Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн засгийн газар тэмцэгчидтэй маргааш хэлэлцээр хийнэ

Б.Даваахүү
2014 оны 10 сарын 20
Монголын мэдээ
Зураг зураг

Хонг Конгод Бээжингийн талаас ардчилсан сонгуулийг шаардаж буй оюутан, залуус  өнгөрсөн сарын 28-ны өдрөөс эхлэн хотын төв замууд дээр эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулах болсон бөгөөд одоо ч үргэлжилсээр байна.

Энэ хугацаанд цагдаа болон жагсагчдын хооронд удаа дараа мөргөлдөөн үүсч, байдал улам хурцдаж байгаа юм. Тэгвэл маргаантай байгаа хоёр талын төлөөллүүд маргааш уулзаж, хэлэлцээр хийхээр болжээ. Хонг Конгийн Засгийн хоёр дахь албан тушаалтан болох Кэрри Лам өнгөрөгч бямба гарагт энэ талаар сэтгүүлчдэд мэдээлжээ.

Түүний хэлснээр хоёр талаас тав таван төлөөлөл уулзалтад оролцож, Хонконгийн Үндсэн хуулийн шинэчлэлттэй холбоотой асуудлаар харилцан ярилцах маягаар хэлэлцээр зохион байгуулах аж.

Хятадын эрх баригчид ирэх 2017 оны Хонг Конгийн удирдлагыг сонгох сонгуульд нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах ёстой гэсэн болзол тавьсан нь эсэргүүцлийн жагсаалыг өдөөсөн билээ.

Жагсагчдын шаардаж буй Засгийн газрын тэргүүнийг огцруулах, 2017 оны сонгуулиар удирдагчаа ард иргэд өөрсдөө сонгодог болох зэрэг асуудлуудад Хятадын Засгийн газрын тал буулт хийх найдвар туйлын бага байгааг эх сурвалжууд тэмдэглэж байна.

Кэрри Лам ч гэсэн хэдийгээр яриа хэлэлцээр хийхээр болсон ч сонгуультай холбоотой асуудлын тухайд Бээжингийн тал шийдвэрээ өөрчлөхгүй гэдгийг онцолжээ.

Нөгөө талаар, жагсагчид Монг Кокийн хөл хөдөлгөөн ихтэй томоохон төвийн өмнөд хэсэгт хяналтаа тогтоож замын хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна.

Өнгөрсөн өдрүүдэд хэд хэдэн удаа мөргөлдөөн үүсч, цагдаа нар жагсагчдын эсрэг бороохой болон халуун чинжүү шүршигч хэрэглэн тараахыг оролджээ. Баасан гарагийн орой болсон мөргөлдөөний үеэр гэхэд 15 цагдаа гэмтэж, 26 жагсагч хүч хэрэглэсэн хэргээр буруутгагдан баривчлагдсан байна.

Түүнчлэн, цагдаа нар жагсагчдыг зодож буй бичлэг цацагдаж ихээхэн шүүмжлэл дагуулаад байсан билээ. Тэгвэл жагсаалд оролцож буй хүмүүсийг зодсон гэх хэрэгт буруутган зарим цагдаагийн алба хаагчдыг ажлаас нь халж, холбогдох мөрдөн байцаалтыг эхлүүлсэн талаар албаныхан дуулгажээ. Ямартай ч, энэ хэрэг хэрхэн шийдэгдэхийг дэлхийн нийт анхааралтай ажиглаж байгаа юм.

Зураг