Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Үдийн цайнаар...

Б.Даваахүү
2014 оны 9 сарын 18
Монголын мэдээ
Зураг зураг

“Цайны газарт” нэртэй энэхүү бүтээл нь Дэлхийн хэвлэлийн шилдэг гэрэл зураг шалгаруулах “World photo press-2013” наадмын өдөр тутмын амьдрал төрөлд гутгаар байр эзэлсэн юм.

Орон гэргүй, тэнүүлч хүний нэг л өдрийн амьдралыг харуулах тус гайхалтай зургийг Данийн фото сурвалжлагч Жакоб 2012 оны аравдугаар сарын 12-ны өдөр АНУ-ын Охайёо мужийн Янгстаун хотын Гэгээн Винсент, Паулын нийгэмлэгийн цайны газарт авчээ. Зурган дээрх эрэгтэйг Жон Мак Леэн гэдэг.

Түүний зургийг дарах үед тэрбээр 65 настай байжээ. Өдөр бүр гэгээн Винсент, Паулын нийгэмлэгийн хоолны танхимыг зорин ирж өдрийн хоол зооглох ядуу, гуйлгачин хүмүүсийн нэгэн тод жишээ бол энэ. Амьдрал нь хүнд хэцүү байвч, гэдэс цатгалан яваа тэрбээр хооллох боломж олгосон бурхандаа залбирч байна.

Орон гэргүй тэнүүчлэн амьдардаг, санхүүгийн боломжгүй хүмүүс энэ танхимд, сайхан хоол идэн дулаацаж, бусадтайгаа харилцан нийгэмшихээр ирдэг ажээ.

Гэгээн Венсинт, Паулын нийгэмлэг нь дэлхийн 140 гаруй оронд салбартай, ядуу эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг католик шашны сайн дурын байгууллага юм. Янгстаун хот Охайёо мужийн зүүн хойд этгээдэд оршдог. 68 мянга гаруй хүн амтай Америкийн хамгийн ядуу хотуудын нэг билээ.

Тус хотын гурван иргэн тутмын нэг нь ядуурлын шугамаас доогуур буюу иргэдийнх нь бараг тал хувь нь нэн ядуу амьдралтай байдаг гэнэ. 2000 онд тус улсад явуулсан тооллогоор Янгстаун хотын өрхийн дундаж орлого 24,201 ам.доллар, нэг хүнд ногдох орлого 13 доллар байжээ.

Энэ мэдээлэлд үндэслэн CNN money-ийн шинжээчид Янгстаун хотын өрхийн дундаж орлого Америкийн 65 мянга гаруй хүн амтай хотууд дундаа хамгийн бага байна хэмээн мэдээлж байсан аж.

Зураг