Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар маань хэр ухаалаг хот вэ?

ikon.mn
2014 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Улаанбаатар хот

Ямар хотыг ухаалаг хот гэх юм. Оршин суугчид бид ухаалаг хотын соёлтой иргэн байхын тулд юу хийх вэ зэрэг асуудлаар Др.Ч.Базар энэ удаагийн монолог ярилцлагаа хийжээ.

-Ногоон буюу “Ухаалаг” хот гэж ямар хотыг хэлэх вэ?

-Тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн хүний амьдрах орчны эрүүл аюулгүй, тав тухтай нөхцлийг бүрдүүлсэн хот сууринг Ногоон хот буюу “Ухаалаг” хот гэж нэрлэдэг. Эдийн засаг, дэд бүтэц, амьдралын чанарын стандарт, тааламжтай орчин, сайн засаглал, хариуцлагатай оршин суугч зэргээр Массачюсесийн Технологийн хүрээлэн, Европын холбооноос хамтран боловсруулсан “Ухаалаг” хотын үзүүлэлтийг хотууд ихэвчлэн мөрддөг юм байна.

-Таны хариултын эхэнд тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн гэсэн санаа байсан. Үүнийг тодруулбал?

-Ийшээ тийшээ үсчиж, энд тэнд гүйж харайгаад хийсэн ч юмгүй, хэлсэн ч үггүй байдаг хүнийг манайхан тогтворгүй хүн гэдэг дээ. Тэгэхээр айл өрх ч бай, хот суурин ч, улс орон ч хөгжихийн тулд тогтвортой байдлаа сайн тооцох учиртай юм.

Тааламжтай орчин эргээд хүний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг.

Энэ он жилүүдэд, ирэх зуу, зуун жилд хөгжил тогтвортой байх гэсэн бодлого. Тогтвортой хөгжлийн гурван тулгуур багана гэсэн ойлголт бий. Эдийн засаг, нийгэм, байгаль орчин нэг нэгнээсээ хамааралтай, нэг нэгнээ дэмжсэн, харилцан хамааралтай байж улс орон тогтвортой хөгждөг юм байна.

-Тэгэхээр ногоон буюу ухаалаг хотын эдийн засаг гэсэн ойлголт таны ярианд гараад байна?

-Энэ нь ухаалаг хотын эдийн засаг байнга тасралтгүй цэцэглэн хөгжиж байх тухай ойлголт юм л даа. Тэгэхээр тухайн хот инновацийг хэр дэмждэг, хөдөлмөрийн зах зээл нь хэр уян хатан, хэр бүтээмжтэй болон гүйцэтгэл нь дэлхийн хэмжээнд ямар түвшинд байгаа зэрэг үзүүлэлт нь тэрхүү цэцэглэн хөгжиж буй эдийн засгийн гол үзүүлэлт болдог юм байна.

-Сүүлийн үед Улаанбаатар хотын дэд бүтэц сайжирч байна гэж хүмүүс ам сайтай байна?

-Ухаалаг хотын нэг гол үзүүлэлт нь дэд бүтцийн хөгжил юм. Өөрөөр хэлбэл, тухайн хотод технологи, эрчим хүч, тээврийн сүлжээ хэр хөгжсөн бэ гэдэг нь дэд бүтцийн чухал үзүүлэлт болдог. Гэхдээ бүгд хүний төлөө, тэдний аюулгүй байдлыг бүрэн хангасан байх учиртай. Жишээ нь, Туул голын хавиар хурдны зам тавих тухай ярьж байна гэж бодьё.

Зам тавьж болно. Гэхдээ Туул голын экологид хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь маш чухал. Учир нь Туул бол Улаанбаатарчуудын ундны гол эх үүсвэр.

Хэдэн км зам тавьснаар усны нөөцөд сөргөөр нөлөөлөх аюулд хүргэх вий. Том хотуудын захаар зам тавьсан л байдаг гэж хандаж болохгүй. Тэрхүү зам нь тухайн орчмынхоо экологид сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр яаж төлөвлөгдөж, он удаан жилээр байгаад байна гэдгийг харин судлах учиртай. Үүнийг л зөв тогтвортой дэд бүтцийн хөгжил гээд байгаа юм.

-Тааламжтай орчин гэж бас их ярьдаг. Тэрхүү орчныг хэн бүрдүүлж, хэрхэн оролдох вэ?

-Тухайн хот хэр сэтгэл татам орчинг бүрдүүлж байгаа нь ухаалаг байгаагийн шинж. Жишээ нь, би өглөө, орой ажилд явахдаа Улаанбаатар хотын төвд орших яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгээр дайран явах дуртай. Тэнд мод, цэцэг, ус ургамал, шувуудын жиргээн, хүмүүсийн амгалан тайван байдал цөм бүрдсэн.

Орон сууцны хороолол дундах цэцэрлэг, сургууль, цэцэрлэг, байгууллагын орчин, айл өрхийн хашаа гээд өөрт оногдсон хэсэгхэн газартаа мод сөөгөө суулгаад, цэцэг ургамлаа тариад аж төрөх нь хотын засаг захиргааныхны шахалтгүйгээр хийгээд л байх ажил. Нэг ёсондоо хүн өөрөө тааламжтай орчноо бий болгох гэдэг утгаар нь.

Харин томоохон цэцэрлэгт хүрээлэн, амралт зугаалгын газар барих нь хотын бодлого, хэрэгжилттэй холбоотой. Тааламжтай орчин эргээд хүний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг.

Онолоор бол, байгалийн нөөцийг хэрхэн зохистой ашиглаж, зарцуулдаг, байгаль орчноо хэр хамгаалж, бохирдлыг  хэрхэн урьдчилан сэргийлж чаддаг байдлаар тухайн хотын тааламжтай орчин илэрхийлэгддэг.

-Ухаалаг хотын нэг хэв шинж нь сайн засаглалтай, сайн оршин суугчтай байх гэж ярьдаг?

-Оршин суугчид нь шийдвэр гаргахад оролцдог байх, улс төрийн олон үзэл бодол зэрэгцэн оршиж, нийтийн чанартай үйлчилгээг авдаг байх шалгуур энд хамаардаг. Энэ чиглэлээр Улаанбаатар хотын захиргаа оролдлогууд хийж байна. Харин иргэд бид идэвхтэй оролцож байж гүйцэтгэл нь сайн гарна.

Сайн оршин суугч гэдэг нь тухайн иргэний боловсрол, чадвар, түүний нийгмийн амьдрал дахь оролцоогоор хэмжигддэг.