Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Алдармаагийн өмгөөлөгч давж заалдана гэв

Г.Номин, iKon.mn
2014 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдаж нэгнийхээ бие рүү халуун ус цацан биеийнх нь нэлээд хэсгийг түлж, хөдөлмөрийн чадварыг нь алдагдуулсан "Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд өчигдөр хаалттай болж шийдвэрээ гаргажээ.

Шүүх бүрэлдэхүүн Ц.Алдармаад 7.1 жилийн хорих ял оноосон бол Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох ял оногдуулсан байна.

Шүүх хурлын дараа Ц.Алдармаагийн өмгөөлөгч давж заалдана гэдгээ мэдэгдсэн юм.

Ц.Алдармаагийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хурлын явцад хоёр жүжигчин бүсгүйн маргалдсан шалтгаан болон олны танил хүмүүсийн алдар хүндтэй холбоотой зүйлс яригдах учир шүүх хурлыг хаалттай явуулах санал гаргажээ. Энэ саналыг шүүх бүрэлдэхүүн зөвшөөрснөөр шүүх хурал хаалттай болсон ажээ.


Уг хэрэгтэй холбогдуулан Д.Оюунтуулд Эрүүгийн хуулийн 99.1-д зааснаар “Бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан”, Ц.Алдармаад Эрүүгийн хуулийн 96.2.6-ийн дагуу “Бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байжээ. 

96 дугаар зүйл. Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах

96.1.Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл амь биед нь аюултай гэмтэл учруулсан буюу хараа, сонсголгүй болгосон, эрхтнээс нь хагацуулсан, ажиллагаагүй болгосон, нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан, хүүхэд дутуу гаргуулсан буюу ураг зулбуулсан, сэтгэцийн өвчтэй болгосон, түүнчлэн хөдөлмөрийн чадварыг бүрмөсөн алдагдуулсан бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

96.2.6.онц харгис хэрцгий аргаар;

99 дүгээр зүйл. Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах

99.1.Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.