Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хоньчин хүү Н.Сүхтөмөр хичээлийн эхний өдөр

Өглөөний сонин
2014 оны 9 сарын 2
MorninigNews.mn
Зураг зураг
Н.Сүхтөмөр бага эгчийн хамт сургуульдаа явж байгаа нь. 2014.09.01, 07:30 цаг

- Орон нутгаас хийсэн сурвалжлага -

Жил бүрийн есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлт болж, зуны турш амарсан оюутан сурагчид гадуур найз нөхөд, анги хамт олноороо элдвийг хөөрөлдөн алхацгаах нь Улаанбаатар хотыг жинхэнэ метрополитан хот гэдгийг мэдрүүлэх мэт. Гэхдээ жил бүр нэг хэвийн. Ерөнхийлөгч хичээл зааж, түүнийг нь үндэсний телевиз шууд дамжуулна.

Харин УИХ-ын гишүүд болон сал­барын сайд нь өөрсдийн төгссөн эсвэл тойргийнхоо сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцдог нь байдаг л нэг зүйл болоод уджээ. Тиймээс бид арай өөрийг эрэлхийлж, жирийн малчин ардын хүүхэд хичээлдээ хэрхэн бэлдэж, юугаар гоёж, ямар унаагаар хичээлдээ ирдгийг сонирхохоор Төв аймгийн Эрдэнэ сумыг зорьсон юм.

Ийнхүү наймдугаар сарын 31-ний өглөө эртлэн гарч, алдарт мянганы замаар цаг хэртэй давхисаар талын жижигхэн сум Эрдэнэд ирлээ. Нэгэнт зорьсон газраа ирсэн тул энэ жил нэгдүгээр ангид орох гэж байгаа зургаан настай хэн нэгэн жаалыг хайх ажилдаа орсон юм. Санасан ажил маань ч шуурхай бүтэж, тус сумын сургуулийн захирал Б.Пагмаар газарчлуулан Н.Сүхтөмөр хүүгийнхийг зорилоо.


Эхлээд атаман дараа нь ангийн дарга болно

Энэ бол Н.Сүхтөмөр хүүгийн дөнгөж танилцаад бидэнд хэлсэн үг. Түүнээс “Маргааш сургуульдаа орлоо. Гоё байна уу” гэж асуутал “Гоё байна. Хурдан маргааш болоосой. Би эхлээд атаман болоод дараа нь ангийн дарга болох гэж байгаа” гэж хэвлүүхэн хэлээд биднийг хөгжөөж орхив.

Явдалдаа нугаларч элэгдсэн, хараад өхөөрд­мөөр ч юм шиг жижигхэн бакиал жийж, духан дээрээ сөөсгөр үс сөөвийлгөсөн, сэргэлэн нүдтэй, шар хүү бол бидний бас таны шинэхэн танил Н.Сүхтөмөр.

Тэр маргааш сургуульдаа явна. Гэхдээ өнөөдөр хонио хариулж ээж болон хоёр эгчдээ тусалж байгаа. Хүүгийнх хоёр цохионы хөндийд зусаж байгаа бөгөөд биднийг очиход аав нь адуугаа хайгаад эзгүй байв. Тиймээс зургаан настай Н.Сүхтөмөр аавынхаа эзгүйд хонио эргүүлж, ойр зуурын ажилд ээждээ туслах үүрэгтэй үлджээ.

Гэсэн хэдий ч биднийг очин камер сэлт болоод ирэхээр хүүхэд зангаа гаргаж “Ах аа би шинэ форм авсан” гээд уутнаас нь задалж ч амжаагүй дүрэмт хувцсаа гаргаад ирэх нь тэр. Ингэж бид ёстой л нүүр хагарах гэгч нь болов.

Төмөрөө хүү зэхсэн хичээлийн хэрэгслээ бидэнд гайхуулах гэж яаран “Цахилгаан Маквин” нэрээр хүүхэд багачуудын дунд алдаршсан хүүхэлдэйн киноны баатрыг дүрсэлсэн уралдааны машинтай цүнхээ чирсээр ирсэн юм. Зургийн дэвтэр, бал, харандаа гээд нэг нэгээр гаргаж тавилсаар хамгийн сүүлд “Аа энэ байна зурагтай дэвтэр. Таны дэвтэр зураггүй юм уу” гээд миний тэмдэглэлийн дэвтэр рүү зааснаа, “Ээж чинь таньд зурагтай дэвтэр авч өгөөгүй юм уу” гээд надаас илүү гарсан байртай их л додигор харах нь тэр.

