Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгөөр амжилт худалдаж авч болох уу?

CSPORTS team
2014 оны 4 сарын 21
iKon.MN

Аз жаргалыг мөнгөөр худалдаж авч чадахгүй гэж хэн хэлээ вэ? Спортын ертөнцөд багуудын зарцуулж буй зардал, гаргаж буй амжилт 2-ын хооронд ямар нэг эерэг хамаарал бий юу?

Санхүүгийн хувьд хүчирхэг, өндөр үнээр шилдэг тоглогчдыг багтаа авчирч, тэдэнд багтаа сэтгэл хангалуун тоглохуйц цалинг өгч чадаж буй багууд үнэхээр амжилт гаргаж чадаж байна уу? Энэ л асуултын хариултыг тайлахыг зорьсон нэгэн судалгаатай, түүнчлэн CSPORTS TEAM-ийн гүйцэтгэсэн зарим шинжилгээтэй хамтдаа танилцацгаая.
 
ESPN болон Sportingintelligence хамтран дэлхийн спортын ертөнцийн цалингийн судалгааг гүйцэтгэжээ. Тэдний судалгааны дүнгээр 2013 оны Super Bowl-ийн аварга Сиатл Сийхаукс баг өнгөрсөн улиралд нэг тоглогчид дунджаар  2.3 сая ам.долларын зардал гаргасан нь NFL-ийн багуудаас 2-т бичигдэх дүн аж.

Тэд нэг тоглогчид зарцуулж буй дундаж зардлаараа NFL-ийн бусад 30 багийн дээр бичигдэж байгаа хэдий ч бусад спортын лигүүдийг нэгтгэсэн хүснэгтэд ердөө 116-р байрт бичигдэж байна. Энэ нь NBA-ийн нийт 30 баг, MLS-ийн 2 баг, Английн Премьер лигийн 20 багийн 13-ийнх нь доор бичигдэж байна гэсэн үг. Олон хүн NFL-ийн багуудын жагсаалтын дээгүүр бичигдэх болов уу гэсэн таамагтай байсан хэдий ч энэхүү жагсаалт тэдний хүлээлтээс тэс өөр байв.
 
Дэлхийн хамгийн өндөр цалинтай лигээр NBA тодорчээ. 441 тоглогчид нийт 2 тэрбум долларын цалин олгосон нь нэг тоглогчид дунджаар 4’522’283 долларын цалин ногдсон гэсэн үг юм. 2013-2014 оны улиралд Брүүклин Нэтс баг лигийн багуудыг цалингийн цэсээрээ тэргүүлсэн. Нэг тоглогчид ногдох цалингийн цэс нь дунджаар 6.8 сая ам.доллар байсан нь өнгөрсөн улирлаас даруй 1.3 сая ам.доллараар нэмэгдсэн дүн юм.

Кэвин Гарнетт, Пол Пийрс нарыг авчирахад л багийн нийт цалингийн цэс 82.7 саяас 102.2 сая ам.доллар болж өсчээ. Ийнхүү цалингийн цэсээ нэмэгдүүлсэнээр тэд лигийн цалингийн цэсний жагсаалтын 16-р байраас 6-р байр луу дэвшив. 10 байр дэвшсэн энэ том үсрэлт нь багт 80 гаруй сая ам.долларын татварыг авчирсан. Энэ бүхэн богино хугацаанд хүчтэй баг бий болгох чин хүсэлтэй Оросын тэрбумтан Михайл Прохоровын гавъяа биз ээ.

БРҮҮКЛИН НЕТС: ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ НЬ ХАМГИЙН ИХ БАЙСАН БАГ
 
Өөр нэгэн тэмдэглүүштэй зүйл гэвэл Сери А-ийн АС Милан баг лигийн нийт цалингийн хүснэгтийн 6-р байраас 27-р байр луу буюу 21 байр ухарчээ. Миланы цалингийн цэс 177.9 саяас 155.9 сая ам.доллар болтол буурсан байна. NBA-д ч мөн үүнтэй дүйцэх хэмжээний “ухралт” бий болсон. Үүний эзэн нь мэдээж хэрэг Лос Анжелес Лейкэрс баг юм. Лигтээ 7-р байраас 19-р байр руу ухарчээ. Дуайт Ховард болон Метта Уорлд Пийс нар явсан нь л тэдний цалингийн цэсийг 26.8 сая ам.доллараар хөнгөлжээ.
 
