Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

В.Путины бага нас

Б.Ууган, iKon.mn
2014 оны 3 сарын 24
iKon.MN
Путинд герман хэл заадаг байсан багш Вера Гуревич

Владимир Путин ямархуу ерөнхийлөгч вэ гэдгийг оросуудын ихэнх нь мэднэ. Харин багадаа ямар хүүхэд байсныг тэр бүр мэдэхгүй. Харин Путинд герман хэл заадаг байсан Вера Гуревич хамгийн алдартай шавийнхаа талаар “НВ” агентлагд ийнхүү ярилцлага өгчээ. Тэрбээр “Ирээдүйн ерөнхийлөгчийн тухай дурсамж”, “Владимир Путин. Гэр бүл. Найз нөхөд. Багш нар” нэртэй хоёр ном хэвлүүлж байсан юм.

-Вера Дмитриевна, та Владимира Владимировичийн хувь тавиланд нөлөөлсөн гэж боддог уу?

-Хэлэхэд хэцүү л юм. Ямар нэг зүйлд нь нөлөөлсөн л байх. Володя анхандаа миний хичээллүүлдэг дугуйланд явж, юм бүгдийг түргэн сурдаг байсан ч гэсэн герман хэлээр хичээллэхэд нэг их дуртай байгаагүй. Тэр багаасаа л хэлний авьяастай, гайхалтай ой тогтоолттой хүүхэд байсан юм. Нэгэн удаа тэр над дээр ирээд герман хэл дайснуудын хэл учраас сурмааргүй байна гэж хэлсэн. Тэр тусам нь сурах ёстой гэж хэлж байлаа.

Тэр гайхалтай өмгөөлөгч болж болох байсан. Учир нь тэр багаасаа л хүмүүсийг өмгөөлж хамгаалдаг, аливаа нөхцөлд үргэлж шударга шийдлийг эрж хайдаг байв.

“Дахиад дайн тулаан боллоо гэж бодоё. Тэгэхэд чи дайсныхаа хэлийг мэддэг байх юм бол өөртөө төдийгүй улс орондоо туслаж чадна” гэж хэлэхэд хэсэг бодлогширсон. “Чи Герман ард түмний түүх, энэ үндэсний агуу хүмүүс дэлхий ертөнцөд ямар их хувь нэмэр оруулсныг мэдсэн үү” гэж асуухад “мэдэхгүй” гэж хариулж байлаа. Ингээд л герман хэл сурахыг зөвшөөрч байсан юм. Бидэнд тохиолддог байсан олон зүйлсийн ердөө л нэг нь энэ. Володя тийм ч амар хүүхэд байгаагүй шүү.

-Тийм гэж үү?

-Тиймээ, Володя тогтож суудаггүй хүүхэд байсан юм. Хэдэн тийшээ л үсчиж өгнө. Нэг харахад гадаа хэн нэгэнтэй яриад л дахиад нэг харахад музей руу гүйгээд л . Найзуудынх нь дунд сайн ч хүүхдүүд, болж бүтэхгүй хүүхдүүд ч байдаг байлаа. “Чи амьдралаас юуг илүүд үздэг вэ?” гэж нэгэн удаа асуухад “Янз бүрийн хүмүүсийг ажиглаж, амьдралын олон талыг таньж мэдэх дуртай” гэж хариулж байлаа.

Өөрөөр хэлбэл 12-13 настайдаа л амьдралыг олон талаас нь таньж мэдэж, дүгнэж байсан гэсэн үг. Гэхдээ үүний зэрэгцээ зохион байгуулалт муутай хүүхэд байсан, тиймдээ ч би түүнийг спортоор хичээллэхийг зөвлөж байсан юм.

-Тэгэхээр Путин таны зөвлөгөөг дагаж жүдогоор хичээллэсэн байх нь ээ?

-Анхандаа Володя боксын секцэнд явах болсон. Гэтэл нэгэн удаа тэр “нармайгаа нээлгэснээс” болоод өөр спорт сонгохоор шийдсэн юм. Түүний дасгалжуулагч нь Анатолий Семенович Рахлин хэмээх гайхалтай багш байлаа. Дасгалжуулагч бид хоёр Володягийн асар их буцласан эрч хүчийг тогтоон барихын тулд хоёр талаас нь ажиллана гэж тохиролцож байлаа. Ингээд л Володя муу зүйл хийх цаг боломжгүй болсон доо. 

В.Путин

-Путин  ангидаа тэргүүлэгч хүүхэд байсан уу?

-Яг тийм гээд хариулчихаж болохгүй юм. Нэг талаас хүүхдүүд түүнээс лидерийн шинжийг мэдэрдэг байсан. Ангиараа шийдэх асуудал дээр хүүхдүүд түүнээс дэмжлэг авдаг байсан юм. Ер нь Путины ангийнхан нэг тийм онцгой, эв найрамдалтай анги байсан юм. Тиймдээ ч энэ ангийн хүүхдүүд миний хувьд хамгийн дотно хэвээр үлдсэн. Володя миний сурагч байхаа больсноос хойш бид хоёр илүү холбоотой байх болсон. Өмнө нь би түүнд нэг их анхаарал хандуулж байсангүй, ер нь ч хайртай шавь гэж байгаагүй. Тэр есдүгээр ангид элсэн өөр сургуульд ороход \манайх найман жилийн сургалттай байлаа\ Володягийн санаачилгаар бид нэмэлт хичээл хийх болсон.