Том бага хоёрын яриа энэ мэт өрнөсөөр нар хэлбийж, салхи сэвэлзээд үдэш ч болж. Манай хүний хонио эргэх цаг болжээ. “Ээж би дээлээ өмсөх үү эсвэл юу өмсөх үү” гээд ээж рүүгээ жоготой инээх юм.

Бодвол хүслэн болсон сурагчийн шинэ дүрэмт хувцсаа өмсөж бидэнд “гайхуулах” гэсэн бололтой. Хариуд нь ээж нь “Дээлээ өмсөлгүй яахав” гээд дээлийг нь бүсэлж өгөөд “Аятайхан яваарай чи. Хар хурдаа­раа давхиад хэдэн хонио үргээгээд хаячихав” гэж захив.


Та морь эмээллэж чадах юм уу?

Өөр шигээ жижигхэн эмээл барьсан Төмөрөө уяан дээрээ ирэхэд манай зурагчин “Алив ах нь эмээлийг нь тохоод өгье” гэхэд Төмөрөө өөдөөс нь “Та морь эмээллэж чадах юм уу” гэж их л голсон маягтай дуугарч нас биед хүрсэн том эрийн амыг таглаж орхив. Зурагчин маань ёстой л “бантсандаа” гэдэг шиг улайсаар хүүгийн эмээлийг тохож, олмыг нь татаж, дөрөө холбоосыг нь бэхэлж өгөөд “Ах нь чадаж л байгаа биз дээ” гээд хүүгээс магтаал горьдсон байртай инээвхийлэх нь хотын биднийг монгол ахуйгаасаа хэр холдсоныг харуулах мэт.

Харин энэ үед аз болж хүүгийн ээж “Хөдөөний хүүхэд шиг байна. Хотынхон дөрөө холбоос гэж бараг мэддэггүй шүү дээ” гэж хэлсэн нь манай хүний хувьд маш том магтаал болов.

Төмөрөөг ирээд мориндоо мордох гэтэл зурагчин маань “Ах нь өргөөд өгье” гэтэл “Би өөрөө мордож чадна, та харах уу” гэж байна. Бид ч “Үнэн үү за харья” гэсээр хээр морь, хүү хоёрыг зөнд нь орхив. Төмөрөө сурцтай нь аргагүй баруун өвдгөө дөрөөн дээрээ тавьж, бүүрэгнээсээ зүүгдэн, зүүн хөлөө давуулж мордчихоод “Би чадаж л байгаа биз дээ” гээд хэзээний танил сэргэлэн нүдээрээ инээж байв.

Хотын бид сав л хийвэл хүүх­дүүдийнхээ үйлдэл бүрт нь тусалсаар байгаад бүр “муу зан” сургачихсан улс юм. Гэтэл хөдөөний багачууд бүхнийг бие даан хийсээр хэзээний “том хүн” болчихсон байдаг бололтой. Ингээд Төмөрөө хониндоо явахад бэлэн боллоо. Харин ээж нь нөгөө л үгээ давтсаар “Аяар яваарай. Ташуураа эргүүлээд чавхадчихдаг шүү” гэсээр хоцорлоо. Хүүг мордуулж өгсөн бид гэрийн үүдэнд дуран барин, тухалж, түүнийг холоос ажиглав.

Ээжийн захиас багадсан бололтой мань хүн наадамд уралдаж байгаа аятай ташуураа эргүүлэн, уулын энгэрт тааваараа бэлчих хонин сүргийн зүг давхичихлаа. Гэтэл ээж нь “Тэр харж байна уу. Сэргэлэн нь дэндсэн сахилгагүй моньд байгаа юм манай энэ” гэх нь тэр. Харин Төмөрөө хүү хонь руугаа дөхөх тусам явдал нь зөөлөрч, хэзээний малчин хүн болоод хувирчихав. Хонин сүргээ хэд хэд тойрчихоод буцаад давхиад ирлээ.


