Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

В.Путин : Яагаад АНУ нь Афганистан, Ливи, Югославт эрх ашгаа хамгаалж болдог, ОХУ болдоггүй юм бэ?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр телевизийн шууд эфирээр олон нийттэй ярилцдаг. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 25-нд болсон ярилцлага нь таван цаг орчим үргэлжилж нийтдээ 85 асуултанд хариулсан юм. Тэгэхэд Оросын телевиз үзэгчдийн 49 хувь нь шууд ярилцлагыг үзсэн гэдэг.

Энэ удаад нийт хоёр сая орчим асуулт хүлээж авсан гэнэ. Эдгээрээс товчлон хүргэж байна.

Украйны дорнод хэсэгт болж буй үйл явдлын тухай:

“Зүүн хэсэгт хүмүүс түгшиж байна. Энэ нь үндсэрхэг үзэлтнүүд Орос хэлийг хэрэглэхгүй болгох гэснээс үүдэлтэй. Харилцааг зохицуулахын оронд Киев олигархуудыг илгээлээ.

Мэдээж энэ нь бухимдал бий болгосон. Тиймээс хүмүүс дундаас лидерүүд тодорч дуугарч эхэлсэн. Харин эрх баригчид яав? Тэднийг нь шорон руу илгээлээ” гээд Путин Женевт болох хэлэлцээрт найдлага тавьж байгаагаа илэрхийллээ.

Дорнод Украйнд болж байгаа үйл явдалд Оросын оролцооны талаар:

“Энэ бол утгагүй хардлага. Дорнод Украйнд ямар ч Оросын анги нэгтгэл байхгүй, тэд зөвхөн Украйны иргэд. Баталгаа нь тэд багаа авч хаясан шүү дээ. Тэд бол энэ газар нутгийн эзэд, тэндээсээ хэзээ ч холдохгүй.”

Крымийн асуудлаар шийдвэр гаргахад ямар байсан, дотооддоо ямар нэг эсэргүүцэлтэй тулгарсан эсэх талаар:

Хамгийн гол нь Орос хэлтэн иргэдэд үнэхээр бодитой аюул занал тулгарсан эсэх байлаа. Тэр шалтгаан л биднийг ингэхэд хүргэсэн. Түүнээс биш ОХУ-д өмнө нь Крымийг нэгтгэх төлөвлөгөө байгаагүй… Аюулгүйн зөвлөлийн гишүүдээс хэн ч шийдвэр гаргахад эргэлзээгүй. Бүгд намайг дэмжсэн.”

Крымийн санал асуулгын тухайд:

Юуг ч урьдчилж бэлдээгүй, бүх зүйл үүссэн нөхцөл байдлын дагуу  урсгалаараа явагдсан. Гэхдээ мэргэжлийн өндөр түвшинд. Бидний үүрэг цэргийн ажиллагаа явуулах биш, харин иргэдийн аюулгүй байдлыг хангахад оршиж байлаа. Бид үүнийгээ гүйцэтгэсэн. Крымчүүдийн хүсэл зорилгогүйгээр энэ бүхэн болохгүй байлаа. Тиймээс би сүүлчийн мөч хүртэл санал асуулгын үр дүнг хүлээсэн.”

Севастополь дахь Хар тэнгисийн флот, цэргийн баазын хувь заяаны тухайд:

“Бидэнд Украйнтай хийсэн флотыг шинэчлэх тухай гэрээ бий. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд саад болж байсан том асуудал байсан. Харин одоо ийм асуудал байхгүй болсон гэж найдаж байна…Бид Крым дэх энэ чадавхиа улам хүчирхэгжүүлэх болно.

