Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Мөнхбат: Залуус монгол бичгийг их сонирхдог болсон

Б. Ганаа, Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 21
Өдрийн шуудан

МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, Ё.Мөнхбат манай сонины “Эх хэл мину” монгол бичгийн буланг хөтлөн явуулдаг билээ.

Ирэх сарын эхээр “Хэл соёлын өдөр” тохионо. Үүнтэй холбогдуулан Ё.Мөнхбаттай ярилцлаа.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би зургадугаар ангиасаа монгол бичиг заалгасан. Тэр үеэс л үндэснийхээ бичигт татагдсан юм. Уран бичиг шаарддаг болоод ч тэр үү надад их сонирхолтой санагдсан. Тэгээд л монгол бичгийн багш болохоор шийдсэн.

2012 онд МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд эндээ эрдэм шинжилгээний ажилтан болсон. Ш.Чоймаа багшийн удирдлага доор хэсэг залуу нэгдэж монгол бичгийн программ хийж байгаа.

-Бүх албан бичгийг монгол бичгээр хавсарч хөтлөх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гаргасан. Танай сургуулийн багш нарыг үүнтэй холбогдуулаад программ зохиож байгаа гэж сонссон?

-Бид Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтарч ажиллаж байна. Иргэдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн батлахыг монгол бичигт хөрвүүлээд дуусч байгаа.

Нэг үгээр хэлбэл, хүмүүсийн мэдээллийг цэгцэлж өгч буй юм. Бидний ажлын үр дүнд саяхан монгол бичигт анх хөрвүүлсэн гэрлэлтийн батлахыг гардуулсан. Бүх монгол туургатан монгол бичгээ дээдэлж ирсэн байдаг.

Тиймээс бид ч гэсэн босоо бичгээрээ бахархаж хүндэтгэх ёстой.

Монгол Улсын иргэн байж үндэснийхээ бичгийг мэдэхгүй байвал гутамшиг шүү дээ. Тиймээс хүн бүрийн заавал сурах ёстой нэг зүйл бол монгол бичиг байх учиртай.

-Монгол бичгийг XIII зууны үеэс үүссэн гэж үздэг байх аа?

-Чингис хааны үеэс монгол бичгийг үүссэн гэж үздэг. Гэхдээ яг он цагийг нь түүхчид хийгээд судлаачид тодорхой тогтоогоогүй. Он цагийн явцад олон бичиг устсан ч монгол бичиг үлдэж чадсан. Хамгийн удаан тасралтгүй хэрэглэгдэж ирсэн гэж хэлж болно.

-Таталган, дөрвөлжин, уран бичлэг гээд монгол бичгийн олон хэлбэр байдаг. Өөрийн тань хувьд бүгдийг нь эзэмшиж чадсан уу?

-Би өөрийгөө монгол бичгийг төгс сурсан гэж хэлэхгүй ээ. Гэхдээ сүүлийн үеийн залуус монгол бичгийг их сонирхдог болсон. Ялангуяа уран бичлэг нэлээд дэлгэрч байгаа. Учир нь калиграф бол монгол бичгийн урлаг. Тиймээс уран бичлэгийн хэлбэр хөгжиж байна.

Монгол бичгийн хэлбэрүүд тус бүртээ онцлогтой байдаг. Жишээлбэл, албан байгууллагын танилцуулгад дөрвөлжин хэлбэр хамгийн тохиромжтой. Харин лекц хөтлөхөд таталган бичиг илүү зохимжтой байдаг.

-Одоо манай сонин “Цаасан шувуу” зохиолыг цувралаар хүргэж байгаа. Та өөрөө хөрвүүлсэн үү?

-Багш бид хоёр ярилцаад эртний сургааль, зохиолуудыг танай сонингоор дамжуулан цувралаар хүргэж байгаа. "Цаасан шувуу" зохиолыг Ш.Чоймаа багшийн хөрвүүлгээр уншигчдын хүртээл болгож байна. Удахгүй бас нэгэн сонирхолтой зохиолыг уншигчдадаа хүргэнэ.

-Ирэх сарын эхээр бичиг соёлын өдөр тохиох гэж байгаа. Энэ өдрийг тохиолдуулаад танай сургууль ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

-Үндэснийхээ бичиг соёлын өдрийг өргөн хүрээнд тэмдэглэж байх хэрэгтэй л дээ. Манай тэнхмийнхэн монгол бичгийг сурталчлах өдөрлөг зохион байгуулна.

Зураг