Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Горькийн номын санд саатав

Ч.Гантулга
2014 оны 10 сарын 22
Зууны мэдээ
Зураг зураг

“Номын сан бол чимээгүй орчин” гэсэн бичигтэй хаалганы өмнө тулж очоод сэмээрхэн шагайвал дөрвөн эгнээ бүхий саруулхан номын санд ахлах ангийн сурагч бололтой 10 гаруй хүүхэд ном уншиж, зарим нь юм тэмдэглэж байгаа нь харагдав.

Харин номын санч бүсгүй алдарт “Дайн ба энх” романыг уншиж байсан юм. Тэрээр уншигч хүүхдүүдийг харж, дэвтэртээ ямар нэг зүйл тэмдэглэнэ.

Энэ номын санг хүүхдүүд андахгүй мэдэх ажээ. Замд таарсан багачуудаас Горькийн номын сан хаана вэ гэж асуухад мэдэхгүй нь цөөн юм.

Горькийн номын сан 1000 номын архивтай.

Учир нь сансарын арын гэр хороололтой зэргэлдээ орших тус номын сангаар ихэвчлэн гэр хорооллын болон ойр хавийнх нь сургуулийн сурагчид үйлчлүүлдэг юм байна.

Байгуулагдаад жил гаруйхан болсон ч байнгын уншигчтай болсон гэсээр номын санч бүсгүй инээмсэглэн угтсан юм. Номын сангийн жижигхэн барилга дөнгөж баригдсан болоод ч тэр үү харьцангуй тохилог, цэвэрхэн байв. Харин хааяахан ханан дээгүүр нь өргөн зураас, нарыг дүрсэлсэн бололтой олон салаатай бөөрөнхий дүрс харагдах нь сахилгагүй уншигчдынх нь бүтээл бололтой. Үүднийхээ танхимд ус буцалгагч байрлуулжээ. Хүүхдүүд үдийн цайгаа уух жижигхэн тасалгааг ч гаргасан байв.

Уншлагын танхимын ханаар дэлхийн суут зохиолчид болон Монголын зохиолчдын хэлсэн сургамжит үгсийг өлгөжээ. Тэр дунд хамгийн томоор “Ном бол ертөнцийг харах цонх” гэсэн үгийг байрлуулсан байна. Үнэхээр ном бол ертөнцийг харах цонх ажээ.

Үлгэрийн номыг шимтэн уншиж байгаа жаалуудын нүдэнд инээмсэглэл тодорч, ямар нэг зүйлийг төсөөлөн бодож байгаа бололтой. Магадгүй өөрөө үлгэрийн баатар болчихоод атаат дайснуудыг дарж байж ч болох юм. Тус номын сан 1000 номын архивтай.

Тэндээс 70 гаруй хувийг нь зөвхөн үлгэрийн болон уран зохиолын ном эзэлдэг ажээ. Харин үлдсэн хувь нь сурах бичиг юм. Номын санч эмэгтэй нэг зүйлд сэтгэл дундуур явдгаа ярьсан юм. Тэрээр “Биднийг бага байхад Оросын зохиолууд ид дэлгэрч байлаа. Номын сан ч ховор.

Үеийн багачууд маань уран зохиолын номыг шимтэн уншдаг байсан. Тэндээс л ахмад хүнийг хэрхэн хүндлэх, хүнийг яаж хайрлах, яаж зөв хүн болж төлөвших ухааныг ойлгодог байсан юм. Гэтэл одооны хүүхдүүд уран зохиолын ном уншихаасаа илүү даалгавраа хийх гэж л номын санг зорих нь элбэг болжээ” гэсэн юм.

Биднийг ийн ярилцах зуур танхимд хүүхдүүд нэмэгдэж, тэд ч ялгаагүй найм, есдүгээр ангийн сурах бичиг авч, хичээлээ хийхээр суусан юм.