Крымийн эдийн засгийг хөгжүүлэх тухайд:

Крым бол зөвхөн аялал жуулчлал, амралтын газар биш. ОХУ энд тодорхой аж ахуйн салбарууд, тухайлбал хөлөг онгоц үйлдвэрлэл, усан боомт, хөдөө аж ахуйг хөгжүүлэх болно. 1990-ээс 2013 онд Крымийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 60 хувь унасан. Мөн хүмүүст чиглэсэн амралт сувилал, асрамжийн үйлчилгээний салбаруудыг хөгжүүлнэ…Хөгжлийг түргэсгэхийн тулд Крым болон Севастопольд Оросын капитал орж ирэх сонирхол төрүүлэхүйц чөлөөт эдийн засгийн бүс байгуулах болно.”

Крымийн өвөрмөц онцлогоо алдах аюулын тухайд:

“Тэнд аль хэдийн том хашаатай орд харшууд борооны дараах мөөг шиг баригдаад эхэлсэн байгаа. Гэхдээ бүгд олигархуудын мэдлийнх шүү.”

Крымийн санал асуулгын үеэр хамгаалалтанд байсан багтай цэргүүдийн тухайд:

“Би нэг биш удаа тайлбарласан. Бидний үүрэг бол Крымчүүдийн чөлөөтэй үгээ хэлэх боломжийг хангах байсан. Өнөөдрийн дорнод Украйнд үүссэн шиг нөхцөл байдал үүсгэхгүй байх алхмыг хийсэн юм. Тиймээс Крымийн өөрийгөө хамгаалах хүчний ар талд мэдээж манай цэргүүд байсан. Тэд үүргээ сайн гүйцэтгэлээ. Ингэхгүйгээр нээлттэй, шударга санал асуулга явуулах боломжгүй байлаа. Тэнд манай 20,000 гаруй сайтар зэвсэглэсэн цэргүүд байсан. Хүмүүсийг л хамгаалахын тулд шүү дээ.”

Чилийн ерөнхийлөгч Сальвадор Альенде эцсээ хүртэл тэмцэж гартаа автоматтай нас эцэслэсэн түүхийг Януковичийн зугтсантай харьцуулж болох эсэх тухайд:

“Би түүнийг оргосон гэж бодохгүй байна. Тэр зүгээр л орон нутагт зорчиж байсан…Харин радикалууд энэ хойгуур Януковичтэй байгуулсан гэрээгээ зөрчсөн. Сонгодог утгаараа төрийн эргэлт болсон.

Хятадтай харилцаа зузаарч байгаа болон тэдэнтэй цэрэг, улс төрийн холбоо үүсгэх боломжийн тухайд:

"Хятадтай харилцаа амжилттай хөгжиж түүхэн дээд хэмжээндээ хүрээд байна" В.ПУТИН

Хятадтай харилцаа амжилттай хөгжиж түүхэн дээд хэмжээндээ хүрээд байна. Гэхдээ бид цэрэг, улс төрийн холбоо үүсгэх тухай асуудал ярьдаггүй. Ийм холбоо байгуулах хэрэгцээ түүх болж үлдсэн. Зөвхөн ЗХУ-ын эсрэг зогсохын тулд л анх бий болж байлаа. Сүүлд ЗХУ ийм холбооноос татгалзсан бол НАТО л хэвээрээ үлдсэн. Тэдний цэргийн тусламж үзүүлэх тухай тавдугаар заалт одоо болтол хүчинтэй байгаа.”

Дорнод Украйнд цэрэг оруулах боломжийн тухайд:

“Бид сэтгэлийн хөдөлгөөнөөр бус бодит байдалд тулгуурлаж шийдвэр гаргах хэрэгтэй. Үндэстнүүдийн харьцаа энэ бүс нутагт Крымийнхээс өөр. Ойролцоогоор 50:50. Би өмнө нь ч хэлж байсан, Крымийг буцааж авах шийдвэр санал асуулгын дүн дээр үндэслэж гарсан. Бидэнд өөр зам байгаагүй. Харин энэ бүсэд хандлага ямар байгааг сайн мэдэхгүй байна. Гэхдээ бид энэ хүмүүст эрхээ хамгаалахад нь туслах ёстойгоо л мэдэж байна.”

