Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Газар тэмдэглэх компаниуд өнөөдөр тодорно

Б.Заяа, Зууны мэдээ
2014 оны 8 сарын 21
polit.mn
Зураг зураг

Нийслэлийн таван байршилд газар авах эрхтэй болсон иргэд харъяа дүүргийнхээ товлосон газарт цахим үнэмлэхтэйгээ очоод ба­талгаажуулалтаа хийлгэж байна. Өмчилсөн газраа баталгаажуулан өргөдөл гаргах хугацаа энэ долоо хоногт дуусгавар болно. Тиймээс иргэдийн ирц ямар байгааг сонирхож  Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын дэргэдэх Иргэний танхимыг зорилоо. Энэ хэсэгт тус дүүргийн 20 дугаар хороо, Хожуулын ам болон Багахангай дүүргийн байршилд сонгогдсон иргэд бүртгүүлэх юм.

 

“НЭГ БАЙРШИЛД ОЛУУЛАА ГАЗАРТАЙ БОЛЧИХСОН БОЛ ХЭРЭГТЭЙ БАЙЛАА”

Цахим сонголтоор Хожуулын аманд 91927 иргэн хүсэлт гаргаснаас 909, Багахангай дүүрэгт газартай болохоор 8490 иргэн хандсанаас 1483 нь эрх авчээ. Бүртгэлийн сүүлийн өдрүүд хэдий ч тус хэсэгт ачаалал бага бөгөөд бүртгэлийн ажилчид тавуулаа сууж байсан болохоор үйлчилгээ нь хурдан юм. Баталгаажуулалт хийлгэж байгаа иргэдийн олонх нь гэр бүлээсээ ганцаараа, хоёулаа сонгогдсон гэж байна.

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн С.Хаян ам бүл дөрвүүлээ бөгөөд бүгдээрээ хүсэлт явуулаад зургаан настай охин нь л газартай болжээ. Түүнийхээр бол гэр бүлийн хэрэгцээнд зориулсан гэдэг утгаараа ам бүлээрээ нэг цэгт газартай болчихоод эргэлтэд оруулах сонирхолтой байсан гэнэ. Гэвч охин нь ганцаараа энэ хэсэгт, бусад нь өөр өөр байршилд газартай болчихоор амьдралд тусгүй байгаа талаар жаахан бухимдангуй байв. Харин цахим өргөдлөө гаргахад өөрийг нь газартай байна гэсэн хариу авсан Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны харъяат С.Цэрэнпагма бүртгэлийн ажилчдаас бүтэлгүй хариулт сонсоод гарч явахтай таарсан юм.

Бүртгэлийн 10 хоногийн хугацаанд өргөдлөө гаргахгүй бол эрхийг нь хүчингүй болгож хо­жоогүй иргэдэд суга­лаагаар олгох юм байна.

Учир нь тэрээр газар өмчилж байгаагүй бөгөөд өргөдөл гаргах хугацаанд тийм хариу авсаар хугацаагаа өнгөрөөчихөж. Харин бүртгэлийн танхимд ирж шүүлгэвэл газар эзэмшээгүй бөгөөд өргөдлөө гаргаагүй учир дараагийн ээлжийг хүлээ гэжээ. Тэрээр цахим өргөдлийн системд ихээхэн бухимдаж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн гэр бүлийн долоон хүнээс Солонгост ажилладаг хүү нь хожчихсон, “Бараг газартай болохгүй дээ” гээд хайнга бүртгүүлсэн бүсгүй газартай болчихсон баталгаажуулж байна. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар хотын харъяат болсон он сар нь хожимдсон хэрнээ шалгарчихсан иргэн олон байгаа гэсэн. Мөн бүртгэлийн 10 хоногийн хугацаанд өргөдлөө гаргахгүй бол эрхийг нь хүчингүй болгож хо­жоогүй иргэдэд суга­лаагаар олгох юм байна.

 

ҮЛДСЭН БАЙРШЛУУДЫГ ЭНЭ ОНД БАГТААЖ ЗАРЛАНА

Ямартаа ч газраа хугацаандаа амжиж бүртгүүлсэн иргэдийн дараагийн ажил бол эргэлтийн цэгээ тодорхойлуулах явдал юм. Энэ ажлыг геодезийн тусгай компани гүйцэтгэх бөгөөд одоогийн байдлаар нээлттэй тендерийн шатандаа байгааг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир мэдээллээ. Хамгийн гол нь компаниуд иргэдэд чирэгдэлгүй, боломжийн үнэ хөлсөөр үйлчлэх шаардлагыг хотын захиргаанаас тавих юм байна. Таван байршилд тус бүр таван компани шалгаруулах ажил өнөөдөр дуусна гэнэ. Ингэснээр иргэд компаниудад хандаж газрынхаа тэмдэг тэмдэглэгээг хийлгэх боломжтой.

Харин хэзээнээс газраа ашиглаж болох талаар албаныхнаас тодруулахад байршил бүрт дэд бүтцийг хангалттай төлөвлөчихсөн бө­гөөд мэргэжлийн байгуул­лагууд үе шаттайгаар ажилдаа орцгоох гэнэ. Одоогийн байдлаар хугацаа тодорхойгүй ч үлдсэн 47 байршлыг энэ онд багтааж зарлахаар төлөвлөжээ.

Зураг