Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх онд хэн хэдэн төгрөг зарцуулах вэ?

Д. Болор
2014 оны 10 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг

2015 оны Төсвийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Засгийн газраас оруулсан энэ төслийн талаар АН, МАН, “Шударга ёс” эвслийнхэн янз бүрийн байр суурьтай байна.

Ялангуяа МАН-ынхан маш муу төсөл болсон, төслөө эргүүлэн татаж авахыг хууль санаачлагчаас шаардав. Зээл тусламжаар сургууль, эмнэлэг, цэцэрлэг барих тухай бичсэнээс бус төсвийн хөрөнгөөр нэг ч объект барихгүй гэдгийг тэд нэмж онцлов.

Зарим нь энэ оны эхний есөн сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 688.4 тэрбумаар, зарлага 1.4 их наяд төгрөгөөр, төсвийн хөрөнгө оруулалт 54 хувь буюу 872.3 тэрбум төгрөгөөр тасарсан тухай хэлж байна. Тэгвэл 2015 оны Төсвийн тухай хуулийн төсөлд юу өгүүлсэн тухай дэлгэж үзье.

2015 оны төсвийн орлогын 81 хувийг татварын орлого, үүнээс 32.7 хувийг орлогын татвар ба нийгмийн даатгалын шимтгэл, 34.9 хувийг хэрэглээний татвар, 14.6 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хамаарсан орлого эзлэх ажээ.

Импортын хэмжээ, зэс, нүүрс, алт, төмрийн хүдэр, газрын тос зэрэг голлох экспортын бүтээгдэхүүний хэмжээ, олон улсын зах зээл дээрх үнэ төлөвлөсөн хэмжээнээс өөрчлөгдөх нь 2015 оны төсвийн орлогын голлох эрсдэл болох гэнэ.  Түүнчлэн “Энэ оны  эхний найман сарын гүйцэтгэлд үндэслэн тооцоход оны төгсгөлд эдийн засгийн өсөлт нэмэгдэхээр байна.

Үүний тулд Чингис бонд, Хөгжлийн банкнаас оруулах хөрөнгө оруулалт, Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдээс гадна экспортын орлогыг нэмэхэд чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлэх зорилгоор Концессын зүйлийн жагсаалтыг шинэчлэн баталсан бөгөөд авто зам, цахилгаан станцын төслүүдийг энэ онд хэрэгжүүлж байна. Мөн Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт олборлолтыг дэмжин ажиллана.

Төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр 2014 онд аж үйлдвэрийн салбар 11.6 хувиар, үүнээс уул уурхай салбар 17.5 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбар 5.9 хувиар тус өсөхөөр байна.

Аж үйлдвэрийн салбарын бүтээн байгуулалтын ажлын үр дүнд үйлчилгээний салбар 3.9 хувиар өсөж, хүлээгдэж буй гүйцэтгэлээр Монгол Улсын ДНБ 2014 онд 6.9 хувь, 2015 онд 7.1 хувь, 2016-2017 онд 10 орчим хувиар тус өснө” гэжээ. Мэдээж энэ төслийн онцлог нь орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх тухай юм.

Улсын төсвөөс аймаг, нийслэлийн орон нутгийн төсвийн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэхэд 830.1 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгоно гэдгийг хууль санаачлагчид хэлж байна.

САЙД ДАРГА НАРЫН 2015 ОНД ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ТӨСӨВ

ОРОН НУТАГТ ОЛГОХ ТӨСӨВ

ОРОН НУТГИЙН НИЙТ ОРЛОГЫГ ЭХ ҮҮСВЭРЭЭР НЬ АНГИЛЖ ҮЗВЭЛ

  • Орон нутгийн төсвийн суурь орлого 766.9 тэрбум төгрөг
     
  • Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэгээс 830.1 тэрбум төгрөг
     
  • Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 186.6 тэрбум төгрөг
     
  • Улсын төсвөөс орон нутагт олгох тусгай зориулалтын шилжүүлгээс 13.8 тэрбум төгрөг
     
  • Орон нутгийн төсвийн нийт орлого ба суурь орлогын зөрүү 51.7 тэрбум төгрөг
     
  • Гадаад төслийн тусламжаас 4.7 тэрбум төгрөг
     
  • Хөрөнгө оруулалтын шилжүүлэг 190.9 тэрбум төгрөг төвлөрөхөөр бичжээ.
Зураг