт хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, харин ээж маань тус газарт ойн албаны даргаар ажилладаг. Ээж, аав хоёр минь намайг үргэлж дэмждэгт баярлаж явдаг. Миний хань хувийн компанид ажилладаг. Намайг тэмцээнд явах үед ар гэрийн асуудлаа хариуцаж, авч гардаг даа. Хүү минь энэ жил нэгдүгээр ангид орсон.

-Чухам яагаад энэ спортод орох болов?

-Анх аав маань намайг Өмноговь аймгийн батлан хамгаалах туслах нийгэмлэгийн дэргэдэх буудлагын дугуйланд Доржпалам багшид шавь оруулсан. Тухайн үед бага байсан болохоор буудлагын спортын талаар ямар ч ойлголтгүй байлаа. Аав маань энэ спортоор тууштай хичээллэж, эцсийг нь үзэх ёстой хэмээн цаг ямагт захидаг байсан. Би аавынхаа хэлснээр буудлагын спортод хоёргүй сэтгэлээр, шантрахгүй байхаар шийдсэн.

- Аавын үг танд нэгийг бодогдуулж дээ?

-Би аливаа зүйлд тууштай байж, эцсийг нь үзэх гээд байдаг зантай л даа. Аавын минь тэр үед хэлсэн үг надад нөлөөлсөн юм болов уу.

-Спорт хүнийг төлөвшүүлдэг гэж ярьдаг?

-Аав, ээж хоёр маань их тайван хүмүүс. Би ч аливаа зүйлд тайван уужуу байдлаар ханддаг. Энэ спортоор хичээллэснээр улам л тайван болж буйгаа анзаарсан.

-Инчоны наадамд оролцохдоо өрсөлдөгчдөө судалсан уу?

-Өмнө нь тэмцээн уралдаанд өрсөлдөж байсан зүс мэдэх тамирчин олон байлаа. Бид нэгнийхээ ур чадвар тактикийг сайн мэдэх юм. Азийн наадам, Олимп, Дэлхийн аваргад цөөнгүй оролцсон. Ер нь тамирчдынхаа судалгааг сайн хийж байсан.

-Буудлагын спорт тамирчин хүнээс сэтгэлзүй, бие бялдарын хувьд юу шаарддаг вэ?

-Буудлагын спорт гэлтгүй бүхий л спортын төрөлд тэсвэр тэвчээрийг шаарддаг шүү дээ. Мөн биеийн ерөнхий хүчний бэлтгэл хэрэгтэй. Тамирчны зан характер бас нөлөөлнө. Мөн буудлагын тамирчин галын аюулгүй байдлын дүрмээ сайн баримтлах ёстой байдаг. Энэ спортоор 13-аас дээш насны хүүхдүүд хичээллэх хэрэгтэй. Бага насны хүүхдүүд галын аюулгүй байдлын дүрэм сайн мэдэхгүй. Анхны Доржпалам багш маань биеийн ерөнхий хөгжлийн бэлтгэлийг долоо хоногийн таван өдөр хийлгэдэг байсан. Тэрээр “Буу өргөх чадалтай байж буудлагын спортоор хичээллэнэ” гэж сургадаг байлаа.

-Сэтгэлзүйн хувьд хэр бэлтгэлтэй байсан бэ. Алтан медаль авсан тэр мөчөө эргэн дурсвал?

-Буудлагын спортын онцлог нь тамирчин хүн өөр өөртэйгээ өрсөлддөг сэтгэлзүйн спорт юм. Тамирчин буудлагын талбарт гарахаараа өөртэйгөө ярьж,өөрийгөө дасгалжуулдаг. Наадмын үеэр алтан медаль авчих ч юм шиг санагдаж, элдвийн бодол эргэлдэж, 50 минутын турш өөртэйгөө ярьж байлаа. Тэгээд л бодлоо төвлөрүүлж, буудаж дуусаад эргээд харсан чинь багш маань “нэгт орлоо” гээд гараараа дохьсон. Тэгэхэд л өөрийгөө ялж чадсандаа их баярласан.

-Тамирчин хүн эх орныхоо нэрийг тив дэлхийд гаргах тэр мөчөөс хуваалцаач?

-Олимпийн дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүлж, төрийн далбаагаа мандуулах тэр мэдрэмж үнэхээр сайхан. Би олимпийн наадамд аавынхаа овгоор бус эх орноороо овоглуулж байгаа нь сайхан санагдсан. Би наадамд оролцохдоо нэрээ биш төрийн далбаагаа түрүүлж хардаг даа.

Зураг