Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнсний бүтээгдэхүүний хугацааг шалгаж худалдан авалт хийхийг зөвлөлөө

Г.Номин, iKon.mn
2014 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт"-ын холбогдох заалтуудын хэрэгжилтийг  шалгах шалгалтыг  гуравдугаар сарын 19-нөөс  зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор хийж гүйцэтгэжээ.

Уг шалгалтын дүнг өнөөдөр МХЕГ-ын даргын зөвлөлын хурлаар нээлттэй хэлэлцсэн юм.

Шалгалтад  нийт 77 үйлдвэр, цех хамрагдахаас 

  • Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй сүү, сүүн бүтээгдэхүүний 11 үйлдвэр, 
  • Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй 42 үйлдвэр, цехийн нийт 53 объект хамрагдаж, 24 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа түр болон бүрмөсөн зогсоосон, чиглэлээ өөрчилсөн зэрэг шалтгааны улмаас хамрагдаагүй байна. 

Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 20.8 хувь нь нийслэлд, 79.2 хувь нь аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.

НМХГ-ын Хүнсний чанарын аюулгүй байдлын улсын ахлах байцаагч Д.Бадамжав "Сүү, сүүн бүтээгдэхүүний хадгалах хугацаа бусад хүнсний бүтээгдэхүүнтэй харьцуулахад богино байдаг. Тиймээс хугацаа дууссан бүтээгдэхүүнийг эргүүлэн татах, устгал хийх асуудлууд хүндрэлтэй байдаг.

Хуулиараа бол хүнсний сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ эргүүлэн татах албагүй байгаа бөгөөд худалдаа эрхлэгчид борлуулалтынхаа хэмжээнд тохируулан үйлвэрүүдээс худалдан авалт хийж байна. Энэ нь иргэд хугацаа дууссан бүтээгдэхүүн авах эрсдэл дагуулж байгаа юм. Тиймээс иргэддээ хүнсний бүтээгдэхүүний хугацааг шалгаж худалдан авалт хийхийг зөвлөж байна. " хэмээн ярилаа.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд:

  1. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн 58,5 хувь нь үйлдвэрийн барилга байгууламжийг мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу бариагүй буюу өргөтгөж шинэчлээгүй
     
  2. Үйлдвэрүүдийн 30,2 хувь нь бүтээгдэхүүнийг бохирдуулахгүй нөхцлийг бүрдүүлж, хүнсний зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр хангагдаагүй
     
  3. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн 67,9 хувь нь халуун ба хүйтэн бүсийг ялган заагласан тэмдэглэгээгүй, 47,2 хувь нь гэрлийн бүрхүүлгүй, 56,6  хувь нь хана шал болон хана таазны хоорондын өнцгийг цэвэрлэхэд хялбар байхаар хийгээгүй, цонхны тавцан нь налуу биш, шал нь гулгадаггүй материалаар хийгдээгүй
     
  4. Шалгалтанд хамрагдсан үйлдвэрүүдийн 69,8  хувь нь сүүнд бичил биетний тоог тодорхойлох тоног төхөөрөмж багаж хэрэгсэлгүй
     
  5. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн 66,0  хувь нь бэлэн бүтээгдэхүүн хүрэлцэх гадаргуугаас эмгэг төрүүлэгч бичил биетнийг илрүүлэх /арчдас/ шинжилгээ хийж, бүртгэл хөтөлдөггүй, 35,8  хувь нь ажиллагсдаа халдварт өвчнөөр өвчилсөн, эсхүл, ийм өвчтөнг асарсан тохиолдол бүрд тухайн ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулдаггүй, 71,7  хувь нь ажиллагсаддаа ариун цэвэр, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр сургалт зохион байгуулж, бүртгэл хөтөлдөггүй
     
  6. Үйлдвэрүүдийн 81,1  хувь нь хүнсний бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөөгүй, 58,5  хувь нь зах зээлээс буцаан болон татан авсан бүтээгдэхүүнийг устгах буюу дахин боловсруулах журамгүй, ийм төрлийн бүтээгдэхүүнийг бусад бүтээгдэхүүнээс тусад нь хаягжуулж хадгалдаггүй
     
  7. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдийн 20,8  хувь нь бэлэн бүтээгдэхүүний шошгонд хэрэглэгчдэд зориулсан мэдээллийг бүрэн тусгаагүй, 86,6  хувь нь дотоод хяналтын журам боловсруулж, мөрдөж ажилладаггүй