Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Улаан: Ирэх сараас төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй

М.Санчир
2014 оны 9 сарын 18
MorninigNews.mn
Зураг зураг

Сангийн сайд Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Сангийн сайдын хувьд эдийн засгийг эрчим­жүү­лэх “Эзэн 100” хөтөлбөр хэр үр дүнтэй байсан гэж бодож байна вэ. Олон нийт цаг үрсэн дэмий ажил гэж яриад байгаа шүү дээ?

-Үр дүн гаралгүй яах вэ. Цаашдаа ч гарах болно. Энэ хугацаанд эдийн зас­гийг, ялангуяа хувийн хэв­шил бизнесийн салбарыг идэвхжүүлэхэд чиглэсэн олон чухал арга хэмжээ авсан. Сангийн яам л гэхэд 12 хууль батлуулж, гурван тогтоол гаргасан байна. Энэ бүхэн маань ч бүрэн утгаараа хэрэгжээд эхэл­чихсэн. Цаашид бидний хий­сэн ажлууд үр дүнгээ өгч, Монголын эдийн засгийн эрчимжилт нэмэгдэнэ.

Зөвхөн сүүлийн хоёр сард л гэхэд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиг­лэлээр үзүүлсэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэм­жээ өмнөх жилийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдлээ. Энэ бол жижиг, дунд үйлдвэрүүдийн бү­тээмж тэр хэрээр нэмэгдэнэ гэсэн үг. Энэ мэтчилэн өн­гөрсөн хугацаанд шийдсэн олон ажил цаашид үр дүнгээ өгнө.

-Есдүгээр сарын байд­лаар улсын төсөв хэр байгаа вэ? 

-Сар дөнгөж дундаа орж байгаа болохоор энэ сарын дүн гарах болоогүй. Улсын төсвийн орлогын бүр­дүүлэлт 80 гаруй хувьтай явж байна. Харин өмнөх найман сарын дүн гарсан. Төсвийн орлого бодитой шалтгаанаар тасалдаж бай­­гаа. Үүнийг нөхөхийн тулд бололцоотой бүхий л арга хэмжээг авч байна. Хамгийн гол нь хуулийн хүрээнд бизнесийн салбарт дарамт учруулахгүйгээр тө­сөв болон хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх бололцоог нь хангаж ажил­лах ёстой. 

-Төсвийн алдагдлыг то­дорхой тоогоор илэр­хийлбэл?

-400 гаруй тэрбум төг­рөгөөр төсвийн орлогын тасалдал гарсан. 

-Үүнийг нөхөх боломж бий юу?

-Оны эцэст бид үүнийг нөхөж чадахгүй. Дэлхийн эдийн засгийн байдал, хоёр хөршийн маань гадаад худалдааны идэвхжил тө­дийлэн сайн биш байгаа учраас үлдэж буй хугацаанд энэ хэмжээний орлогыг нө­хөж чадахгүй. Харин гарч болох тасалдлыг аль болох бага байлгахын тулд боломжтой бүхнийг хийнэ. 

-Тэгвэл төсвийн тодотгол гэдэг зүйл бас л яригдах нь ээ?

-Орлого ийм их хэм­жээгээр тасалдаж байгаа учраас ирэх сараас төсвийн тодотгол хийхээс өөр арга­гүй болж байх шиг байна. Орлогодоо тааруулж, зар­лагаа оновчтой зохи­цуулах ёстой. Өмнөх шиг хүн амьт­наас зээлж, урьд­чилж аваад өр болгоод та­раа­чих­даг фракцын алдааг бид дав­тахгүй. 

Тиймээс төс­вийн тодот­голыг орлого, зарлагыг уял­дуулах чиглэлд хийх байх.

-Аль салбарт орлогын тасалдал илүү байгаа вэ?

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогууд тасалдсан. Үүнийг дагаад аж ахуйн нэгжүү­дийн орлогын албан татвар ч тасалдсан байгаа. 

-Засгийн газар шинэ бү­тэц, зохион байгуулалтын талаар ярилцаж байна. Яамдын тоог цөөлж, сайд нарыг сэлгэх асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ мэтээр таамаглаж ярих нь хүмүүсийн эрхийн асуудал. Харин Засгийн газ­рын бүтэц бүрэлдэхүүний асуудал нь Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхэд байдаг. Тиймээс зөвхөн Ерөнхий сайд өөрөө боловсруулж, УИХ-д оруулдаг. 


Өнөөдөр Ерөнхий сай­дын бодлого, чиглэл бүрэн хэмжээгээр тодорхой бо­лоогүй байна. Тиймээс урьд­чилсан таа­маглал хэлэх нь цуурхал тараасан хэрэг болно.

-Гэхдээ яамдыг цөөлж, орон тоог багасгах нь зөв юм биш үү?

-Ер нь төсвийн зардлыг хэмнэх, хэмнэлтийн горимд шилжүүлэх арга хэмжээг дорвитой авах ёстой. Энэ хүрээнд ажлын байрны давхардлыг арилгах, орон тоо, бүтэц зохион бай­гуу­­лалтыг боловсронгуй бол­гох хэрэгтэй. Аливаа асууд­лыг шийд­вэр гарсны дараа дүг­нэх хэрэгтэй.

Түү­нээс бо­ловс­руулагдаж байгаа үед янз бүрийн зүйл ярих нь эрч хүчийг нь сул­руу­лах, магадгүй эц­сийн шийдвэрт нь сөргөөр нө­лөө­лөх үр дагавартай уч­раас дэлгэрэнгүй ярих боломжгүй. 

Зураг