Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Эболагийн илрэх шинж тэмдэг ханиадтай төстэй байдаг учир гэрээр эмчилгээ хийгүй байхыг анхаарууллаа

Г.Номин, iKon.mn
2014 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн захирал, багш нар эбола вирусын талаар үнэн зөв тодорхой мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ удаагийн Эболагийн халдвар 2013 оны арванхоёрдугаар сараас Баруун Африкийн Гвиней улсад дэгдсэн юм. 

ДЭМБ-ийн мэдээлснээр 2014-10-22 ны байдлаар Эбола вирусээр 9911 хүн өвчилсний 4865 нь эндсэн байна. Одоогоор өвчлөл бүртгэгдсэн Африкийн Сенегал улсад аравдугаар сарын 17, Нигери улсад аравдугаар сарын 20-ны байдлаар өвчлөл зогссоныг ДЭМБ албан ёсоор зарлаад байна.

Африкийн Сенегал улсад аравдугаар сарын 17, Нигери улсад аравдугаар сарын 20-ны байдлаар өвчлөл зогссон.

Харин Африкийн Либери, Сьерра Леоне, Гвиней улсуудад өвчлөл нэмэгдэж, өргөн тархсаар байна. Гурван орны нийслэл хотуудад халдварын тархалт өндөр хэвээр байна. Өвчний тархалт улс бүрт харилцан адилгүй байгаа бөгөөд Сьерра Леоне улсад бүх дүүргүүдэд, Либерид нэг дүүрэгт зонхилон тархаад байгаа.

АНУ, Испани улсад эбола вирусээр өвчилсөн хүнээр зөөвөрлөгдөн тархсан өвчтөний ойрын хавьтлыг илрүүлэх ажиллагаа үргэлжилсээр байна.

Манай орны хувьд энэхүү халдвараас хүн амаа хамгаалах арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

АУ-ны доктор, дэд профессор Ч.Баттогтох "Анх 1976 онд бүртгэгдэж байсан Эбола вирусийн дэгдэлт цөөхөн байдаг учир төдийлөн судлагдаагүй байдаг.

Энэ удаагийн дэгдэлт өмнөх дэгдэлтүүдээс далайцтай олон орныг хамарч байгаа учир Англи, Францийн 70 гаруй эрдэмтдээс бүрдсэн хоёр судалгааны баг Эбола вирусийн вакцин, эмчилгээний арга гаргаж авахаар ажиллаж байна.

Хэрвээ судалгаанууд амжилттай болвол 2015 оны эхээр вакцин гарах боломжтой" гэлээ.

Эбола вирусийн илрэх шинж тэмдэг нь томуу, миненгит, хумхай зэрэг өвчнүүдийн үед илэрдэг шинж тэмдгүүдтэй ижил байдаг юм байна. Тиймээс иргэдэд өөрсдөдөө онош тавьж гэрээр эмчилгээ хийхгүй байхыг анхааруулж байна.

Эбола вирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж

Хүнээс хүнд халдвар хэрхэн тархах вэ?

Хүнээс хүнд шууд хавьтлаар гэмтсэн хүний арьс, салст бүрхүүл Эбола вирусийн халдвар дамжина. Эмнэлзүйн шинж илэрсэн үеэс Эбола вирусийн халдвар дамжих боломжтой болно.

1.    Эбола вирусийн халдвартай хүний бүхий л төрлийн шингэн (цус, шүлс, шээс, хөлс, өтгөн, бөөлжис, хөхний сүү, үрийн шингэн)

2.    Цусаар: зүү тариур

3.    Халдвартай амьтан

Хүнээс хүнд халдвар хэрхэн тархахгүй вэ?

-    агаараар

-    усаар

-    хоол хүнсээр

Өвчин ямар хугацааны дараа илрэх вэ?

Эбола вирусийн халдвартай хүнтэй хавьтал болсноос хойш 2-21 хоногт шинж тэмдэг илэрдэг байна.

Өвчин хэрхэн эхлэх вэ?

1.    Эхний 1-2 хоногт:

о 38.6 хэмээс өндөр халуурна. о Бие ихээр ядарч сульдах о Булчин, ялангуяа нурууны булчингаар өвдөх о Булчин сулрах о Толгой өвдөх

2.    3-4 дэх хоногоос

о Бөөлжих о Суулгах о Хэвлийгээр өвдөх

3.    Цаашлаад:

о Арьсан дээгүүр толбо гүвдрүүтэй улаан тууралт гарах о Том хөх тууралт гарах о Жижиг цусархаг тууралт гарах

Жич: Эбола вирусийн халдвар нь гэдэсний балнад, менингит, хумхаа зэрэг өвчинтэй андуурагддаг.

