Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэл лиг"-ийн хоёрдугаар хагас нөгөөдөр эхлэнэ

Д.Нанжид, Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 30
Өдрийн шуудан
Зураг зураг

Монголын хөлбөмбөгийн холбооны үндэсний лигийн тэмцээн ирэх сарын 1-нээс хоёрдугаар хагасын тоглолтоороо үргэлжлэх гэж байна. Энэ жилийн “Нийслэл лиг”-т долоон клуб хүч үзэж буй. Лиг 2009 онд найман клубтэй байсан.

Гэсэн ч “Хараацай” дээд ангилалд тоглох боломжгүй болсноор 2010 онд долоон баг өрсөлдсөн билээ. Харин “Хараацай” 2011 онд “ФС Улаанбаатар” болон эргэж ирснээр дахин наймуул болсон. Гэсэн ч “Улаанбаатарын мазаалайнууд”-ыг 2012 оны лигийн дундуур хассанаар эргээд сондгойрч, өнгөрсөн жил долоон клуб өрсөлдсөн юм.

Өнгөрсөн жилийн сүүлчээр “Хасын хүлгүүд” тарсан ч “Улаанбаатарын мазаалайнууд” эргэж ирснээр дахин долуулаа болсон.

Энэ жилийн лигийн эхний хагасыг “Эрчим” тэргүүлсэн. Азийн хөлбөмбөгийн холбооны “Ерөнхийлөгчийн цом”-ын тэмцээний шигшээ шатанд хоёр дахиа өрсөлдөх гэж буй тэд “Нийслэл лиг”-ийн эхний зургаан тоглолтынхоо тавт нь ялалт байгуулж, нэгт нь тэнцсэн юм.

Тэдэнтэй оноо хувааж дөнгөсөн “Хоромхон” 14 оноотойгоор дэд байрт бичигдэж байна. Гэхдээ тайвшрах болоогүй бөгөөд тэднээс “Улаанбаатар их сургууль” нэг, “Сэлэнгэпресс” таван оноо алдан удаалж буй. “Хоромхон” лигийн эхний хагаст өндөр оноо авдаг ч удаах хэсэгт “суудаг” гэмтэй.

Түүнчлэн зургаан оноотой “Хангарьд”, гурван оноотой “ФС Улаанбаатар”-ын төгсгөл сайн хийдгийг мартаж болохгүй. Тэгээд ч Орхон аймгийн “Хангарьд” хоёрдугаар хагасын бүх тоглолтоо өөрийн талбайд хийх юм. Харин лигт хоёр жилийн дараа эргэн ирсэн “Улаанбаатарын мазаалайнууд” оноо авч амжаагүй явна.

МХБХ-ноос лигийн хоёрдугаар хагасын өмнөх хэвлэлийн бага хурлыг өнөөдөр 12:45 цагаас хурлын танхимдаа зохион байгуулах гэж байна. Хэвлэлийн бага хуралд клубүүдийн дасгалжуулагч нар оролцож багийн танилцуулга болон легионер тоглогчдын талаар мэдээлэл өгөх юм.

Энэ жилийн лигийн тоглолтууд гурван талбайд болж буй. “Хангарьд" эзэн багийн хувиарх тоглолтуудаа Орхон аймгийн Баян-Өндөрт байрлах талбайдаа хүлээн авна. Энд дандаа амралтын өдрүүдэд тоглолт болно.

Тэд эхний хагаст зургаан удаа зочин багийн хувиар Улаанбаатарт тоглосон бөгөөд нийслэлийн зүг байн байна явуулахгүй байх зохицуулалтыг МХБХ-ноос хийсэн юм. Түүнчлэн эзэн багийн хувиарх тоглолтоо “Эрчим” “ДЦС-4” ТӨХК-ийн талбайд, бусад клуб МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүлээн авч байна.

Долоон клуб 12 тойрог өрсөлдсөний эцэст уламжлал ёсоор өндөр үзүүлэлттэй дөрөв нь плей-оффт шалгарна. Ингээд I-IV, II-III гэсэн оноолтоор тоглож, ялагдагчид нь хүрэх ялагчид нь алтан медалийн төлөө тоглох учиртай. Хасагдах шатны тоглолтууд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд энэ жилийн “Нийслэл лиг"-ийн медальтнууд наймдугаар сарын 30-нд тодрох юм. 

Зураг