ҮЛГЭРИЙН ЕРТӨНЦӨӨР АЯЛАВ

Номын сангийн номуудтай танилцлаа. Ихэвчлэн дунд болон бага ангийн сурагчид үйлчлүүлдэг болохоор үлгэрийн ном их байх юм. Орос ардын үлгэрүүд болон Монголын хүүхдийн зохиолын сор болсон бүтээлүүд ч байна.

Нэг ном аваад дэлгэтэл “Эрт урьдын цагт энхжин тогтсон нэгэн улсад эмгэн, өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Тэд хүүхэдгүй юмсанжээ.

Эмгэн өвгөн хоёр хүүхдийн хүслэн болж, уйтгарлан гуниж зовсон ч хүүхэд заяасангүй гэнэ. Эмгэн нэг удаа гүн нуурын дундах дөлгөөн нууранд байдаг алтан загасыг идвэл хүүтэй болно гэж зүүдэлжээ” үлгэр ийн эхлэх юм.

Энэ бол Оросын Иван баатрын тухай үлгэр. Мөн хүүхдүүдийн сайн мэдэх “Норовын намтар”, "Аав. ээж, би”, “Хорвоотой танилцсан түүх”, “Жигмид Тогмид хоёр”, “Багын найз” зэрэг үлгэр болон өгүүллэг, туужууд байна. Үүнээс гадна дэлхийн алдарт зохиолууд ч байв. “Дайн ба энх”, “Дөлгөөн дон”' “Ромео Жульетта”, “Цагаан бээлий” зэрэг дэлхийн хүн төрөлхтөний мэлмийг нээж, амьдралд сургасан гайхамшигтай зохиолууд ч байсан.

Харин дунд сургуулиа төгсч, мэргэжлээ сонгох гэж буй өсвөр үеийнхэнд зриулсан ерөнхий эрдмийн хичээлийн сурах бичгүүд өрөөтэй харагдлаа. Номын сангийн номуудтай танилцаж байх зуур тус номын сангаар байнга үйлчлүүлдэг дунд сургуулийн гурван сурагч ирсэн юм.

Б.Номуундарь: “ШҮРЭН БУГУЙВЧ” ЗОХИОЛЫГ УНШИЖ БАЙГАА

- Би 68 дугаар сургуульд сурдаг. Гэр ойрхон болохоор өдөр болгон энэ номын санд ирж хичээлээ хийдэг. Ирээдүйд эмч болохыг хүсдэг болохоор ихэвчлэн химийн болон эрүүл мэндийн холбогдолтой ном уншдаг. Хааяа л уран зохиолын ном уншдаг юм. Одоогоор Б.Шүүдэрцэцэг зохиолчийн “Шүрэн бугуйвч” зохиолыг уншаад эхэлчихсэн байгаа.

М.Төгс-Саруул: БИ ТҮҮХИЙН БАГШ БОЛНО

- Би 92 дугаар сургуульд сурдаг. Энэ номын санд ихэвчлэн түүхийн ном унших гэж ирдэг. Саяхан “Ану хатан” зохиолыг уншсан. Надад үнэхээр таалагдсан. Түүн шиг баатарлаг, ухаантай эмэгтэй болохыг хүсч байна. Харин одоо “Сорхугтани” номыг уншиж байгаа. Энд ирж түүхийн сэдэвтэй ном уншсаар байгаад ирээдүйд түүхийн багш болдог юм уу гэж боддог болсон.

Д.Мишээл: ЭЭЖИЙНХЭЭ АЧИЙГ ХАРИУЛМААР БАЙНА

- Би 46 дугаар сургуульд сурдаг. Манай найз охин энэ номын санд сууж хичээлээ хийдэг болохоор хамт ирдэг юм. Ээж минь ном сайн уншвал ухаантай хүн болж, ээжийнхээ ачийг хариулна шүү гэсэн болохоор би ном уншдаг болсон. Яагаад гэвэл би ээжийнхээ ачийг хариулмаар байна.

Зураг