Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

“Чингис”-ийн орон дээр тухлах боломж олгоё

Ж.Өнөржаргал
2014 оны 7 сарын 29
Монголын мэдээ
Зураг зураг

“Хөсрий ясаар хөөцөлдөгч” гэж хэлүүлэхдээ тултлаа Батаарынхаа араас тэмцэлдсэн Ц.Оюунгэрэл сайдын санаа нь сая нэг амарч, хосгүй үнэт олдворуудыг эх оронд нь авчираад байна. Тэр ч бүү хэл алдарт Т-Батаараар овоглосон маркийг худалдаанд гаргаад амжлаа.

Үнэндээ соёлын сайдыг Батаараас өөр юм мэддэггүй хэмээн даапаалдаг ч зөвхөн үлэг гүрвэлийн олдвор, музейгээрээ л бид дэлхийн хэдэн тэрбум хүнийг соронзон мэт татаж чадна. 

Тиймийн тулд төдийгөөс өдийг хүртэл Ц.Оюунгэрэл сайд маань Т-Батаар болон түүний нөхдийн араас хөөцөлдөө биз. Одоо харин түүний хувьд арай өөр ажилд ханцуй шамлахаар төлөвлөөд бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Энэ нь мэдээж аялал, жуулчлалын салбараа өндийлгөх.

Түүний хувьд энэ чиглэлээр цөөнгүй санаачилга гаргаж, зах зухаас нь ажил хэрэг болгож байгаа тухайгаа өдөр тутмын нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байсан. Харин аялал, жуулчлалын салбар гэхээр зөвхөн зам тээвэр, барилга байшинтай холбож ойлгодог ойлголтоосоо энэ салбарт ажиллагсад ч тэр, иргэд ч салах болсныг сануулаад авсан байна билээ. Энэ ч үнэний ортой байх. Сайдын хэлж байгаагаар бол одоогоос 10 гаруй жилийн өмнө гадныхан Монголд архидах гэж ирдэг байж. 

Хүсэл сонирхлоороо нэгдсэн нөхдүүд Монголд ирээд, амралтын газрын хэдэн гэрийг захиалж аваад архидаж байгаад нутаг буцдаг байсан нь тухайн үеийн Монголын аялал жуулчлалын салбарын чиг хандлагыг илэрхийлж буй хэрэг. Харин одоо бол жуулчид Монголыг танин мэдэх гэж, байгалийн сайхныг нь бишрэх гэж, хоббигоо хэрэгжүүлэх гэж эх оронд маань хөл тавьдаг болсон аж. Энэ бол Монголын аялал жуулчлалын салбар арай өөр чигт алхаж яваагийн нэгээхэн илэрхийлэл биз. 

Гэтэл энэ салбарт ажиллаж байгаа, хүчин зүтгэж байгаа зарим компаниуд, жуулчны баазууд өнөөх л уламжлалт сэтгэхүйгээсээ салахгүй амралтын газар биш нийллэгийн өнгө төрхнөөсөө ангижирч чадахгүй байгаа нь сайдын санааг чилээж байгаа гэнэ.

Учир нь одоогоос 10 жилийн өмнө гадаад, дотоодын жуулчид амралтын газарт нийлэх гэж, наргиж, цэнгэх гэж очдог байсан хандлага өнөөдөр өөрчлөгдсөн байхад манай үйлчилгээ тэдний жишигт нийцэхгүй байгаа аж. Үүнээс гадна жуулчдыг татахын тулд шил толь шиг зам, нүсэр барилга, бүтээн байгуулалтууд шаардлагагүй болчихоод байгаа гэнэ. 

Хамгийн түрүүнд бид жижиг зүйлээсээ анхаарч зөвхөн тухайн жуулчныг тухтай амруулах орчныг бүрдүүлэхэд анхаарах учиртай юм байна. Манай ихэнх жуулчны баазуудын ор, дэвсгэр, хоол, бие засах газрын асуудал наад захын хэрэгцээ, шаардлагыг хангадаггүй.

Гадны бүү хэл дотоодын жуулчдынхаа хэрэгцээнд нийцдэггүй шүү дээ. Гэтэл жуулчны баазууд тухайн жуулчныг хэрхэн ая, тухтай амруулж, чанартай хоолоор үйлчилж, ариун цэврийг дээд зэргээр сахих вэ гэдэгтээ анхааралгүй зөвхөн харагдах байдалдаа хэт анхаарал хандуулж, мөнгөө үр ашиггүй зүйлд зарцуулдаг аж. 

Тухайлбал, аль нэгэн улсаас ирсэн гадны жуулчинд зөвхөн монгол гэрт, эсгий гудсан дээр хэвтээд, хонины ноосон хөнжил нөмрөөд, тооноор нь од, сар ширтээд хэвтэхэд л хамгийн сайхан амралт болдог гэх.

Харамсалтай нь эвдэрч, муудсан ор, хуучин, хиртэй хөнжил гудас, модон жорлон, чанаргүй хоол зэрэг нь жуулчдыг дахин тус баазад тухлах хүсэлгүй болгодог байна. Гадны жуулчид монгол гэрт, хонины ноосон хөнжил нөмрөөд, тооноороо од, сар ширтээд хэвтэхдээ өөрсдийгөө Чингис хааны орон дээр тухалж байна гэж бодож, маш их баярладаг тухай яриаг ч энд дурьдахгүй өнгөрч болохгүй.

Бидний хамгийн сайн чадах зүйлийн нэг бол энэ шүү дээ. Жуулчдад зүгээр л Чингис хааны орон дээр тухлах боломжийг олгоё.

Бидэнд ямар хонины ноос байхгүй гэх биш, эсгий гудас олдохгүйн зовлон байх биш. Үндэсний үйлдвэрлэлийг ч энэ чиглэл рүү хандуулж, тэдэнд хөнгөлөлттэй зээл тусламж олгодог байя. Мэдээж зам харгуй чухал ч энгийн зүйлээсээ эхэлж, хандлагаа өөрчилж чадвал талын Монголыг зорих жуулчны жим тасрахгүй үргэлжилнэ.

Зураг