Эрдэнэ сумын жижиг гарьд магнай

Ингээд бидний яриа тэдний гэрийн хойморт байрлах хурдан морины олон медаль болон магтаал, сайшаал, өргөмж­лөлийн талаар үргэлжилсэн юм. Морины медалиудын тухайд түүний аав нь уяач юм гэнэ. Морины дүрстэй олон медалиуд дунд “Эрдэнэ сум 90 жил” гэсэн бичиг, барилдаж буй бөхийн дүрс бүхий том шар медаль нүдэнд содон тусав. “Танай аав чинь уяач бас бөх юм уу” гэж асуутал “Тэр чинь миний медаль” гэж байна. Тэгэхээр Төмөрөө маань бас шаггүй бөх болж таарлаа.

Энэ талаар ээж нь “Манай хүү чинь овоо барилдчихна. Тэр медаль манай сумын 90 жилийн ойн бага насны хүүхдийн барилдаанд түрүүлээд авсан медаль нь. Миний хүүтэй үзүүр түрүүнд үлдсэн хүүхэд бүр барилдахгүй гээд уйлаад байсан. Төмөрөө үеийнхнээсээ арай биеэрхүү болохоор амархан давчихдаг юм” гэж байв. Энэ барилдааны тухайд үзүүр түрүүнд үлдсэн нөгөө хүүд “Чамайг унасан ч гэсэн адилхан бэлэг өгнө” гэж хуурч байж Төмөрөөтэй барилдуулсан гэсэн.

Сумын 90 жилийн наадмаар мань хүн үеийнхээ хүүхдүүдийн зүрхэнд шар ус хуруулсан бололтой юм билээ. Тэр ч бүү хэл Төмөрөө Etv телевизийн “Тэр бөхийн нэр хэн бэ” нэвтрүүлэгт хоёр, гурван удаа оролцож явсан аж. Тус нэвтрүүлгээс ч мөн хоосонгүй юм билээ. Улсын нийслэлд очиж барилдаад, өргөн нэвтрүүлгийн телевизээр гарч, үзүүр түрүү авч явсан мундаг бөх болж таарав. Монгол бөхийн жудаг ёсоор хүүгийн зодог шуудаг гэрийн хойморын унинд өлгөөстэй байна лээ.

Ийнхүү Төмөрөөг ясны бөх гэдгийг мэдсэн болохоор түүний атман болох эсэхэд нь эргэлзэхээ болив. Харин ангийн дарга болохын тулд хичээлдээ шамдах хэрэгтэй болж байна.


Төмөрөө, Данхаа хоёр үргэлж хамт

Данхаа гэхээр сав, суулга, цайны данх гэж ойлгож болохгүй шүү. Тэдний нохойг Данхаа гэдэг юм. Төмөрөө хоёр эгчтэй бөгөөд дөрвөн нүдтэй, бавгар хар банхарын нэрийг түүний бага эгч нь өгсөн юмсанж. Гэхдээ Данхаа өөрт нь нэр өгсөн эгчийг нь биш Төмөрөөг сүүдэр шиг дагана. Арай л гэрт нь хамт орж ирэхгүй юм. Хонинд хамт явна, бие засна, тоглоно тэд хамтдаа их зүйлийг хийнэ.

Зэвүүн цаг таарч хээрийн боохой хоттой хонь руу дайрвал энэ хоёр гэрийн эзэнтэй хамт дайсантай тулах шинжтэй. Гэхдээ одоо тэдний өдөржин хамт байх цаг өнгөрөв бололтой. Учир нь Төмөрөө маргаашийн нар мандахад сургуулийн сурагч болно. Нэгэнт Данхаа сургуульд сурч чадахгүй болохоор ганцаараа үлдэх нь.

Цаг хугацаа урссаар, бид элдвийг хөөрөлдсөөр, нар уулын цаагуур шургаж хоёр цохионы хөндийд харуй бүрий боллоо. Төмөрөөгийн хувьд үүнийг л хүлээж байсан аятай “Шөнө боллоо. Одоо хурдан өглөө болоосой” гэж хашхирах шахам баярлаж, хурдхан нүдээ аниад унтахын хүслэн.


Хичээлийн шинэ жилийн анхны хонх бас л манай хүнийх

Хүсэн хүлээсэн есдүгээр сарын 1-ний өглөө. Эртлэн босч нүүр, гараа угаагаад, нөгөө хувцсаа өмсөөд сургуульдаа явна.

