Баячуудын хороолол буюу Зайсангийнхан
“Улаанбаатарчуудын амьдрал өдөр, шөнө шиг ялгаатай, үхэл нь хүртэл өөр юм” гэж гадаадын нэгэн иргэн халаглаж байсныг өөрийн эрхгүй саналаа. Хүмүүнлэгийн ажлаар ирсэн тэрбээр “Хоёр өөр улсад ирсэн юм шиг санагдлаа. Дэлхийн бусад улс оронд ч гэсэн баян хоосны ялгаа байдаг.
Гэхдээ Монголд дэндүү өөр юм. Бусад улсад баячууд нь цөөн байдаг бол Монголд эсрэгээрээ, алхам тутамдаа хүний эрх зөрчигдөж, өөрийн улсын Үндсэн хууль нь уланд нь гишгэгдчихээд байхад парламентын гишүүд нь дээгүүр хараад л явж байдаг юм билээ. Арга ч үгүй биз парламентдаа дандаа бизнесмэн болон идэж уух сонирхолтой нөхдийг сонгочихож гэж би ойлгож байгаа” гэсээр нутаг буцсан гэдэг.
Таван жилийн өмнө 5300 хүн амтай байсан Хан-Уул дүүргийн Зайсан толгойн хүн ам хоёр дахин өсч, 10 мянга 100 болжээ.
Өөрөөр хэлбэл гадаад эрхэм “Нэг гүүр давж амьдарвал нэлээд баян, хоёр гүүр давж амьдарвал хосгүй баян” гэсэн явган яриаг нотлох мэт. Түүний хоёр жилийн өмнө ийн өгүүлснийг өнөөгийн Зайсан, Баянхошууныхны амьдрал нотолж буй юм.
Зайсан гэсэн энэ нэр одоо баячуудын хороолол гэсэн агуулгыг илтгэж, тэнд зөвхөн баячууд л амьдардаг гэсэн ойлголт ч аль хэдийн бий болж.
Таван жилийн өмнө 5300 хүн амтай байсан Хан-Уул дүүргийн Зайсан толгойн хүн ам хоёр дахин өсч, 10 мянга 100 болжээ. Тэдгээрийн 70 хувь нь сүүлийн хэдхэн жилийн дотор баригдсан өндөр үнэтэй хувийн хаусанд амьдардаг болсон байна.
Тиймээс Монголын баячууд тэнд шавааралдаж амжсан гэсэн үг. Хөрөнгөтэй эрхмүүдийн хэдэн зуун саяар тоологдох үл хөдлөх хөрөнгүүд сүндэрлэнэ. Эдгээр үнэтэй орд харшийг дагаад борчуудын хороололд байдаггүй бүх л зүйл тэнд цогцоороо байна.
Монголын хамгийн үнэтэй буюу жилийн 12 мянган ам.долларын төлбөртэй 800 гаруй сурагчтай хувийн “Америк сургууль” тэнд бий. Тус сургуулийн сурагчид хамгийн үнэтэй машинаар хүргүүлж, авахуулдаг. Зайсангийн баячуудын үйлчлүүлдэг дэлгүүрийн хүнсний бүтээгдэхүүний чанар, чансаа нь дээд зэрэглэлийнх байхгүй бол худалдаа эрхлэгчид нь толгойгүй болох шахна.
Мөн тансаг зэрэглэлийн орд харшийг дагаад ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн гээд хөгжил цэцэглэлт өндөртэй барууны оронд ирчихэв үү гэж андуурмаар. Энэ мэтээр тоочоод байвал маш олон зүйлээрээ борчуудаас илт ялгарч ёстой л “тасраад явчихаж”.
Борог амьдрал буюу Баянхошууныхан
Уранхай, ноорхой хувцастай, царай нь халтартаж, заримынх нь нүүр гар зэгэл саарал болсон хүүхдүүд түжигнэтэл гүйлдэж, хүн, машин нэг л замаар зорчино. Энэ бол гэр хорооллын гэх тодотголтой, ядуу тарчиг амьдралтай ихэнх хэсгийнхний өдөр бүр өрнөдөг амьдрал.
Хотын хүн амын илүү хувь нь шавсан Баянхошууны гэр хороолол. Өвөл нь урдах хүнээ харахгүй шахам утаанд алхаж байна. Энд ч ёстой нэг амьдрал өрнөсөөр үргэлжилсээр урин дулаан цагт нь тоосон дунд хоолойгоо хорсгон аж төрсөөр байна.
Уг нь урин дулаан болоход утаа багасаж агаар арай л дээрддэг бол эргэн тойронд нь тоосгоны олон үйлдвэр байдаг тул нарийн ширхэгтэй тоос иргэдийн уушгинд нь шигж байдаг нь гашуун үнэн. Бас шарилтай хаяа дэрлэн амьдрагсад ч энэ бүсэд олон.
Эргэн тойронд нь тоосгоны олон үйлдвэр байдаг тул нарийн ширхэгтэй тоос иргэдийн уушгинд нь шигж байдаг нь гашуун үнэн.
Ингэж л Монголын нийгмийн нэгээхэн хэсэг болох улаанбаатарчууд хорвоогийн борогхон амьдралыг өөр өөрийнхөөрөө туучиж явна. Улаанбаатарын залуучуудын бараг л хоёр хүний нэг нь өөрийн гэсэн толгой хорогдох орон байргүй, ээж аав, хадмындаа, хамаатан садныдаа адлуулж, оюутны байранд хоргодож, энд тэндхийн хөлсний байр, халаасны өрөөнд амьдарч явна.
Гэтэл баячууд хэдэн арван тэрбум төгрөгийн үнэтэй тансаг байранд тарвалзан амьдарч, бас болоогүй доод тал нь 2-3 байр бусдад түрээслүүлэн тэдний хөлс, цус, нулимсыг сорон амьдарцгааж байна.
Ямартай ч нийт хүн амын тоо 2012 онд 278 мянга байсан бол одоо 300 гаруй мянган хүн амтай болтлоо өсчээ.
УИХ-ын 76 гишүүн та нар ганцхан цаг ч болов Баянхошуунд саатаарай
Хүмүүнлэгийн ажилтан Элисагийн хэлсэнчлэн “Хууль батлагсад нь хуулиа зөрчөөд байхаар ядуу дорд мань мэт нь яаж ч тарвалзаад яах билээ.
Гэхдээ УИХ-ын эрхэм 76 гишүүн та бүхнийг ганцхан цаг ч болов Баянхошуунд саатахыг урьж байна. Хэрэв та нөхөд зориглон тэнд очвол үхэл ямар ойрхон байгааг мэдрэх байх.
Ингээд олныг эс нуршин өдөр шөнө шиг ялгаатай амьдралыг гэрэл зургаар хүүрнэж байна. Ямар аймшигтай амьдрал, ямар их ялгаа вэ.