Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд Н.Алтанхуяг 92-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

ikon.mn
2014 оны 9 сарын 1
iKon.MN

1991 онд байгуулагдаж байсан тус сургууль энэ жилээс хичээлийн шинэ байртай болжээ. 

1700 гаруй хүүхэдтэй энэ сургууль “Авъяас” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж 1000 гаруй суралцагч нь 16 төрлийн секц дугуйланд хичээллэн урлаг спортын олон амжилт гаргажээ. Хичээлийн шинэ жилийн нээлтийнх нь үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ази тивийн аварга шалгаруулах олон улсын шатрын тэмцээнээс мөнгөн медаль хүртээд өчигдөр эх орондоо ирсэн 10г ангийн сурагч Б.Гарьдмагнай, 2014 оны ЭЕШ-д 800 оноо аван МУИС-д элссэн тус сургуулийн төгсөгч Ц.Буянжаргал, 2014-2015 оны хичээлийн жилд эрдмийн их өргөөгөөр алхан орж байгаа 1г ангийн сурагч Г.Буянхишиг нарт дурсгалын бэлэг гардууллаа.

“Сургууль бол багш, хүүхэд, эцэг эхийн хамтын ажиллагааны нэг том талбар. 92-р сургуулийнхан ийм хамтын ажиллагааны үлгэр жишээ сургууль байна. Эцэг эхчүүдийн оролцоо, санаачилгаар сургуулийн орчноо цэцэрлэгжүүлж тохижуулсан нь, хүүхдийнхээ авъяасыг илрүүлж хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байгаа нь бахархалтай байна” гэж Засгийн газрын тэргүүн онцоллоо. Онц авахын төлөө биш өөрийгөө хөгжүүлэхийн төлөө, нийгэмд зөв хүн болж төлөвшихийн төлөө хичээж, ном их уншиж, сайн хөдөлмөрлөөрэй гэж сурагчдад захилаа.

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид энэ хичээлийн жилд 59352 сурагч шинээр элсч байна. Энэ нь ойрын 20 жилд гараагүй өндөр үзүүлэлт юм. 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний хэмжээнд бага боловсрол шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэнэ гэж БШУЯ–ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.