Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатархүү: Хүүхэд алга болсон гэж тэмдэглэгддэг ч эргээд олддог

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

“Хүүхэд алга болсон тул энэхүү зарыг цааш нь дамжуулж өгнө үү” гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд маш их цацагддаг болсон. Гэтэл эдгээр хүүхдүүд хоёр цагаас хоёр, гурван хоногийн дараа эргэн олддог талаар ЦЕГ-ын ХМА-наас өнөөдөр мэдээллээ.

Тухайлбал, энэ сарын 6-нд “Дөрвөн настай эрэгтэй хүүхэд алга болсон тул харсан хүмүүс холбоо барина уу” гэсэн зарлал Facebook-ээр цацагдаж, өнөөдрийн байдлаар 10 мянга гаруй share хийгдээд байгаа.

Гэтэл дээрх хүүхэд алга болсон өдрөө буюу энэ сарын 4-нд олджээ. Иймд иргэд энэ төрлийн зарыг дамжуулахдаа ЦЕГ-ын Facebook хуудсан /https://www.facebook.com/policemng/ тухайн зарлалыг явуулж, олсон эсэхийг нь нягталж байж бусдад дамжуулахыг ЦЕГ-ын ХМА-ны дарга, хошууч Б.Баатархүү анхааруулж байна.

Учир нь алга болсон гэх хүүхдүүдийн тухай зарлал олон нийтэд айдас төрүүлж, хүүхэд хулгайлах гэмт хэрэг ихсэх болсон мэт ташаа мэдээлэл, ойлголтыг түгээх болсон аж.

Б.Баатархүү даргын хэлж буйгаар цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд “Хүүхэд алга болчихлоо” гэсэн мэдээлэл өдөрт 10-15 удаа ирдэг ч тэдгээр хүүхдүүд бүгд эргэж олддог гэнэ.

Хүүхэд алга болсон шалтгаануудыг авч үзэхэд,

  • Компьютер тоглоомонд донтсон
  • Гэр бүлийн таагүй уур амьсгалаас дайжсан
  • Найз нөхдийндөө хоносон
  • Салсан гэр бүлийн хэн нэг нь хүүхдээ авч явсан зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалдаг болох нь тогтоогджээ.

Түүнчлэн хар машинтай хүмүүс хүүхэд хулгайлах гэж оролдож байгаа тухай мэдээлэл мөн л цахим ертөнцөд тархсан. Энэ мэдээллийн дагуу ЦЕГ-аас шалгасан ч мэдээлэл бодит болох нь тогтоогдоогүй байна. 

Иймд аливаа гэмт хэргийн мэдээллийг бусадтай хуваалцахдаа үнэн эсэхийг нь нягталж байх шаардлагатайг ЦЕГ-аас анхаарууллаа.