Сүүлийн 5 жилд мэргэжлийн багийн нэг тоглогч дунджаар нийт хэдий хэмжээний  цалин авсан талаарх жагсаалтыг сонирхвол, Ла лигийн Барселона клубын тоглогчид 5 жилд дунджаар 40 сая ам.долларын цалин авсан гэсэн үзүүлэлтээр 1-р байрт бичигджээ. Реал Мадрид 37 сая ам.доллараар 2-р байрт бичигдсэн бол Нью Йорк Яанкийс 35.8 саяар 3-т, Манчестер Сити 31.7 саяар 4-т, Челси 31 сая ам.долларын цалингаар айргийн 5-т бичигджээ. Тэгвэл NBA-ийн хамгийн өндөр цалинтай багаар Лос Анжелес Лейкэрс баг сүүлийн 5 жилд нэг тоглогчид дунджаар 29.8 сая ам.долларын цалин олгосон үзүүлэлтээр тодорсон ба нийт жагсаалтын 7-р байрт бичигдэв. Харин NFL-ийн хамгийн өндөр цалинтай Даллас Коубойс баг нийт жагсаалтын ердөө 93-р байрт бичигдсэн ба тэдний сүүлийн 5 жилийн дундаж цалин 11.8 сая ам.доллараар хэмжигджээ.

БАРСЕЛОНА: СҮҮЛИЙН 5 ЖИЛД ТОГЛОГЧДОДОО ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИН ӨГСӨН БАГ
 
Энэхүү судалгаанд 15 лигийн 294 баг хамрагдсан бөгөөд нийт 16.15 тэрбум ам.доллар 8663 тамирчдийг цалинжуулжээ. 
 
CSPORTS TEAM энэхүү судалгааны хамгийн сүүлийн улирлын тоон мэдээлэлд тулгуурлан зарим шинжилгээ хийснийг та бүхэнд толилуулж байна:
 
Санхүүгийн хүчин чадал, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар, үзэгчдийн тоо зэргээр ялгарч чадсан 15 мэргэжлийн лиг дэлхийн мэргэжлийн лигийн зах зээлийг бараг бүхэлд нь тодорхойлж чадах юм. Тэгвэл эдгээр лигүүдийн тоглогчдын цалинд зарцуулсан нийт зардлыг тооцож, аль лиг хамгийн их хувийг эзэлж буйг сонирхвол:

Нийт 15 мэргэжлийн лиг, 294 баг, 8663 тамирчин – 16.15 тэрбум ам.доллар. Тэгвэл үүний хамгийн их хэсгийг буюу 20.8 хувийг MLB эзэлж байна. Түүний араас NFL 20.5 хувийг, NBA 12.3 хувийг, NHL 11.5 хувийг эзэлж байгаа бол хөлбөмбөгийн топ 4 лиг 5-8 дугаар байруудад бичигджээ. Английн Премьер лиг 10.7 хувийг, Италийн Сери А 7.0 хувийг, Германы Бундеслиг 6.2 хувийг, Испаны Ла лиг 5.7 хувийг эзэлж байна. Эдгээр 8 лиг нийт зах зээлийн 94.8 хувийг (зөвхөн тоглогчдод олгож буй цалингийн хувьд тооцсон болно) эзэлж байна. Гэхдээ лиг тус бүрт өрсөлдөж буй багийн тоо ялгаатай хийгээд спортын онцлогоос шалтгаалан нэг багт харъяалагдах тамирчдын тоо ялгаатай гэдгийг мартаж болохгүй.
 