Зөвхөн герман хэл төдийгүй, уран зохиол, түүх судалдаг байлаа. Бид найзууд болсон. Эцэг эх нь үүнийг мэдээд, надад яг охин шигээ л ханддаг байлаа. Володягийн аав ээж надаас ахимаг байсан л даа. Володяг ээж нь 42 настайдаа гаргасан, харин надтай чацуу том хүү нь дайнаас өмнө нас барж, харин хоёр дахь хүүхэд нь бүслэлтийн үед амиа алдсан юм билээ. Ижил сонирхолтой, амьдрал нь төстэй, мөн Володяд анхаарлаа хандуулдаг байсан зэрэг нь намайг тэдний гэр бүлтэй ойртуулж өгсөн.

-Тэдний гэр бүлийн уур амьсгал ямар байсан бэ?

-Аав нь голлох үүрэг гүйцэтгэдэг. Заримдаа гэрийн эзэн нь хэн бэ гэдгийг ойлгуулахын тулд ширээ шаах нь ч энүүхэнд. Гэхдээ ховорхон л доо, Владимир Спиридонович өөрийнх нь зуун хувь зөв гэж бодсон үедээ л ийм зан гаргадаг байсан юм. Тэр ухаантай, шударга хүн байсан болохоороо бусдын санаа бодлыг сонсдог байсан.

Харин Володягийн ээж нь бүхий л зүйлээ хүүдээ зориулсан энгийн л эмэгтэй байсан юм. Тэр Намын байгууллагын нарийн бичгийн дарга байсан нөхрөөсөө нууцаар хүүгээ загалмайлуулж байлаа. Мария Ивановна надтай нийлэн эмэгтэйчүүдийн нууц яриа дэлгэж, гэр бүлийнхээ  сонирхолтой түүхүүдийг ярьж өгдөг байсан юм. Тэгэхэд Володяг ерөнхийлөгч болно гэж мэдэж байсан бол ч... Гэхдээ тэр үед юу ч бичиж аваагүй, дотроо л номоо бичиж байлаа.

-Та ном гаргах гэж байгаа талаараа Владимир Путинтай зөвлөлдөж байсан уу? 

-“Вера Дмитриевна, та бич, би өөрөөсөө илүүтэй танд итгэж байна” гэж Володя хэлж байлаа. Харин дараа нь дурсамжийн номыг уншчихаад намайг ой сайтайг гайхан “Олон зүйлийг огт санахгүй байна” гэж хэлж байсан юм.

- Харин та шавийнхаа ирээдүйг хэрхэн төсөөлдөг байсан бэ?

-Тэр гайхалтай өмгөөлөгч болж болох байсан. Учир нь тэр багаасаа л хүмүүсийг өмгөөлж хамгаалдаг, аливаа нөхцөлд үргэлж шударга шийдлийг эрж хайдаг байлаа. Би ч түүнээр нэгэнтээ өмгөөлүүлж байлаа. Тэдний ангийнхантай нэг их удаан ажиллаагүй байх үед жирэмсний амралтаа авч, тэр хооронд ангийг өөр багш удирдаж байлаа. Ангийнхантайгаа нөхөрлөж ойртож, нэгэндээ дасаж ч амжаагүй байгаад жилийн дараа эргэн ирэхэд хүүхдүүд их хөндий угтсан. Үг бүрийг минь эсэргүүцээд л. Харин Путины үгэнд бүгд орцгоосон доо.

Владимир Владимирович Путин сайхан сэтгэлтэй хүн.

-Сөргөлдөөнтэй үе байсан л байх даа?

-Мэдээж байлгүй яах вэ. Нэгэн удаа манай ангийн жижүүрлэх ээлж миний төрсөн өдөртэй давхцаж таарсан юм. Хүүхдүүд намайг яаж баярлуулах вэ гэж хоорондоо ярилцаад жижүүрээ мартцгааж л дээ. Харин жижүүр ангийнхан эргүүлийн хэсэг дээрээ байхгүй байгааг би хараад уур хүрээд анги руугаа ороход хүүхдүүд баяртай нь аргагүй гүйлдэж ирээд сарнайн баглаа, “Руслан Людмила хоёр” гээд томоос том хайрцагтай чихэр өгч байсан юм. Би ч уурандаа тэдний энэ бэлэг хэрэггүй, жижүүр хийгээгүй гэж шийтгэнэ гэлээ.

Харин энэ үед Володя “Бидний бэлэг хэрэггүй гэнэ ээ” гэж хэлэнгүүтээ, цонх онгойлгон цэцэг чихэр хоёрыг шидчихсэн. Өөрийгөө тэвчээргүй гээд хэсэг зэмлэсэн дээ. Дараа нь бид эвлэрч, нэг нэгнээсээ уучлал гуйсан юм. Би буруугаа хүлээсэн, би тийм зан гаргах хэрэггүй л байсан юм.

- Одоо Владимир Путинтай уулздаг уу? 
– Одоо ховорхон уулздаг. Володяд хүнд байгааг сайн ойлгож байна. Тухайн үед ямар улс орныг хүлээж авч байсныг мартах ёсгүй. Тэр 12 жилийн туршид энэ улс орныг удирдаж байна. Мэдээж алдаа оноогүй зүйл гэж байхгүй.

- Та одоо багшийн хувиар Владимир Владимировичд зөвлөгөө өгдөг үү?

-Ахуйн зөвлөгөө бол болно шүү дээ. Би түүнийг Ерөнхийлөгч биш өөрийнхөө шавь гэж харсан хэвээр байгаа. Ер нь би түүний өмнөөс их санаа зовдог. Түүнийг ямар ч үндэслэлгүйгээр, шударга бусаар шүүмжилж, буруушаахыг сонсох хэцүү байдаг. Владимир Владимирович Путин сайхан сэтгэлтэй хүн байсан тэр ч хэвээрээ үлдэх болно гэдгийг хэлмээр байна.