Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Өөрчлөлт авчрах сэтгэлийн дуудлагаар....ЖОШУА ВОНГ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Зузаан хүрээтэй нүдний шил зүүсэн жижиг биетэй энэ хүүгийн үүсгэсэн хөдөлгөөний цар хүрээ үлэмж. Дэлхийн хамгийн хатуу, чанга байр суурьтай Хятадын Засгийн газар, түүний бодлогыг хэрэгжүүлэгчдийн эсрэг зоригтойгоор, бас эв дүйгээр тэмцэж байгаа тэрээр Хонг Конгийн Open их сургуульд улс төр, олон нийтийн харилцааны чиглэлээр сурдаг. 

“Хүмүүс Засгийн газраасаа айх ёсгүй. Харин Засгийн газар нь ард иргэдээсээ айж байх ёстой” Жошуа Вонг

Хонг Конгийн бослогын үеэр Тайм сэтгүүл дэлхийн хамгий нөлөө бүхий өсвөр насныхны жагсаалтад түүнийг онцолжээ. 

Хонг Конгд болж буй оюутны бослогыг зохион байгуулсан “Сколаризм” хөдөлгөөнийг удирдагч Жошуа Вонг нь 1996 онд төрсөн. 14 настай сурагч байхдаа тэрээр хэсэг нөхдийн хамтаар Сколаризм хөдөлгөөнийг бий болгож хичээлийн хөтөлбөрт Хятадын коммунизмын шинжтэй “тархи угаах” мэдээлэл байсныг эсэргүүцэж жагсаал хийж байжээ. Эцэстээ энэхүү жагсаал 100 мянга давсан дэмжигчидтэй болж амжилтанд хүрсэн байна. Жагсаал болсноос хойш сарын дараа Засгийн газраас тухайн хичээлийг сургуулиудын хөтөлбөрөөс хассан байдаг. 

2017 оны сонгуульд Хятадын Засгийн газар Хонг Конгийн ард иргэдэд эрх баригчаа сонгох амлалтыг өгсөн боловч сүүлийн үед энэ амлалтаасаа ухраад байгаа билээ. Тиймээс ард иргэд нь сонгох, сонгогдох эрхийнхээ төлөө ийнхүү жагсаад байгаа юм.

Гэхдээ энэ жагсаал хамгийн тайван, үлгэр жишээ болж байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг ихээр татаж байна. Ийм олон хүнтэй жагсаалыг ийнхүү тайван замаар зохион байгуулж байгаагаа Жошуа Вонг “Тайван замаар л жагсаж байж бид хүмүүсийн дэмжлэгийг авна шүү дээ” гэж тайлбарласан бол жагсаал хийж буй хамгийн гол үндэслэлийнхээ тухайд “Мэдээж Хятад Хонг Конг хоёр салшгүй холбоотой. Гэхдээ Хятадын нийгэмд сайшаадаггүй зүйл энд арай өөр шүү дээ. Ардчиллын үнэт зүйлс болох сонгох, сонгогдох эрх тэнд өөрчлөгддөггүй юм гэхэд энд бий болох л ёстой” гэжээ. 

 “Мэдээж Хятад Хонг Конг хоёр салшгүй холбоотой. Гэхдээ Хятадын нийгэмд сайшаадаггүй зүйл энд арай өөр шүү дээ. Ардчиллын үнэт зүйлс болох сонгох, сонгогдох эрх тэнд өөрчлөгддөггүй юм гэхэд энд бий болох л ёстой”

Цагдаа нар есдүгээр сарын 26-нд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр түүнийг баривчилж дөч гаруй цаг саатуулаад сулласан. Түүнийг баривчлагдсантай холбоотойгоор Засгийн газрыг эсэргүүцэгчдийн тоо улам нэмэгдэж, жагсаал улам ч хүчээ аваад байна. 

Христийн шашинтай гэр бүлд өссөн Жошуа Вонг барууны амьдралын хэв маяг, үзэл санаа их чухал байдаг ажээ. Тиймдээ ч ардчилал, сонгох сонгогдох эрхийнхээ төлөө ийнхүү тэмцэж байгаа юм. Ирээдүйнх нь тухай асуусан сэтгүүлчийн асуултанд “Миний ирээдүй Хонг Конгийн ирээдүйгээс шалтгаална” гэж хариулсан нь түүнийг өөрийн зорилгодоо тууштайгаар, зүрх сэтгэлийнхээ дуудлагаар хүрэх гэж тэмүүлж буй нь харагдаж байна. Дэлхий дахин ч үүнийг мэдэрч байгаа.

Хонг Конгийн жагсаалаас нэг зүйл их тод харагдана. Тэд өөрсдөдөө үнэтэй зүйлийнхээ төлөө зүрх сэтгэлээрээ тэмцэж байна. Тэднийг жирийн нэг өсвөр насны хүүхэд гудамжинд зогсоочихлоо гэвэл эндүүрэл. Харин үнэхээр тэмцэх ёстой зүйлийн төлөө цаг үеэ олж дуугарч байгаа учраас жагсаалыг ийнхүү тайван бас хүчтэй болгож байгаа юм. 

Өөрсдийнхөө амьдралын төлөө биш хэн нэгний төлөө жагсаад байна уу даа гэж хардмаар манай зарим жагсаалаас тэс өөр ажээ.

Хавар, намартаа нэг цуглачихдаг. Цуглахаараа ард иргэдийнхээ дэмжлэгийг авч чаддаггүй. Өөрсдийнхөө амьдралын төлөө биш хэн нэгний төлөө жагсаад байна уу даа гэж хардмаар манай зарим жагсаалуудаас тэс өөр ажээ.

Ардчиллын төлөө тэмцэж байгаа ч Хонг Конгд тус нийгмийн үнэт зүйлс аль хэдийнээ бий болжээ. Харин Жошуа Вонг хойч үедээ удирдагчаа сонгох эрхийг нь “авч өгөх” болов уу гэдэг асуулт л үлдлээ.