Приднестрийн бүс нутгийн асуудалд ямар байр суурьтай байгаа талаар:

“Тэнд олон тооны Орос иргэд амьдардаг. Ардчилсан дэг ёсоор бол тэдний юу хүсч байгааг нь бид гүйцэлдүүлэх ёстой. Молдов болон Украйнтай яриа хэлэлцээр эхлүүлэх хэрэгтэй байна. Эцсийн дүндээ Украйны үндсэрхэг үзэлтнүүдийн тэнд бий болгоод байгаа хориг хаалтыг авч хаях нь чухал.

Цаг алдалгүйгээр Украйны ерөнхийлөгчөөр сонгогдох магадлалтай бүх талуудтай яриа хэлэлцээр эхлүүлж болох эсэх тухайд:

“Бид сайд нарын түвшинд харилцахаас татгалзаж байгаагүй. Асуудлын гол нь тэнд хууль ёсны засаглал бий болоогүй байна. Одоогийн үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгч нь амьд сэрүүн, үүргээ гүйцэтгэж байхад шинэ ерөнхийлөгчийг сонгож болохгүй. Өнөөдрийн ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийн тухайд, Порошенкогийн ихэнх бизнес Орост байдаг, Тимошенкотой би сайн танил. Ерөнхийдөө эдгээр хүмүүстэй хэнтэй нь ч ажиллахад асуудалгүй.

НАТО-гийн тэлэлтийн тухайд:

“Бид бодит байдлыг харах хэрэгтэй байна. Германыг нэгтгэх үеэр НАТО дорно зүгт тэлэхгүй гэдгээ бидэнд амлаж байсан ч дараа нь тэлж эхэлсэн. Крымийг нэгтгэсэн нэг шалтгаан нь хэзээ нэг өдөр Украйн НАТО-д элсчихвэл Оросыг Хар далайгаас шахах эрсдэл байлаа. Үнэндээ Европ дахь Америкийн пуужингууд нь хамгаалах гэхээсээ илүү довтолгооны зориулалттай​ гэдгийг санах хэрэгтэй юм.”

Крымийн татаруудыг цагаатгах тухайд:

“Бид Крымийн татар иргэдийн эрхийг сэргээхэд өөрөөсөө хамаарах бүхнийг хийх ёстой. Яг одоо бид Крымийн татаруудыг цагаатгах зарлиг бэлдэж байгаа.

Орос Америкийн алдагдсан итгэлцлийг хэрхэн сэргээх тухайд:

“Хариулт энгийн. Итгэлцэл маш ихээр алдагдсаныг хүлээн зөвшөөрч байна. Бид бурууг өөрөөсөө хайхгүй байгаа. Хоёрдмол стандарт биднийг үргэлж гонсойлгодог. Яагаад АНУ нь Афганистан, Ливи, Югославт эрх ашгаа хамгаалж болдог, ОХУ болдоггүй юм бэ? Энгийн хүмүүс ийм хоёр нүүр гаргаж байгааг харж байна. Тиймээс итгэлцлийг нэмэгдүүлэхийн тулд бид нэг хэлээр харьцаж, дэлхийн улс төрөөс хоёрдмол стандартыг, худлаа ярихыг хасах хэрэгтэй.

Эдуард Сноудены ОХУ-д иргэдийг тагнаж чагнах явдал байдаг эсэх талаар асуусан асуултад:

“Та бол тагнуулч байсан хүн, би ч гэсэн өмнө нь тийм ажил хийдэг байсан…Тиймээс мэргэжлийн хэлээр ярья. Манайд тусгай тагнах төхөөрөмжүүдийг ашиглахад хатуу зохицуулалт байдаг. Тодорхой нэг хүн дээр ашиглах бол хуулийн байгууллагаас зөвшөөрөл авна. Нийтээр нь тагнах явдал манайд байхгүй, байх ч үгүй. Үүнд зориулах техник хэрэгсэл, мөнгө ч бидэнд байхгүй.”

Хэзээ гэрлэх тухайд:

“Хуучин эхнэрээ нөхөрт гарсны дараа бодъё”

Үзэх дуртай кино:

“Чапаев”