Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өглөөхөн үдэж гаргасан таны бяцхан үр үдэш гэртээ ирэхгүй байх үүрдийн тэр мэдрэмж...

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

1998 оны наймдугаар сарын сүүлч. Сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажил гээд аймгийн төв /Улиастай/ хэрдээ л хөл хөдөлгөөн ихтэй.

Тэр жил би дөрөвдүгээр ангид орох учир хичээлийн бэлтгэл базаах санаатай авгын хамт төвийнхөө дэлгүүрийг зорилоо. Ингээд автобуснаас буугаад  араар нь тойрч зам хөндлөн гарч явтал нэг мотоцикльтой эр над руу юу юугүй тулж ирээд тас хийтэл мөргөв.

Нэг мэдсэн өмсөж явсан гутал маань тээр тэнд нүдэнд бүрэлзлээ. Дахин сэрсэн эмнэлэгт ирчихсэн, мэс заслын орон дээр гарчихсан нүүрнийхээ зүүн хэсэгт оёдол тавиулж байна.

Ослын 97.2 хувь нь явган зорчигчийн буруугаас бус жолоочийн бууруутай үйлдлээс гарч байгааг ЗЦГ-аас тогтоожээ.

Хэдийгээр мэдээ алдуулах тариа хийсэн ч толгой хэсгээс нэг юм татаад байгаа нь тодоос тод мэдрэгдэв. 

Миний бие зам тээврийн осолд өртсөн ч азаар амьд үлдсэн нь энэ байсан юм.

Ингээд ам, хамар, нүд гэж мэдэгдэхгүй битүү хавдартай хүн эмнэлэгт нэг сар хэвтсэний эцэст сая нэг хичээлдээ орлоо. “Хичээл ч яахав, аяндаа нөхөгдөнө” гэж багш маань тайвшруулав. 

Багшийн хэлснээр ч хичээлээ нөхлөө. Харин хүний эрүүл мэнд гэдэг нөхөгдөшгүй зүйл гэдгийг би 12-хон насандаа гүн гүнзгий ойлгосон юм.

Учир нь би осолд орсноос хойшхи эхний хоёр жил харанхуйд байж чаддаггүй байв. Гэрэлгүй орчинд толгой маналзтал эргэж, хаана юу байгаа нь мэдэхгүй газар дайвалзаад юун унтахтай манатай. Гэрэл асааж, сая нэг эд зүйл дээр хараагаа тогтоосноор толгой эргэх үзэгдэл арай гэж намжина. Бас болоогүй толгойгоор үе үе хатгуулж өвтгөнө. Нүүр, гуя, өвдөг, шилбэ хавагнаж, хүрэхийн төдийд бамбалзуур шиг хонхойно.

Үүгээр зогсохгүй урлагийн үзлэгт хоёр жил дараалан уншсан яруу найрагч Д.Пүрэвдоржийн “Чингис” шүлгийг хааяахан шүлэглэх гэхэд зарим мөртүүд нь ном харахаас нааш цээжинд орж ирэхээ больж, аливаа зүйлийг мартахдаа амархан болов.

Энэ бүхэн нэлээд хэдэн жил хийлгэсэн эмчилгээний үр дүнд аажмаар илааршсан ч зам тээврийн ослоос авсан жихүүдэс хүрэм айдас одоо ч намайг дагаж, зам хөндлөн гарах бүрт түгшүүр төрүүлдэг юм.

Хамгийн харамсалтай нь надад тохиолдсон энэ ослын тоо сүүлийн жилүүдэд, өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа нь ЗЦГ-аас гаргасан судалгаанаас дурайх ажээ.

Өглөөхөн сургуульд нь үдэж гаргасан таны бяцхан үр үдэш гэртээ ирэхгүй байх үүрдийн тэр мэдрэмж...Ийм гашуун зовлонг хэн ч хүсэхгүй нь мэдээж.

Гэвч хэлж бус  хийсч ирдэг эл уй гашуу та бидний эргэн тойронд өдөр бүр тохиолдож, элэг бүтэн халуун ам бүлүүдийг хагацалд унаган гаслуулж байна.

Шалтгаан нь өнөөх ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ.

Судалгаанаас /ЗЦГ-ын/ харахад 2013 онд 1218 хүүхэд зам тээврийн осолд өртөж, тэдний 197 нь хүнд гэмтэн 37 нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бол 2014 оны эхний найман сарын байдлаар 595 хүүхэд зам тээврийн осолд өртөн 139 хүүхэд гэмтэж, 31 хүүхэд нас баржээ.

Хамгийн харамсалтай нь осолд өртсөн хүүхдүүдийн дийлэнх буюу 80 гаруй хувь нь 0-14 насныхан байгаа юм. 

2014 ОНЫ ЭХНИЙ НАЙМАН САРЫН БАЙДЛААР 31 ХҮҮХЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ЭНДЖЭЭ

Түүгээр зогсохгүй нийт ослын 97.2 хувь нь явган зорчигчийн буруугаас бус жолоочийн бууруутай үйлдлээс гарч байгааг ЗЦГ-аас тогтоосныг энд онцлон дурдмаар байна.

Иймд ЖОЛООЧ ТА!

  • Хурдаа бүү хэтрүүл
     
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл бүү жолоод
     
  • Жолоо барьж явахдаа утсаар бүү ярь
     
  • Гэрлээ шилжүүл
     
  • Явган зорчигчид зам тавьж өг
     
  • Хамгаалах бүсээ бүсэл
     
  • Замын хөдөлгөөний дүрмээ баримтал

Эдгээр энгийн зүйлсийг баримталж чадвал та ӨӨРИЙГӨӨ болон ӨРӨӨЛ БУСДЫГ болзошгүй аюулаас хамгаалж, энхрий бяцхан үрс маань энх тунх, эрүүл саруул өсөн торниж, айх аюулгүй амьдарч чадах билээ.


ЖОЛООЧ ТА 16.00-18.00 ЦАГТ ИЛҮҮ БОЛГООМЖТОЙ БАЙ

"16.00, 17.00, 18.00 цагийн үед хүүхэд хамгийн ихээр зам тээврийн осолд өртдөг" гэж ЗЦГ-аас мэдээллээ. Учир нь энэ цагт сургууль, цэцэрлэг тардаг бөгөөд гудамж талбайн хөдөлгөөн эрс нэмэгддэг аж. Тиймээс ЖОЛООЧ та тус цагуудад буюу хөл хөдөлгөөн ихсэх үеэр хурдаа сааруулж, илүү их анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг ЗЦГ-аас анхааруулж, сэрэмжлүүлж байна.

Мөн зам тээврийн осол 8, 9, 10 дугаар сард ихэсдэг гэж мэдээлсэн тул явган зорчигчид ч гэсэн анхаарал болгоомжтой байж, аль болох гарцаар зам хөндлөн гарч, томчууд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах нь зүйтэй юм.