Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

АСЕМ & МОНГОЛ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 16-17-ны өдрүүдэд Ази, Европын дээд хэмжээний аравдугаар уулзалт /АСЕМ/ Италийн Милан хотод болж өнгөрсөн билээ. 
Эл уулзалтанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцсон юм.

Яагаад амжилттай вэ гэвэл 2016 онд тус уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах саналыг дэлхийн 53 орны төрийн тэргүүн хүлээн зөвшөөрснөөр Монгол Улс 11 дэх удаагийн АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах эрхтэй болж, спортоор бол “ОЛИМП”-ын эрх авлаа эх сурвалжууд мэдээлж байгаа билээ. АСЕМ чухам яагаад “ОЛИМП”-ын хэмжээнд яригддагийг тайлбарлъя.

АСЕМ-ЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Анх Ази Европын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх дээд хэмжээний уулзалт хийх санаачлагыг Сингапур, Францын удирдагчид 1994 онд гаргаж, анхны дээд хэмжээний уулзалт 1996 онд Тайландын нийслэл Бангкок хотноо болсноор уг хамтын ажиллагааны эхлэл тавигджээ.

Анх Ази Европын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх дээд хэмжээний уулзалт хийх санаачлагыг Сингапур, Францын удирдагчид 1994 онд гаргаж, анхны дээд хэмжээний уулзалт 1996 онд Тайландын нийслэл Бангкок хотноо болсноор уг хамтын ажиллагааны эхлэл тавигджээ.

Анхны уулзалтаар Европын холбооны 15 орон, АСЕАН-ы гишүүн долоон орон, Хятад, Япон, Солонгос, Европын комисс гэсэн бүрэлдэхүүнтэй байсан бол өдгөө дэлхийн 53 орныг нэгтгэсэн нэр хүндтэй, томоохон уулзалт болж чадсан. Газар зүйн байршлаасаа шалтгаалаад тус орнууд гурван дэд бүлэгт хуваагддаг байна. 

Гадаад харилцааны яамнаас мэдээлж буйгаар АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт нь эрх тэгш түншлэл, харилцан итгэлцэлд суурилсан Ази, Европын стратегийн яриа хэлэлцээ, үр ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой уулзалт гэж тодорхойлжээ. АСЕМ нь байнгын ажиллагаатай зохион байгуулалтын бүтэцгүй. Харин 
•Дээд хэмжээний уулзалт, 
•Гадаад хэргийн сайд нарын уулзалт,  
•Тогтмол хугацаанд зохиогдох санхүү, эдийн засаг, байгаль орчин, соёл, хөдөлмөрийн сайд нарын уулзалт, 
•Ахлах албан тушаалтнууд болон зохицуулагч нарын уулзалтаар зохицуулагдаж байдаг.  

Мөн шийдвэр гаргагчид, судлаачид, бизнесийнхэн, иргэний нийгмийнхний хувьд өөрсдийн байр сууриа илэрхийлэх индэр болохын зэрэгцээ санал бодлоо солилцож, хамтран ажиллах гүүр нь болдгоороо онцлогтой. 

АСЕМ БА МОНГОЛ

Анх 2006 оны есдүгээр сард Финландын нийслэл Хелсинк хотноо болсон АСЕМ-ын зургаадугаар уулзалтын үеэр Монгол улс нэгдэн оржээ. Манай улс тус уулзалтанд идэвхтэй оролцож ирсэн бөгөөд энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсанд буй мэдээллээр:

•2011 онд АСЕМ-ын орнуудын Шилжилт хөдөлгөөн, суурьшилтын асуудлаарх цагаачлалын албаны удирдлагын ээлжит хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. 

•2010 онд Бельгийн Вант Улсын Брюссель хотноо болсон АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, төлөөлөгчдийн хамт "Эдийн засаг, санхүүгийн засаглал", "Тогтвортой хөгжил, "Глобал асуудлууд", "Бүс нутгийн асуудлууд", "Иргэд хоорондын харилцаа, АСЕМ-ын үүрэг роль, түүний ирээдүй" зэрэг сэдэвчилсэн хэлэлцүүлэгт оролцож өөрийн улс орны байр суурийг илэрхийлж үг хэлсэн.

•2012 онд АСЕМ-ын гишүүн орнуудын Байгаль орчны сайд нарын түвшний уулзалтыг өөрийн улсад зохион байгуулсан.

•2014 онд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын Зүүн хойд, Өмнөд Азийн дэд бүлгийн зохицуулагчаар ажиллаж нэр хүнд, үүрэг хариуцлага өндөртэй оролцсон зэрэг туршлагатай ажээ.