Төмөрөөгийн догдлохыг хараад ч бид ч сандралдаад эхлэв. Наашаа, цаашаа, дээл, хувцас, цүнх гэсээр хичээлийн өмнөх бэлтгэл хангагдаж. Ээжийнхээ урласан шинэхэн дээлийг өмссөн Төмөрөө хээр мориндоо мордож, бага эгчийнхээ хамт сургуулийн зүг явлаа.

Бид ч түүний араас машинтайгаа хөдөлж, сургууль дээр очоод хүлээж байсан юм. 1978 онд баригдсан “П” хэлбэрийн хоёр давхар ногоон байшин 36 дахь жилдээ сурагчдаа хүлээн авахаар гоёчихсон байгаа нь энэ. Дүрэмт хувцасныхаа дор цагаан пүүз углаж, цамцныхаа энгэрийг задгай тавьсан ахлах ангийн хөвгүүд, хэсэг хэсгээрээ бөөгнөрч, ямар нэг зүйл шивнэлдэх ахлах ангийн охид.

Харин элдвийг гайхан харах Төмөрөөгийн нас чацуутнууд. Тэдний дунд шинэхэн дүрэмт хувцсаа өмссөн “манай” Н.Төмөрсүх. Гэрээсээ гарахдаа дээлтэй явсан Төмөрөө ч сурагчийн дүрэмт хувцасаа сургууль дээрээ ирээд өмсчээ. Учир нь түүнд хичээлийн шинэ жилийн анхны хонхыг цохих үүрэг ногдсон тул цоо шинэ формтойгоо олон сурагчдын өмнө гарахыг хүссэн бололтой.

Сургуулийн захирал үг хэлж, сурагчид дуулж, хуурдан хичээлийн нээлт ид өрнөж байхад зургаан настай жижгүүд охид нь үсээрээ оролдож, хөвгүүд нь албаар нэгнийхээ хөл дээр гишгэсэн шиг үймүүлцгээж байсан юм.

Гадаа талбайн ёслолын ажиллагаа дуусч, 2014-2015 оны хичээлийн жилийн анхны хонхыг цохих боллоо. Төмөрөө бас нэг зургаан настай охины хамт хонх цохин сурагчдын өмнүүр явснаар сурагчид анги ангиараа жагсан орлоо.


Ээж ээ...

Ийнхүү зургаан настнууд анх удаа сурагчийн ширээний ард суух мөч ирлээ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ ангид нь оруулж өгөөд, ангийн багштай нь уулзацгааж эхлэв. Ангийн багш нь “Энэ жил дотуур байранд суух хүүхэд нь гараа өргөөрэй” гэхэд манай хэд ямар ч хариу үйлдэл хийсэнгүй. Харин самбарын өмнө бөөгнөрч зогссон эцэг эхчүүд нь “Гараа өргөөрэй миний охин”, “Миний хүү биш ээ. Гараа буулга” гэж зааварлан, “Эд нар арай л жоохон байна аа” гэцгээж байв.

Удалгүй энэ бүртгэл дуусч эцэг эхчүүд гарах болтол ёстой л хонь хурга нийлэлдэх шиг болох нь тэр. “Ээж ээ” гэж гүйж ирээд хөлнөөс нь зүүгдэж байна. Зарим нэг нь суудалдаа суусан чигээр чимээгүй мэгшсээр. Энэ байдлаараа бол эцэг эхчүүд нь өнөөдөр энэ ангиас гарахгүй бололтой.

Голдуу хөвгүүд нус, нулимстайгаа холилдоод ээж, аавыгаа дагаад уйлж байна. Гэхдээ Төмөрөө тэгсэнгүй. Нэг ширээндээ гурваараа суух нь таалагдахгүй байгаа бололтой. Урвайчихсан сууж байв. Харин охид адтай юм биенийхээ цүнх, үсний зүүлтний чамин, ганганыг гайхаж, “Барбитай цүнх гоё” гэх зэрэг “охидын шивнээ” хийж байлаа.

Гэхдээ түүний энэ урвагар байдал удаан үргэлжлэхгүй бололтой. Учир нь энэ жил тус сургууль нэгдүгээр ангийн хоёр бүлэгтэйгээр хичээллэх бөгөөд нэг ангийг нь дааж авсан залуу багш хотоос хараахан ирж амжаагүй байсан юм. МУБИС ийг өнгөрсөн хавар төгссөн М.Мөнгөнзул багшийг ирэхээр ангиа хоёр бүлэг болгоно гэж байв. Тиймээс бүх сурагчдыг нэг ангид оруулан эцэг эхчүүдэд нь зөвлөгөө өгч байгаа нь энэ аж.


