Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Песков: Путинд олон нийтийн сүлжээнд аккаунт нээх хэрэг байхгүй, түүнд гар утас байдаггүй

Б.Ууган, iKon.mn
2014 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков саяхан ТВЦ сувгийн “Мэдэх эрхтэй” нэвтрүүлэгт оролцон ерөнхийлөгчийнхөө тухай сонин хачныг үзэгчдэд дуулгажээ. 

В.Путин олон нийтийн сүлжээнд аккаунт нээх шаардлага огт байдаггүй, учир нь тэрбээр үзэл бодлоо хүргэхэд ямар нэг асуудалтай учирдаггүй гэнэ.

Энэ тухай Песков хариулахдаа “Ерөнхийлөгч олон нийтийн сүлжээнд орохгүй л болов уу? Түүнд одоогоор ийм шаардлага байхгүй. Учир нь түүнд өөрийн үзэл бодлыг хүн амд хүргэхэд ямар нэг хүндрэл гардаггүй учраас тэр шүү дээ” хэмээжээ. 

Түүнчлэн Путин мессеж бичихдээ хэзээ ч “смайл” буюу инээмсэглсэн дүрс ашигладаггүй, ер нь л гар утаснаас илүүтэйгээр харилцах өөр төрлүүдийг илүүд үздэг гэнэ.

Тиймдээ ч В.Путинд өөрийн гэсэн гар утас байдаггүй аж. Гэхдээ интернэт ашиглаж, сонин уншдаг, тэр дундаа өөрийнхөө тухай мэдээллүүдийг хэвлэл мэдээллээс олж уншдаг гэнэ.

Харин өөрийнх нь зургийг эвлүүлэн янз бүрийн хошин зураг болгосон байгааг олж хардаг эсэх талаар асуултанд “Ерөнхийлөгч заримдаа ийм зурагнуудыг хараад инээгээд өнгөрдөг бол заримдаа инээдтэй юм юу ч алга гэдэг” хэмээн Песков хариулжээ. 

Ерөнхийлөгчийн ганцаардлын тухай 

Владимир Путин ганцаардмал, гэхдээ бахархаж болохуйц найзуудтай гэж Песков нэвтрүүлгийн үеэр хэлжээ. “Ямар ч улстөрч ганцаардмал байдаг. Саяхан хориг арга хэмжээнүүд авагдах үед л түүний найз нөхөд жинхэнэ чанараа харуулсан.

Путин найзуудаараа бахархаж байгаагаа хэлж байлаа. Тиймээс түүнийг маш сайн найзуудтай ганцаардмал улстөрч гэж хэлж болно” хэмээн Песков хариулсан байна. 

В.Путины ажлын хуваарь 

В.Путиний ажлын өдөр нь өглөө 08.00 цагт сайд нартай утсаар холбогдохоос эхэлдэг

Оросын Ерөнхийлөгчийн ажлын өдөр нь өглөө 08.00 цагт сайд нартай утсаар холбогдохоос эхэлдэг байна. Харин үд дундын үед олны өмнө гарч ирдэг аж. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Песковын хувьд гэвэл тогтсон ажлын цаг гэж байхгүй, өдөр бүр л Ерөнхийлөгчийн дараа өдрийн ажлын хуваарь, хөтөлбөрийг бэлтгэх шаардлагатай, томилолтоор явах тохиолдол байсхийгээд л хоёроос гурван долоо хоногоор үргэлжилдэг гэнэ. 

Путин телевизийн сувгууд үздэг, зөвхөн Оросын гэлтгүй барууны , тэр дундаа ХБНГУ-ын телевизүүдийг ихээр үздэг гэнэ. Крымд үүссэн нөхцөл байдлын тухай оросуудын өмнө үг хэлэхдээ хэн нэгнээр бэлдүүлсэн үг уншсан гэж хардах хүн цөөнгүй байсан. Харин Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчийн өгүүлснээр Путин өөрөө энэ үгээ бэлдэж, өөрөө найруулж зассан гэнэ. 

Ерөнхийлөгч төлөөлөгчөө тамхинаас гаргажээ 

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Песков Путины ачаар тамхиа хаяж, спортоор хичээллэх болжээ. Харин Ерөнхийлөгчийн таашаадаг кино, ном зохиолын талаар гэвэл Путин шинээр гарч байгаа кинонуудыг үзэх дуртай бол түүхэн ном сонгон уншдаг гэнэ. 

"Тэр маш сайн түүхч. Яг энэ тал дээр түүнтэй ярихад хэцүү шүү. Заримдаа түүхэн огноо, баримтуудыг санахгүй байх үе гарна. Тэгээд л өөрийгөө ийм боловсролгүй байгаад ичих хэрэг гарна шүү дээ” гэж Песков өгүүлжээ.

Харин ерөнхийлөгчийн төлөөлөгч өөрөө энгийн л хүмүүсийн адилаар янз бүрийн ном унших дуртай ч өдөрт хэдэн арван сонин сэтгүүл шагайж, мэдээлэл бэлтгэх, тойм гаргах шаардлагатай тул ном уншаад суух ямар ч зав гардаггүй гэнэ. Харин тэрбээр ядаргаагаа спортор тайлж, Путины ачаар тамхиа хаяж спортоор хичээллэх болсон тухайгаа ярьжээ.

Ерөнхийлөгч В.Путин заримдаа тамхины үнэрт тун таагүй ханддаг гэнэ. Тиймдээ ч засгийн газрын зарим тамхи татдаг гишүүдийг өөр дээр нь ирэхэд муухай үнэртэй байгааг нь нүүрэн дээр хэлж орхидог аж. Тиймээс Путины энэхүү тамхийг үзэн яддаг жишээг Песков авч, тамхиа хаяад долоон жил болж байгаагийн дээр өдөрт гүйж, зааланд бэлтгэл хийж биеэ чийрэгжүүлдэг гэнэ.