Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ажилтнуудаа ном дээдлэх ухаанд сурга...

Б.Уран
2014 оны 4 сарын 25
Зууны мэдээ
Зураг зураг

Номыг дээдэлдэг, номонд хайртай хүн бүрийн эгдүүцлийг өчигдөр өглөө болсон нэгэн үйл явдал хүргэлээ. Оюун ухааны далай, ертөнцийг харах толь зэргээр хүндэтгэн хандаж номыг шороотой хутган, хаях нь байтугай газар тавихыг цээрлэдэг ард түмэн бол монголчууд.

Харамсалтай нь энэ хүндлэлийг төрийн албан хаагчид уландаа гишгэж орхилоо. Бүр тодруулбал, Дэлхийн номын өдөртэй зэрэгцэн номын бизнес эрхлэгчдэд Нийслэлийн өмчийн харилцааны газраас нэгэн “бэлэг” барилаа.

Өчигдөр үүрийн 04:00 цагийн үед Багшийн дээ­дийн зүүн урд хэсэгт байрлах номын худалдааны павилонуудыг Нийслэлийн Өмчийн ха­рилцааны газраас алба­дан буулгав.

Өчигдөр үүрийн 04:00 цагийн үед Багшийн дээ­дийн зүүн урд хэсэгт байрлах номын худалдааны павилонуудыг Нийслэлийн Өмчийн ха­рилцааны газраас алба­дан буулгав. Цоож­той байсан павилонуудын цонх хаалгыг эвдэж, салган том тэрэгт ачаад, ном өрсөн тавиуруудыг хэдэн хэсэг болгон эвдэлж, номуудыг нь талаар нэг тараан хаяжээ.

Нууцалсан дугаараас “Танай лангууг албадан нүүлгэлээ, эд хөрөнгөө ирж ав” гэж хэлэхэд нь сандран гэрээсээ гарсан номын худалдаачин Б.Дунгармаа хамгийн түрүүнд энд иржээ. Ном, соёлыг дээдлэн биширдэг хэн бүхний сэтгэл сэрдхийлгэм дүр төрхийг хараад тэрээр уйлж суухад нь бид очсон юм. Багшийн дээдийн номын худалдаа гэхээр өнөөдөр хэн хүнгүй мэднэ.

Хуучны, ховордсон, ганц нэг хэрэглээд орхисон гэх мэт ном хайсан хүн бүр олон жилийн турш үйл ажиллагаа явуулж ирсэн энэ газарт ирдэг.

Магадгүй ачааллаа дийлдэггүй цөөн тооны номын сангийн үйл ажиллагааг энэ хавийн худалдаачид орлодог гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу. Ялангуяа оюутан сурагчдын байнга үйлчлүүлдэг газрынх нь нэг болоод удаж байсан юм.

Харин өчигдөр өглөө тэнд хугарсан тавиур, хуудсаараа салсан номнууд л үлджээ. Нийслэлийн өмчийн харилцааны газрынхан павилоныг нь авч яваад доторхийг нь ил задгай орхисон нь энэ. Хэдийгээр албадан нүүлгэж болох ч бизнес эрхлэгчдийн хөрөнгө болох хэдэн номыг нь эвтэйхэн өрж тавиад орхичихож болох л байсан.

Хөглөрсөн номон дунд Ц.Оюунгэрэл сайдын “Ногоон нүдэн лам”, ардын уран зохиолч Т.Галсангийн цуврал бүтээлүүд, түүхийн ховор судрууд шороотой холилдон хэвтэж байгаа нь ч харагдав.

Багшийн дээдийн орчимд ном зарж орлого олдог 40 гаруй худалдаачин байдаг ажээ. Задгай тавиурт номоо зардаг байсан бол хэдэн жилийн өмнөөс павилонтой болсон байна. “Бид энд тамхи зараагүй, оюуны талх зарж байна. Гэтэл ингэж ханддаг нь ямар учиртай юм бэ.

Нийслэлийн өмчийн харилцааны газраас хоёр жилийн өмнөөс бидэнд шаардлага хүргүүлсэн гэсэн тайлбар хийж байна. Энэ бол худлаа. Хоёр долоо хоногийн өмнөөс л шаардлага ирсэн. Хэрэв энэ шөнө ачих байсан юм бол орой нь утсаар хэлээд номнуудаа ав гэж болно доо. Гэтэл үүрээр нууцалсан дугаараас залгаад хэлж байгаа юм.

Ирэхэд ийм байдалтай. Хамаг павилоныг ачаад явчихаж. Уг нь бид ямар зохицуулалтаар газраа чөлөөлж, хаашаа нүүх вэ гэдгээ ярьж тохиролцоод явж байсан. Гэнэт л ирээд буулгаад хаячихаж. Энэ дотор хэд хэдэн хүний номнууд байсан. Одоо яаж ялгаж салгаж авах болж байна” гэж номын худалдаачин Б.Дунгармаа хэллээ.

Нийслэлийн өмчийн харилцааны газраас энэ талаар тодруулахад “Павилонуудыг том тэргээр зөөхөөс өөр аргагүй байсан учраас нар мандахаас өмнө албадан нүүлгэлтийг хийсэн. Өдөр  том тэрэг үүгээр явж болохгүй. Энэ хүмүүст хоёр жилийн өмнөөс л шаардлага хүргүүлж байгаа. Энд замын ажил хийгдэх трасс учраас албадан нүүлгэхээс өөр арга байхгүй” гэсэн тайлбарыг хийв.

Албадан нүүлгэж болно. Энэ бол төрийн ажил. Гэвч төрийн ажлыг гүйцэлдүүлэгчид ном уншдаггүй юм байна. Тэд номыг хайрладаггүй юм байна. Олон нийтийн сүлжээнд тэдний энэ үйлдлийг иргэд маш ихээр шүүмжилж байгаа юм. Мэдээж газар чөлөөлөх асуудал байлгүй яахав.

Гэхдээ заавал ингэж нурааж, сүйдэлж, урж тасдах ямар хэрэг байсан юм бол. Нийслэлд номын худалдаачдыг хөөж зайлуулахаас илүүтэй хийх ажил уг нь дэндүү олон байгаа.

Зураг