Дотуур байрны “Хоёр шар”

Нэгэнт дотуур байрны талаар ярилцсан болохоор байранд орж үзэхээр шийдэв. Биднийг дотогш ортол баруун, зүүн хоёр тийш салсан урт хонгил. Баруун гар талынх нь хөв­гүүдийнх, харин эсрэг жигүүр нь охидынх аж. Нэг өрөөндөө хоёр давхар дөрвөн ортой бөгөөд нэг өрөөнд найман сурагч суудаг юм байна. Гэхдээ заримдаа 8-9 сурагч суух тохиолдол ч байдаг аж.

Үүнийг дэрсхэн хоёр шар жаал ярьж өгсөн юм. Тэд ах дүү хоёр бөгөөд нэг орон дээр хамт унтдаг гэнэ. Тусдаа унтаагүй учрыг нь асуутал ах нь “Энэ муу шарков чинь ороо хурааж чадахгүй гээд хамт унтаж байгаа юм” гээд дүүгээ шоолж байна. Тэд хоёр насны зөрүүтэй. Гэхдээ гэрээсээ хол байгаа болохоор том нь ахын ёсоор дүүгээ халамжилж байгаа нь энэ аж.

Төмөрөөгийнх төвөөс нэлээд зайтай болохоор дотуур байрыг харсан би Н.Сүхтөмөрийн ээжээс “Танай хүү дотуур байранд суух уу” гэж яриа өдөв. Тэднийх хүүхдүүдээ дотуур байранд суулгадаггүй аж. “Н.Сүхтөмөрийг эхний нэг сар гэрээсээ зөөгөөд, дараа нь хоёр эгчтэй нь хамт сумын төвд айлын хашаанд гэр барьж өгөөд амьдруулах бодолтой байгаа” гэв.

Ийнхүү дотуур байртай танилцаж явтал тав, зургаадугаар ангийн бололтой таван хүүтэй өрөөнд оров. Тэднээс “Найз охинтой юу” гэх зэргээр яриа өдөж, дотуур байрны амьдралтай танилцах гэтэл нөгөө хэд маань өөдөөс бүх асуултад н.Пүрэвжав гэж л хариулах юм. н.Пүрэвжав найз охинтой л гэнэ, өрөөний атаман л гэнэ. Ер нь Пүрэвжавд бүх зүйл байдаг бололтой. Тэгэхээр нь “Ор нь аль юм” гэтэл цэргүүдийн “ёотондох” гэж ярьдаг хэлбэрээр жимбийтэл хураачихсан орыг заах нь тэр. Тэр нөхөр маргаангүй өрөөнийхөө шилдэг нь болж таарлаа.

“Гайхалтай залуу” н.Пүрэвжавыг өрөөнүүдээр хайсан боловч олсонгүй. Охидын хэсэгт яваад оччихов. Охидын хэсэг цаанаа л цэвэрхэн юм. Хөвгүүдтэй яг зэрэг ирсэн атлаа хэзээний тухлаад, бүх зүйлээ цэмцийлгэчихсэн сууцгааж байв. Дотуур байранд олон жил суусан арай том нь жижгүүддээ өглөө хэдэн цагт босдог, хэдэн цагт хоолоо иддэг гээд өдөр тутам мөрдөгдөх дүрэм, журмуудыг заав.

Биднийг ийнхүү дотуур байртай танилцаж явтал хи­чээлийн байранд 1б бүлгийг дааж авах шинэ багш ирчихсэн байв. Ингээд нэгдүгээр ангид элссэн зургаан настнуудыг “а”, “б” гэсэн хоёр бүлэгт хувааж, Төмөрөө “а” бүлэгт орсноор Нямтөмөрийн Сүхтөмөрийг эрдмийн аянд мордуулсан бидний аялал өндөрлөсөн юм.

Ямартай ч манай хүн атаман болох хүсэлтэй гэхдээ бас ангийн дарга болох зорилготой. Энэ бүхний эцэст ах нар нь эрдэм номтой сайн хүн болоорой гэж улсын нийслэл Улаанбаатараас мэндчилж байна.

Зураг