Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Берт Хофмэн: Тааруу цагийг сөрж том төслүүд эхлүүлж байгаа нь ухаалаг алхам

Б.Ану
2014 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр энэ өдөр Дэлхийн банкнаас Монгол Улсыг хариуцан ажиллахаар шинээр  томилогдсон захирал Берт Хофмэн, хуучин захирал Клаус Роланд болон Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон нарыг дагалдан яваа бусад төлөөлөгчийн хамт хүлээн авч уулзлаа. 

Ноён Клаус Роланд 2010 оноос эхлэн Дэлхийн банкны Монгол, БНСУ, БНХАУ хариуцсан захирлаар ажилласан ба үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийн өмнө хамтын ажиллагааны үр дүнгээ тайлагнан санал солилцох, шинээр томилогдсон захирлыг танилцуулах зорилгоор ийнхүү иржээ. 

Уулзалтын эхэнд Эдийн засгийн хөгжлийн сайд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжих “Цахим эрүүл мэнд”, “Ухаалаг засаг”, “Боловсролын салбарын шинэчлэл”, “Тогтвортой амьжиргаа II” зэрэг төсөл болон хоёр хөршийн Төрийн тэргүүнүүдийн манай орон дахь айлчлалын үр дүн, тэр дундаа Монгол, ОХУ, БНХАУ-ын хамтран хэрэгжүүлэхээр дэмжигдээд буй “Талын зам” төслийн талаар танилцууллаа. Улмаар төмөр зам, автозам, газрын тос, байгалийн хий, эрчим хүчний таван шугам бүхий “Талын зам” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрт Дэлхийн банкны оролцоо байхыг хүсч буйгаа Эдийн засгийн хөгжлийн сайд албан ёсоор мэдэгдсэн.

Хариуд нь Дэлхийн банкны  Монгол Улсыг хариуцсан шинэ захирал ноён Берт Хофмэн “Цаг агаар тааруу үед мөчлөгийг сөрж, томоохон төслүүдээ эхлүүлэх нь эдийн засгийн ухаалаг алхам болдгийг дэлхийн олон орны туршлага бидэнд харуулсаар байна. Энэ жишгийн дагуу Монгол Улс “Талын зам” зэрэг том төсөл эхлүүлэхээр эрчимтэй ажиллаж байгаа нь сайшаалтай. Дэлхийн банкны зүгээс энэ төслийг хэрэгжүүлэхэд бүхий л боломжоороо хамтран ажиллах болно” гэлээ. 

Дэлхийн банк бол 1990 оноос хойшх Монгол Улсын эдийн засгийн томоохон дэмжигч, туслагч байгууллага байсаар ирсэн бөгөөд өнөөг хүртэл нийт 560 гаруй сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгосон байдаг юм.