Өвчний явц ямар байх вэ?

-    Өвчний эхний хоногуудад илэрсэн шинж тэмдэг 5-6 хоногт даамжрах үед ихэвчлэн эмнэлэгт хэвтдэг байна. Иймээс өвчин хүндэрч нас барах нь их байдаг. Эмнэлэгт хэвтсэнээс хойш нас баралтын дундаж хугацаа 4.6 хоног байна.

-    Эбола вирус цус бүлэгнэлтийн эмгэг үүсгэсний улмаас их хэмжээний цусархагийн шинж буюу цус алдах, .цусархаг тууралт гарах, бөөрний болон элэгний дутагдалд орох, тархины үрэвсэл үүсэх зэрэг хүнд явцаар явагдаж нас баралтад хүргэдэг байна.

Хэрхэн эмчлэх вэ?

-Эмнэлэгт эрт хэвтүүлэх

-    Шингэн сэлбэх эмчилгээ: Суулгалт бөөлжилтийн улмаас шингэнээ алдалтад орох учраас амаар хросол, давс сахарын уусмал зэрэг шингэн уух, эмнэлэгт судсаар тарих эмчилгээг хийнэ.

-    Цус бүлэгнэлтийн эмгэгийг засах: Энэ эмчилгээг эмч үндсэндээ хийнэ.

-    Одоогоор өвөрмөц эмчилгээ үгүй боловч Эбола вирусийн халдвараар өвдөөд эдгэсэн хүний цус юүлэх эмчилгээг зөвлөж байна.

-    Дархлаа сайжруулах эмчилгээг зөвлөж байна.

Хэрхэн сэргийлэх вэ?

-    Эбола вирусийн халдвартай улс оронд аялахгүй байх.

-    Халдвартай хүнтэй хамт байж хавьтал болсон тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж хяналтанд орох ёстой.

-    Хувийн ариун цэвэр хамгийн чухал: Учир нь хүн хамар, нүдээ арчих үрэх тохиолдолд тухайн эрхтэний салст бүрхүүлийг гэмтээдэг. Гэмтсэн салст бүрхүүлд Эбола вирусээр халдварлагдсан материал хүрэлцэх үед халдвар дамжина. Жишээлбэл өвчтэй хүнтэй хамт байсан тохиолдолд өвчтөн ханиахад шүлс нь нүдний салстад орох үед халдвар дамждаг байна. Үрийн шингэнд 3 cap хүртэл хугацаанд Эбола вирүс хадгалагддаг байна. Эбола вирүсийн халдвартай материал хаалганы бариул зэрэг эд зүйлс хэдэн цагийн дотор хадгалагдаж байдаг байна. Иймээс:

Гараа тогтмол савантай усаар угаах

-    Гар угаах боломжгүй тохиолдолд спиртэн гар ариутгах бодисыг хэрэглэх

-    Нүд, хамар, ам зэрэг салст бүрхүүлийг гэмтээхгүй байх

-    Сэжигтэй болон өвдөөд эдгэсэн тохиолдолд 3 сарын хугацаанд амаар бэлгийн хавьталд орохгүй байх

-    Өвчтэй хүний хэрэглэсэн зүү тариур зэрэг эд материалтай харьцахгүй байх.

Хамгийн сайн сэргийлэх арга нь гарын ариун цэврийг сайтар сахих явдал юм. Үүнийг гэр орон, цэцэрлэг, сургууль, ажил дээрээ хүн бүр сахиж чадвал зөвхөн Эбола вирусийн халдвар төдийгүй олон халдвараас бидний наад захын мэдэх томуугийн халдвараас гэдэсний халдвараас 50-90% хүртэл хамгаалж чаддаг. Иймээс гарын ариун цэврийг сахих нь ямар ч халдвар өвчнөөс сэргийлэх хамгийн чухал арга хэмжээ юм.

Материалыг бэлтгэсэн: АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн захирал

АУ-ны доктор, профессор С.Мөнхбаярлах АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн багш

АУ-ны доктор, дэд профессор Р.Оюунгэрэл; АУ-ны доктор дэд профессор Б.Баярмагнай АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш

АУ-ны доктор, дэд профессор Г.Даваа АШУҮИС-ийн Эмзүй Био-Анагаахын Сургуулийн багш

АУ-ны доктор, дэд профессор Ч.Баттогтох