Тиймээс топ 5 лигийн нэг багийн нэг жилд, нэг тоглогчид зарцуулж буй цалингийн зардлыг харьцуулан харъя. MLB, NFL, NBA, NHL, EPL. Хэрвээ та ажигласан бол эдгээр 5 лиг 5-уул өөр спорт байна. Бейсбол, америк хөлбөмбөг, сагсан бөмбөг, хоккей, хөлбөмбөг. Гэхдээ эдгээр 5 лигийн 4 нь АНУ-ын лиг байгаа юм. АНУ-ын энэхүү 4 лиг мэргэжлийн тоглогчиддоо жилд нийт 10.5 тэрбумын цалин олгож байгаа аж. Энэ нь нийт зах зээлийн 65.2 хувийг бүрдүүлж байна. 65.2 хувь – Зөвхөн энэ тоо л АНУ-ын спортын зах зээл хэр том болохыг, дэлхийн зах зээлд ямархуу хүчтэй өрсөлдөгч байж чадахыг хангалттай харуулж чадна. Олон юм нуршилгүй дээр ярьсан дундаж цалингийн дүнг харьцуулъя. Нэг баг нэг жилд нэг тоглогчид дунджаар дараах хэмжээний цалинг олгож байна:

Энэ удаад NBA жагсаалтыг тэргүүлжээ. NBA-ийн багууд тоглогчиддоо дунджаар 4.5 сая ам.долларын цалин олгож байна. Тэгвэл нийт цалингийн зардлаар толгой цохиод байсан MLB нэг тоглогчид дунджаар 3.9 сая, Английн Премьер лиг 3.5 сая, NHL 2.4 сая, NFL 2.0 сая ам.долларын цалин олгодог дүн гарлаа. Спортын бизнес модел хөгжиж цэцэглэхийн хэрээр багуудын санхүүгийн чадамж нэмэгдсээр байгаа. Гэхдээ энэ үр шимийг баг бүр адилхан хүртэж чадаж байна уу? Гэвэл үгүй л болов уу. Лиг дэх багуудын санхүүгийн тэгш бус байдал нэмэгдсээр байгаа. Чухам энэ л зүйлийг тодорхойлж, аль лигт санхүүгийн тэгш бус байдал илүү байгааг тодорхойлохын тулд бид лиг тус бүр дэх багуудын цалингийн зардлын стандарт хазайлтыг тооцлоо.
 
(Стандарт хазайлт нь өндөр байх тусам тэгш бус байдал өндөр, бага байх тусам тэгш бус байдал төдий чинээ бага байгааг илтгэнэ.) 

Бидний хамгийн ихээр үзэх дуртай Английн Премьер лиг хамгийн өндөр стандарт хазайлттай гарчээ. Энэ нь АПЛ-ийн багууд бусад лигийн багуудтай харьцуулахад санхүүгийн чадамж тэгш бус байгааг илтгэх нэгэн шалгуур үзүүлэлт болох юм. 2-р байранд MLB орсон бол түүний араас NBA жагслаа. Харин NFL болон NHL стандарт хазайлт бусад 3 лигтэй харьцуулахад тийм ч өндөр биш гарсан байна. Бидэнд буй тоон мэдээлэл дэх хамгийн өндөр цалинтай баг болох АПЛ-ийн Манчестер сити клуб нэг тоглогчид нэг жилд дунджаар 8.1 сая ам.долларын цалин олгож байгаа бол NFL-ийн Аризон Кардиналс баг нэг тоглогчид нэг жилд дунджаар 1.1 сая ам.долларын цалин олгож байна. Энэхүү 2 дүнг харьцуулбал Ситигийн тоглогчид Кардиналсын тоглогчдоос 7.2 дахин их цалин авдаг гэсэн дүн гарна. Топ 5 мэргэжлийн лиг тус бүрийн хамгийн өндөр цалинтай багуудыг сонирхоцгооё:          
 

Дээр дурьдсанчлан Манчестер Ситигийн тоглогчид жилд дунджаар 8.1 сая ам.долларын цалин авч байгаа бол MLB-ийн Нью Йорк Янкийсийн залуус тэднээс тийм ч дутахгүй цалинг халааслаж байна. Тэд жилд 8.0 сая ам.долларын цалин авдаг гэнэ. Тэгвэл Орос тэрбумтны баг болох Брүүклин Нэтс тоглогчиддоо дунджаар 6.8 сая, NHL-ийн Чикаго Блэкхаукс 3.0 сая, NFL-ийн Миннесота Викингс 2.3 сая ам.долларын цалин өгч байна. Эдгээр лигүүдээс Монголд хамгийн олон үзэгчтэй нь Английн Премьер лиг болон NBA билээ. Тэгвэл энэхүү 2 лигийн багуудын дундаж цалинг сонжъё. NBA:

