Уншиж байна ...

ПАРИС 2024: Олимпын наадмын нээлтийн үеэр агаарын орон зайг хязгаарлана

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Inside The Games

Францын дотоод хэргийн сайд Жералд Дарманин "Parisien" сэтгүүлд өгсөн ярилцлага өнгөрсөн Даваа гарагт нийтлэгджээ. Уг ярилцлагад "Парис 2024" олимпын аюулгүй байдлыг хангах үед ямар арга хэмжээ авахаа дэлгэрэнгүй тайлбарласан байна.

Тухайлбал олимпын наадмын үеэр 45,000 цагдаа хэв журмыг сахиулна гэдгийг сайд онцолжээ. 300,000 хүн үзэхээр тооцоолж буй нээлтийн ажиллагааны үеэр Сена мөрөн дээгүүр дарвуулт завьтай жагсаал хийхээр төлөвлөсөн учир аюулгүй байдалдаа илүү анхаарах шаардлагатайг ч тэрбээр сануулсан юм.

Мөн олимпын нээлтийн ёслолоос долоо хоногийн өмнө Сена мөрний ойр орчмын замын хөдөлгөөнийг хязгаарлахаа мэдэгдсэн байна. Тодорхой хугацааны дараа зөвхөн тусгай эрхтэй цагдаа, түргэний машин уг замаар зорчих боломжтой болох аж.

Нээлтийн ёслолд олон орны төрийн тэргүүн, удирдах албан тушаалтан ирнэ. Францын Иргэний нисэх хүчний түүхэнд анх удаа агаарын орон зайг нээлтийн ёслол болох 19:00-00:00 цагийн хооронд хаахаар төлөвлөсөн тул ирсэн зочид бүгд Парист "хонох" ёстой болж байна.

Түүнчлэн 50 гаруй орноос 2,500 орчим цагдаа, тусгай ажилтнууд нэмэлт хүч болно гэж сайд ярив. Тэд тухайн улс орны баг, тамирчдаа хамгаалах, ноход ашиглаж хар тамхи, тэсрэх бөмбөг илрүүлэх зарим үед хэлмэрчийн үүрэг гүйцэтгэх аж.

Олимпын наадмын үеэр ажиллах сайн дурын ажилтнууд болон хамгаалалтын ажилтнуудад мөн шалгалт явуулжээ. Ингээд 161 хүнийг хассан байна. Тэдгээрээс 105 нь исламын шашинтай, 35 нь хэт барууны үзэлтэй, 18 нь хэт зүүний үзэлтэй, гурвыг нь гадаадын байгууллагатай холбоотой байж болзошгүй гэж үзжээ.

Эцэст нь хотын иргэдийн эсэргүүцлийн жагсаал гарахыг ч үгүйсгээгүй. Олимпын бамбарыг Франц даяар аялуулах үеэр иргэдээс эсэргүүцэл ирж магадгүйг ч тооцжээ. Олимпын бамбар ирэх сарын 8-наас эхэлж Франц орныг тойрно. Аяллын турш төлөвлөсөн зам дээр ямар нэг асуудал үүсвэл "Б" төлөвлөгөө рүү шилжиж өөр замаар явах юм. 

 

Эх сурвалж: Inside The Games