Уулзалтанд нэгдэн орсон нь Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилго болох 

-Улсын аюулгүй байдал, хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчин бүрдүүлэх, 

-Дипломат болон консулын харилцаа хөгжүүлэх,

-Нөлөө бүхий улсуудтай харилцааныхаа түвшинг дээшлүүлэх, 

-Олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, 

-Дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах зэрэгт хүрэх боломжийг олгодог арга замуудын нэг нь байж чаддагийн зэрэгцээ манай улс хамрагдахыг зорин ажиллаж буй Зүүн Азийн дээд түвшний уулзалт АСЕАН, АПЕК зэрэг бүс нутгийн хамтын ажиллагааны чухал механизмуудад элсэхэд нааштай нөлөө үзүүлэх чухал үр дагавартай юм. 

АСЕМ БА УЛААНБААТАР

2016 оны долоодугаар сард АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах шийдвэр гарсны дараа МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дагалдан яваа хэвлэл мэдээллийн бүрэлдэхүүнд өгсөн ярилцлагадаа “Энэ бол их том, сайхан үйл явдал боллоо. Тус дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах эрхийг авна гэдэг бол Монгол Улсын нэр хүнд өндөр түвшинд хүрснийг харуулж байна. Одоогоор энэ уулзалтанд нийт 53 улс нэгдэн ороод байгаагийн 43 нь тухайн улсынхаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байна. 2016 онд АСЕМ-ийн 20 жилийн ой давхцаж байхад энэ уулзалтыг эх орондоо зохион байгуулна гэдэг их чухал хариуцлага” гэжээ. 

Мөн Гадаад харилцааны сайд асан Л.Болд нэгэн ярилцлагадаа “Үүнийг амжилттай зохион байгуулснаар Монгол Улс дэлхийн газрын зураг дээр илүү тод томруун болж, нэр хүнд, нөлөө маань өсөх юм” гэж уулзалтын ач холбогдлын талаар өөрийн бодлоо илэрхийлсэн байна.

“Үүнийг амжилттай зохион байгуулснаар Монгол Улс дэлхийн газрын зураг дээр илүү тод томруун болж, нэр хүнд, нөлөө маань өсөх юм”

Өнгөрсөн жил манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлыг амжилттай зохион байгуулж, гадны 1000 гаруй дээд хэмжээний зочдыг хүлээн авсан туршлагатай. 

Энэ үеэр дэлхий нийтийн анхаарал Улаанбаатар хотод төвлөрч, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд ихээр өссөн. Тус хуралд ирсэн зочдын дунд нэг Ерөнхийлөгч, хоёр дэд Ерөнхийлөгч, нэг Ерөнхий сайд, дөрвөн Шадар сайд байсан бол АСЕМ-ын уулзалтанд 50 гаруй орны төрийн тэргүүн, Ерөнхий сайд нар ирнэ. Тэр чинээгээрээ биднээс зохион байгуулалтын асар өндөр хариуцлага шаардах нь гарцаагүй.

Гэхдээ ийм олон улсын төрийн тэргүүн зуун хувь дэмжиж, манай улсад итгэл хүлээлгэсэн учир бид зоригтой байх хэрэгтэй. АСЕМ нь дан ганц улс төрийн хүрээг хамардаггүй. Энэхүү уулзалтаар иргэний нийгмийн байгууллагууд, бизнесийнхэн өөрийн цар хүрээгээ тэлж, гишүүн орнуудын адил төсөөтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллах суваг нээгддэг.

Тиймээс манай бизнесийн байгууллагууд, ард иргэд энэ уулзалтанд анхаарлаа хандуулж, өөрсдөдөө боломжийг бий болгох хэрэгтэй.
Хамгийн гол нь олон улсын тавцанд манай орныг дэмждэг улсуудыг тоог нэмэх нь тэргүүн зэргийн ач холбогдолтой билээ. 
Учир нь Монгол улс 2015 онд болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн, 2022 онд болох НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн сонгуульд нэрээ дэвшүүлээд байгаа. 

Монгол улс 2015 онд болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн, 2022 онд болох НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн сонгуульд нэрээ дэвшүүлээд байгаа. 

Дараах сонгуулиудад амжилттай оролцоход манай улсын олон улсын харилцааны туршлага, амжилтаас гадна санал өгөх улс орнуудын дэмжлэг чухал юм. Мэдээж АСЕМ-ыг амжилттай зохион байгуулсан улсад итгэх итгэл бүр л нэмэгдэнэ. 
Цаашдаа олон томоохон үйл ажиллагаанд оролцох ногоон гэрлийг асааж өгөх нь тодорхой юм.