Брүүклин Нэтсийн араас Чикаго Буллс 6.1 сая ам.долларын цалинтайгаар удаалжээ. Нью Йорк Никс тоглогчиддоо 5.9 сая ам.долларын цалин олгож буй бол Майами Хийт 5.6 сая ам.долларын цалинтай байна. Тэдний араас Лос Анжелес Лейкэрс, Бостон Селтикс, Оклахома Сити Тандер, Индиана Пейсэрс... гээд л 30 багийн жагсаалтыг дээр харууллаа. Лигийн дундаж цалин 4.5 сая ам.доллар хэмээн үнэлэгдсэн. Лигийн 30 багийн 15 нь дунджаас дээгүүр, 15 нь дунджаас доогуур цалинтай байна. NBA-ийн хамгийн бага цалинтай багаар Филаделфиа 76 баг тодров. Тэд 2.9 сая ам.долларын цалин авдаг нь Брүүклин Нэтс багийн тоглогчдоос даруй 2.4 дахин бага байна. Тэгвэл одоо Английн Премьер лигийн багуудын цалинг сонирхъё: 

Манчестер Сити 8.1 сая, Манчестер Юнайтед 6.6 сая, Челси 6.1 сая, Арсенал 5.9 сая, Ливерпүүл 5.2 саяын цалинтай. Лигийн дундаж цалин 3.5 сая ам.доллар байгаа бол лигийн 20 багийн ердөө 6 нь дунджаас дээгүүр цалинтай байна. Тийм ч болохоор дээр дурьдсан байдлаар лигийн стандарт хазайлт өндөр гарч санхүүгийн хүчин чадлын тэгш бус байдал ихтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Лигийн хамгийн бага цалинг Уиганы тоглогчид авч байна. Тэд дунджаар 1.8 сая ам.долларын цалин авдаг аж. Үүнээс харахад уржнан жилийн Премьер лигийн аваргууд өнгөрсөн жилийн ФА цомын аваргуудаас 4.6 дахин өндөр цалин авч байна. Хөлбөмбөгийн топ 4 лигийн дундаж цалинг харьцуулан харъя. 4 лигийн нийт 78 багийн хамгийн өндөр цалинтай 20 багийг дор харууллаа:

Хамгийн өндөр цалинтай 20 багийн жагсаалтын тэн хагас нь буюу 10 нь Английн Премьер лигийн багууд байна. Харин Сери А-ийн 5, Бундеслигийн 3 баг багтсан бол Ла лигээс 2 баг буюу Реал Мадрид, Барселона багууд багтжээ. ТОП-4 лигийн багуудын дундаж цалин 2.4 сая ам.доллар гэж тодорхойлогдсон. Тэгвэл дээрх жагсаалтад багтсан 20 багийн дундаж цалин ерөнхий дундажаас даруй 2 дахин өндөр буюу 5.0 сая ам.доллар гэнэ. 78 багийн хамгийн бага цалинг Ла лигийн Райо Валлекано баг авч
байна. Тэд дунджаар 0.6 сая ам.долларын цалинтай нь Манчестер Ситигээс бараг 15 дахин бага байна. 
 

МАНЧЕСТЕР СИТИ: МЭРГЭЖЛИЙН ЛИГҮҮДЭЭС ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИНГ ТОГЛОГЧДОДОО ОЛГОЖ БУЙ КЛУБ 

Мөнгөөр амжилтыг худалдаж авч чадах уу? Богино хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг үзэх гэж олон оддыг нэг дор цуглуулан, амжилт шаардах нь хэр зүйтэй хэрэг вэ? Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйлийг нэрлэ гэвэл ядаж спортын талбарт бид юуг дурьдаж болох бол? Бид асуултын хариуг танд нээлттэй үлдээе. Та юу гэж бодож байгаагаа, энэ судалгааны үр дүнгийн талаарх сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай.
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Энэхүү нийтлэлийг бичсэн Ч.Алтан-Өлзий нь CSPORTS.mn сайтыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 2010 оны 3-р сараас хойш нийтлэл бичиж байгаа юм. Үүнээс гадна тэрээр 2012 оны Лондоны Олимпийн наадам, 2014 оны ДАШТ-ий сонгон шалгаруулах тоглолтуудыг UBS телевизийн дэлгэцээр тайлбарлан хүргэж байсан туршлагатай. Челси клубын дэмжигч.