Уншиж байна ...

Дэлхийн хошой аварга Франк Чамисо Бөхийн Нэгдсэн Холбоог "авлигад идэгдсэн" гэж шүүмжлэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Inside The Games

Куба гаралтай итали бөх Франк Чамисо Маркес Азербайжаны нийслэл Баку хотод болсон олимпын эрх олгох тэмцээний хагас шигшээд нутгийн тамирчин Туран Байрамовт ялагдсаныхаа дараа Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (UWW)-г "авлигад идэгдсэн" гэж шүүмжилжээ. 

Чамисо хагас шигшээгийн барилдаандаа 0:6-гаар хожигдож эхлүүлсэн ч хоёрдугаар үед тооны харьцааг 8:8 болгосон. Улмаар цаг дуусахтай зэрэгцэн Чамисо өрсөлдөгчийнхөө ард гарснаар дэвжээний шүүгч оноо зааж итали эр 8:10-аар ялалт байгуулсан. 

Гэвч Азербайжаны тал чалленж авснаар шүүгчид бичлэг үзсэн. Чөлөөт бөхийн дүрэмд өрсөлдөгч нь ард нь гарах үед өвдгөөрөө нугарсан бол хоёр оноо өгөх учиртай. Тиймээс дэвжээний шүүгч оноо заасан ч бичлэг үзсэн ерөнхий шүүгч оноог буцааснаар 8:8-аар тэнцэж, онооны чанараар Т.Байрамовт ялалт өгчээ. 

Барилдааны дараа Италийн тал эсэргүүцэл бичсэн ч тус болоогүй аж.

Үүний дараа Чамисо өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Чөлөөт бөх гэдэг гайхамшигтай спортод ийм зүйл болсонд харамсаж байна. Энэ бол авлигад идэгдсэн хүмүүсийн хийсэн зүйл" гэж бичжээ. 

Түүнтэй ижил бодолтой байгаагаа чөлөөт бөхийн олон алдартан мэдэгджээ. Тухайлбал дэлхийн гурван удаагийн алттай Германы Франк Стаеблер, олимпын хүрэл медальт Сан Мариногийн Майлс Амин, дэлхийн мөнгөн медальт Узбекистаны Рустам Ассакалов, Риогийн олимпын аварга Хелен Мароуллис, Токиогийн олимпын аварга Луис Орта Санчес нар Чамисотой ижил бодолтой байгаагаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Inside The Games