Уншиж байна ...

"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, $14.5 саяын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"

Б.Манлай
2024 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагаас “Ачит Ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар өнөөдөр/2024.04.25/ хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө. Уг мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд өгч буйг тодотголоо.

ЦЕГ-ын ХМОНХХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь “Ачит Ихт” компанитай балансын бус хүдрийг ашигласны төлбөрт тус компанийн 34%-ийг эзэмшихээр гэрээг 2013 оны долоодугаар сарын 17-нд байгуулсан байдаг. 

Улмаар 2015 оны зургаадугаар сарын 26-нд дээрх гэрээнд өөрчлөлт орж, “Ачит Ихт” компанид "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 34%-ийг бүрэн шилжүүлжээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Ачит Ихт” компани 2009 онд анх үүсгэн байгуулагдсан. Тус компанийн хувьцаа эзэмшигч нарын мэдээллийг шалгахад "Степпкупер", "Цаглавар" гэж хоёр компани байдаг.

"Степпкупер" компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсан, дөрвөн хувьцаа эзэмшигчтэй. Тус компанийн 24.5%-ийг Монгол Улсын иргэн Эрдэнэцэцэг, 25.5%-ийг түүний нөхөр П.Цагаан гэж хүн, 24.5%, 25.5%-ийг хүүхдүүд болох Ц.Мөнхтүвшин, Ц.Намуундарь нар эзэмшдэг байна.

“Ачит Ихт” компанийн 22%-ийг "Цаглавар" гэж компани эзэмшдэг, тус компани 2016 онд байгуулагдсан. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Монгол Улсын иргэн Өлзийжаргал гэж хүн ажилладаг. "Цаглавар" компанийн эзэмшлийг шалгахад "Степпкупер" компанийн 24.5%-ийг эзэмшигч иргэн Эрдэнэцэцэг 100% эзэмшдэг нь УБЕГ-ын мэдээллээр тогтдог.

"Цаглавар" компанийн гүйцэтгэх захирал Өлзийжаргал нь "Степпкупер" компанийн ерөнхий нягтлан бодогчоор давхар ажилладаг. “Ачит Ихт” компанийг бүхэлдээ П.Цагаан болон түүний эхнэр Эрдэнэцэцэг, гэр бүлийн гишүүд эзэмшдэг мэдээлэл байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эдгээр мэдээллийг УБЕГ-ын Open Data-гаас харж болно.

“Ачит Ихт” компанийн 22%-ийг эзэмшдэг "Цаглавар" компани 2016 онд уул, уурхайн зөвлөгөө өгөх чиглэлээр байгуулагдсан. Тус ААН нь “Ачит Ихт” компанийн 22%-ийн ногдол ашиг авахаас өөр төрлийн үйл ажиллагаа явуулаагүй. 

"Цаглавар" компанийн арилжааны банкны топ дансанд 13.6 сая доллар орсон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоод байгаа.

“Ачит Ихт” компани 2014-2021 онд нийт 53,370 тонн зэс буюу тухайн үеийн ханшаар 635 орчим тэрбум төгрөгийн зэсийг Сингапурт бүртгэлтэй "Noble resources" компанид, 2018-2023 онд 41,527 тонн зэсийг тухайн үеийн ханшаар 960 орчим тэрбум төгрөгөөр Сингапурт бүртгэлтэй "Fortune I-Trade PTE" компанид тус тус худалдан борлуулсан байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сингапурт бүртгэлтэй "Fortune I-Trade PTE" компанид 2018-2023 онд 41,527 тонн зэсийг худалдан экспортлохдоо нэг зэс тонн тутамд 330-350 орчим ам.долларын хөнгөлөлт эдлүүлэх нууц гэрээг байгуулж, тус компанид нийт 14.5 сая долларын хөнгөлөлтийг эдлүүлсэн болох нь мэдээллээс харагдаж байна.

"Fortune I-Trade PTE" компанийн бүртгэлийг шалгахад Даяндоржийн Жаргалсайхан гүйцэтгэх захиралтай, Даяндоржийн Эрдэнэцэцэг гэдэг хувьцаа эзэмшигчтэй байна. Даяндоржийн Эрдэнэцэцэг нь “Ачит Ихт” компанийн хувьцаа эзэмшигч. Өөрөөр хэлбэл "Fortune I-Trade PTE", “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй гэсэн үг.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл "Fortune I-Trade PTE", “Ачит Ихт” компаниудын хооронд байгуулсан гэрээгээр нийт 14.5 сая долларын хөнгөлөлт эдлүүлсэн болох нь тогтоогдож байгаа юм. 

"Fortune I-Trade PTE", “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулан 14.5 сая долларын хөнгөлөлт эдэлсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдон, шалгагдаж байна.

Дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар авагдсан баримтын талаарх мэдээллийг танилцуулъя.

Монгол Улсын ерөнхийлөгч буюу төрийн өндөр албан тушаал хашиж байсан Ц.Элбэгдорж, “Ачит Ихт” компанийн хувьцаа эзэмшигч, төрийн өндөр албан тушаал хашиж байсан П.Цагаан нарын хоорондоо харилцсан мэссэж чатыг дэлгэц дээр харуулж байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хэрэгт авагдсан дараагийн баримт нь Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж 2019 оны есдүгээр сарын 10-нд арилжааны банктай долларын хугацаатай хадгаламж болон цахим банкны үйлчилгээ авах гэрээ байгуулсан байдаг. Хугацаатай хадгаламжийн болон цахим банкны үйлчилгээ авах гэрээ байгуулахдаа Ц.Элбэгдорж нь “Ачит Ихт” компанийн хувьцаа эзэмшигч гэж бүртгэгдэж, тухайн өдөртөө гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд дээрх хэргийн талаарх мөрдөн шалгах ажиллагааны явцыг танилцууллаа" гэж ярилаа.

Зургаар оруулсан баримтуудыг хэвлэлийн хурлын үеэр дэлгэц дээр харуулсан юм.