Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Солонгосын сонгуулийн байгууллагуудын харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа

ikon.mn
2014 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс биднээс өмнө цахим сонгууль зохион байгуулсаныг хүлээн зөвшөөрөхийн сацуу цахим тоног төхөөрөмж ашигласан Монголын сонгуулийн байгууллагын туршлагыг нэвтрүүлэхийг зорьж байна.

Энэ тухай  Дэлхийн сонгуулийн байгууллагуудын ассоциацийн тэргүүн, БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын дарга ноён Ли Ин Бүк  Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй өнөөдөр уулзах үеэр онцлон тэмдэглээд  Монголын сонгуулийн байгууллага нь парламент болон иргэдийнхээ итгэлийг хүлээн авч чадсаныг бас чухалчиллаа.

Тэд уулзалтын явцад  хоёр улсын  сонгуулийн байгууллагуудын явуулж буй үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын талаар харилцан мэдээлэл хийж, цаашид хамтран ажиллах талаар ярилцав.

Сонгуулийн байгууллага нь ардчиллыг төлөвшүүлэх, түүнийг тогтвортой хөгжүүлэх, сонгуульд иргэдийн итгэлийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тийм учраас олон улсын сонгуулийн байгууллагын үйл ажиллагаа, хуримтлуулсан туршлага судлах, мэдээлэл солилцох, боловсрол, сургалтаар дамжуулан сонгуулийн байгууллагад ажиллагсдын чадавхийг дээшлүүлэхэд  Дэлхийн сонгуулийн байгууллагуудын ассоциацийн үйл ажиллагаа чиглэгдэж байна. Энэ байгууллагыг үүсгэн байгуулахыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо анхнаас нь тууштай дэмжиж  итгэл  үзүүлсэнд талархаж байгаагаа ноён Ли Ин Бүк илэрхийллээ. 

Мөн харилцаа, хамтын ажиллагаа олон улсын сонгуулийн байгууллагын түвшинд төдийгүй  хоёр улсын сонгуулийн байгууллагын хүрээнд идэвхтэй хөгжиж байгааг тэрээр цохон хэлэв.

Өнгөрсөн хугацаанд БНСУ-ын Үндэсний сонгуулийн комисс нь сонгуулийг ажиглах, сонгуулийн талаарх сургалт, семинарт оролцуулах, туршлага судлах, техник хэрэгслээр туслалцаа үзүүлэх зэргээр ойр дотно хамтран ажиллаж ирсэнд сэтгэл ханамжтай байна гэдгээ Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны  дарга Ч.Содномцэрэн илэрхийлэв.

Дэлхийн сонгуулийн байгууллагуудын ассоциацийн тэргүүн, БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын дарга Ли Ин Бүкийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны Хүндэт медалиар шагнав. 

Уулзалтын үеэр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн, Дэлхийн сонгуулийн байгууллагуудын ассоциацийн тэргүүн, БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын дарга Ли Ин Бүк нар хоёр улсын сонгуулийн байгууллагуудын хооронд  харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ баримт бичгийн дагуу хоёр байгууллага нь сонгуулийн тогтолцоо, сонгуулийн автоматжуулсан систем, сонгогчдын боловсрол зэрэг  чиглэлээр хамтран ажиллах түүнчлэн талууд шинжээчид болон ажилтнуудаа харилцан илгэж туршлага судлуулах, сонгуулийг үр дүнтэй зохион байгуулах талаар хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, сургалт, семинар зохион байгуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар харилцан ойлголцов.

Уулзалтын үеэр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн олон улсын болон хоёр улсын түвшинд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Дэлхийн сонгуулийн байгууллагуудын ассоциацийн тэргүүн, БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын дарга Ли Ин Бүкийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны Хүндэт медалиар шагнав.

Ноён Ли Ин Бүк энэхүү шагналыг хүртэж буй гадаадын анхны иргэн юм гэж СЕХ-ын хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.